БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов.

БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг үндсэн чиглэлд авч үзэж, Хөдөө аж ахуй, ойн яам, түүний харьяа Ойн ерөнхий газар болон Ойн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Истанбул хотын Ойн газар нь 1839 онд байгуулагдсан бөгөөд тус хотын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг эзлэх ой бүхий талбайг хариуцдаг юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарыг сэргээн хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, технологийг боловсронгуй болгох, Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байгаагаа онцлов.

Талууд энэ чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал нэгдэж, хоёр талын хооронд харилцан айлчлал, солилцоог хэрэгжүүлэхээр ярилцлаа.


 

Истанбул хотын Ойн газраас тус хотын ундны усны эх үүсвэр болох Тэркос нуурыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор хэрэгжүүлсэн ойжуулалтын төслийн талаар танилцуулав. Тус төслийн хүрээнд 1961 оноос бүс нутгийн уур амьсгалд зохицон ургах боломжтой далайн нарс модноос эхлэн тарьж, 1987 он хүртэл 2,102 га талбайг ойжуулсан байна.

Мөн Истанбул хот дахь төрийн өмчийн “Гөктүрк” мод үржүүлгийн газар нь 40 га талбайтай бөгөөд жилд 20 сая тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд энэ жил Истанбул хотын Ойн газраас хоёр сая тарьц, суулгацын захиалга аван ажиллаж байна.

БНТУ нь тарьц, суулгацын жилийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн нийлүүлдэг бөгөөд 2022 онд улсын хэмжээнд 160 сая мод тарихаар төлөвлөж байна. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны зарлигаар Үндэсний ойжуулалтын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулдаг юм.

Түүнчлэн 2008-2018 онд үндэсний ойн хөтөлбөр хэрэгжүүлж, 2 тэрбум гаруй суулгац тарьсан нь 80-аас дээш хувийн үр дүн үзүүлжээ.

БНТУ нь нийт нутаг дэвсгэрт эзлэх ойн хэмжээгээр 2020 онд дэлхийд 26 дугаар байрт жагсаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.