МАН: Хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.02/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

1. Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол концевци нь төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 сарын 31 хүртэл зогсоох хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэг дахиж хэлэлцээд удахгүй Засгийн газраас өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай дээрх хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

2. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах зүйлс, хууль эрх зүйн хувьд болон санхүүгийн хүрээнд авч шийдвэрлэх асуудлын талаар бүлгийн гишүүдэд танилцуулга мэдээлэл хийлээ.

-ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэл, 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.

-Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд нийт тус төвд 26.503 дуудлага ирснээс хүүхдийн эрх хамгааллын 4.416, бие махбодын хүчирхийлэл 760, бэлгийн хүчирхийлэл 111, сэтгэл санааны хүчирхийлэл 900, үл хайхрах 710, гэр бүлийн харилцааны 677 дуудлага бүртгэгдсэн байна.

Иймд хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.