Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд боллоо. 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.

Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хууийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.
 
Товч мэдээ



·      Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Байнгын Ажлын хэсэг байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг даргаар томилж, газар дээр нь хяналт тавьж ажиллахыг үүрэг томиллоо.
·      Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн нийт 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.
·      Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
·      Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэлээ.

Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.