Улаанбадрах хордсон, хордоогүй
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын “Арева” группын харъяа “Арева Монгол” компанийн “Кожеговь” компани ураны хайгуул хийж байгаа билээ. Харин 2012 оны сүүлчээр Дорноговь аймгийн малчдын мал бөөн бөөнөөрөө үхэж эхэлснээс үүдээд ураны асуудал сөхөгдө эхэлсэн. Иргэний хөдөлгөөнүүд энэ асуудлыг дэвэргэж, янз бүр болсон. Харин “Арева Монгол”  компанийн зүгээс эрс үгүйсгэсэн юм. Тэр ч битгий хэл асуудлын мөрөөр Засгийн газраас ажлын хэсэг томилж, ураны хордлого байгаа эсэхийг ч тодруулж байсан билээ. Харин Засгийн газрын томилсон ажлын хэсэг ураны хордлого байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байлаа. Гэвч асуудал одоо болтол намдаагүй байгаа. Малчдын мал хавар болохоор л элдэв амьгүй төл гаргаж, гомдолл үргэлжилсээр байна. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа “Арева” группын охин компани болох“Кожеговь” компанийн асуудлыг хөндөж байна.

“Арева” Улаанбадрахын малыг эрүүлжүүлэхэд 1.3 тэрбум зарцуулна
 
 2014.11 cap: Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн  малчдын мал үхэж, хоёр ч хавар гажигтай төл төрүүлсэн. Харин үүнийг тус сумын нутагт уран хайгуул хийж байгаа “Кожеговь” компаниас болоогүй гэж тодорхойлоод байгаа. Тэгвэл “АРЕВА Монгол” компани өнгөрсөн арваннэгдүгээр сард Дорноговь  аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх, 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй малын эрүүл мэндийг сайжруулах төслийг бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. “АРЕВА Монгол" ХХК, “Кожеговь” ХХК-ний  Ерөнхий захирал Тьерри Плэзант, “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын  хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар “Мал эмнэлгийн үйлчилгээ, малчдын хамтын  санаачилгыг дэмжих” Дорноговь аймгийн Сайншанд хотноо гэрээнд гарын үсэг зурсан.

Ёслол төгөлдөрөор шүү. Тэдний үзэж байгаагаар тус бүс нутагт малын өвчлөлийн асуудал  байсаар ирсэн аж. Үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн малын эрүүл мэндийн асуудлын ойлголттой болж, хянах нь нутгийн малчид болон “АРЕВА Монгол’’компаний хувьд аль алинд  нь нэн чухал юм. Тиймээс дээрхи гэрээний дагуу нэг франц, хоёр монгол малын эмчтэй “Maл эмнэлгийн оролцооны нэгж” (МЭОН) Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай ажиллахаар  болсон аж. Тэд мал эмнэлгийн шууд тусламжийг малчдад үнэгүй  үзүүлж, малын өвчнийг оношилж, шинжилнэ. Малын өвчлөлийн хяналтьш ажлын үр дүнгээ улирал тутам орон нутгийн сонирхогч талуудад танилцуулах юм. Мөн малын эрүүл мэнд, мал аж ахуйн талаархи сургалт малчдын бүлгүүдэд явуулж, орон нутгийн мал эмнэлгүүдийн мэдлэг, чадавхийг сайжруулах зорилгоор тэдэнд тогтвортой дэмжлэг үзүүлэхээр болов.
 
Малчид эсэргүүцлээ илэрхийлж, “Арева”—г нутгаасаа гарахыг шаардлаа

 2014.04 cap: Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Улаанбадрахад ямар ч ураны хордлого байхгүй гэсэн тодорхойлолт  гаргасны дараа асуудал нэг хэсэгтээ л намдсан. Харин 2014 оны хавраас  асуудал дахин хүндэрч эхлэх нь тэр. Учир нь нутгийн иргэд “Кожеговь”  компанийн хээрийн анги руу дайрч, нутгаасаа гарахыг шаардсан юм. Учир нь  “Арева Монгол” компанийн зүгээс нутгийн малчид бидэнтэй  хамтарч ажиллахаар болсон гэсэн худлаа мэдээлэл цацсаны дараа иргэд хээрийн анги руу нь дайрсан юм. Улмаар тэд иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч, тус компанийг Монголоос гарч явахыг шаардаж, өндөг  шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн үхсэн малын төлөө “Арева Монгол” компанийн удирдлагуудад үзүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Ер нь энэ оны хавар Улаанбадрах суманд олон эсэргүүцэл гарч иргэд багагүй бухимдсан.
 
“Арева Монгол”: Бид буруугүй гэдэгтээ итгэлтэй байна
 
2013.04 сар. Улаанбадрах сумын малчид хөдөлгөөнд орж, малчин Д.Норсүрэн гуайн 20 тугал үхсэний дараа “Арева Монгол” компанийн зүгээс албан ёсоор сэтгүүлчдэд хандсан юм. Тухайн хэвлэлийн хурлын үеэр тэд малчин Д.Норсүрэн гуайн 20 тугал үхсэн, элдэв гажигтай төл гарч байгаа нь бидний буруу биш хэмээн мэдэгдсэн. “Арева Монгол” компанийн Геодезийн захирал Эрик Жек хэвлэлийн хурлын үеэр “манай компанийн зүгээс геологийн хайгуул явуулж байгаа болохоос үйлдвэрлэлийн ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. Ураны агуулга багатай газар үйл ажиллагаа явуулж байгаа тул мал хордох шалтгаан болохгүй. Бүх үйл ажиллагаа маань хууль журмын дагуу явагддаг гээд Ерөнхий сайдын хийж буй шалгалтын дүн зөв гарна гэдэгт итгэлтэй байна. Манай компани буруутай үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн ярьж байлаа.
 
“Арева Монгол” эцэстээ хэргээ хүлээв үү
 
Дээр дурьдсан бүхэн “Арева Монгол”-ын охин компани болох “Кожеговь” болон Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдын хооронд өрнөсөн асуудлын нэгээхэн хэсэг нь. Ерөнхийдөө тойм төдий дурьдсан гэхэд болно. Асуудал бол янз бүрээр өрнөсөн. Малчин Д.Норсүрэн гуайн 20 тугал үхсэнээс эхэлсэн уранаас хордсон хордоогүй гэдэг асуудал эдэстээ эсэргүүцэл, цуглаанаар үргэлжилсэн. Мөн Францын Гадаад хэргийн сайд манай улсад ирж, хоёр улсын Засгийн газрын хамтарсан компани хүртэл байгуулж байлаа. Н.Алтанхуяг сайд албаа хашиж байхдаа “Арева” компанитай холбоотой асуудлуудыг цээжээрээ хамгаалсан гээд хэлчихэд буруудахгүй. Ямар ч байсан тухайн үед Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг өчнөөн сая төгрөг үрэн таран хийн байж шинжлэхдээ ямар ч хоргүй гэсэн. Үүнээс үүдэж хардаж дээрх дүгнэлтийг хийгээд байгаа хэрэг. Яах вэ, тухайн үедээ асуудал нэг тийшээ боллоо гэж байсан ч энэ оны хавар дахиад л малчид үгээ хэлж, үсээ зулгааж, нус нулимстайгаа холилдож эхлэв. Учир нь мал гажигтай төл гаргаж, үхсэн хэвээрээ. Ингээд л малчдын хардах, эсэргүүцэх дээд цэгтээ тулсан юм. Гэвч “Арева Монгол” болон “Кожеговь”-ын зүгээс өөрсдийгөө буруугүй хэмээн мэдээлсэн хэвээр байлаа.
 
Тэд энэ хугацаанд зүгээр байгаагүй. Дорноговь аймгийн Сайншанд хотноо элдэв эмнэлэг, лаборатори байгуулж, тоног төхөөрөмж өгсөн. Тэр дунд нь нүд оношлодог төхөөрөмж хүртэл байсан байх шүү. Энэ бүхнээс харахад, гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг л юм болж байсан хэрэг. Дундуур нь иргэний хөдөлгөөний хэдэн нөхөд асуудлыг дэвэргэж, “Кожеговь” компаниас мөнгө төгрөг нэхсэн асуудал гарсан байх. Гэхдээ эдсийн дүндээ мал үхэж, гажигтай төл гарч байгаа нь юунаас болов гэдгийг хэн ч тогтоогоогүй. Бүх зүйл ердөө хардлага төдий л явж байлаа. Гэсэн ч асуудал “Кожеговь” компанийн хайгуултай холбогдоод байсан юм. Малчид өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй гэдгийг ч хэлсэн. Мөн олон гажигтай төл гарч байсан нь тус компанийг буруутгах шалтаг болж байсан билээ. Тийм дээ ч малчид тус компанийг буруутгаж байлаа. Харин “Арева Монгол”- ын зүгээс бүхнийг үгүйсгэж байсан юм.
 
Гэтэл хоёр жил гаруй хугацаанд өрнөсөн энэ асуудлын эцэст буюу өнгөрсөн сард “Арева Монгол” компанийн зүгээс Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд багийн малчдын малыг эрүүлжүүлэхэд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар болов. Энэ үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийж, ард түмэнд зарлав. Тэд чухам ямар өвчин анагааж, эдгээх гээд байна вэ. Улаанбадрах сумын малчдын ярьж байгаагаар өмнө нь хэзээ ч ийм өвчин гарч, гажигтай төл гарч байгаагүй гэдгийг хэлж байгаа. Малчид хэлсэн хэлээгүй хэрвээ сүрхий халдвартай өвчин гараад, мал гажигтай төл гаргаж байсан бол мэдэгдэнэ. Малчин хүмүүс тэгтлээ барин тавин худлаа яриад байхгүй нь тодорхой. Тийм болохоор “Арева Монгол”- ын зүгээс мал эрүүлжүүлэхэд зориулж бүхэл бүтэн 1.3 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь юу өгүүлээд байна вэ. Тэд эцсийн эцэст хэргээ хүлээж, технологийн горим алдсан гэдгээ энэ үйлдлээрээ батлаад байгаа юм биш биз. Тэгээгүй бол яасан гэж 1.3 тэрбум төгрөг/асар их мөнгө/ зарцуулахаар шийдвэрлэв гэж дээ. Эцсийн дүндээ “Кожеговь” компанийн буруутай үйл ажиллагааг “Арева Монгол”-ын удирдлагууд далдуур хүлээн зөвшөөрч, цацраг энэ тэрээ саармагжуулахаар шийдсэн юм биш үү. Өөрөөр хардах өнцөг олдохгүй байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hetsuu boljdee 2014-12-08 18:33:32
    ene ulsad jaahan yum hiie geheer ene turiin bus baiguullaga nertei luivarchid buun mungu saah gej ard tumniig turhiraj suulde dotood uilveruudiig tegej ingej
    103.229.123.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Ene khaygaar orj areva yamar khogiin bol 2014-12-08 13:28:18
    http://www.alternet.org/story/132852/the_french_nuclear_industry_is_bad_enough_in_france%3B_let%27s_not_expand_it_to_the_u.s.?page=0%2C4
    202.72.246.106
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2014-12-08 05:17:15
    hudlaa jujig...
    150.129.143.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-08 02:32:01
    Солиорол хийрхлээ зогсоо. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаад тусалсан бүхнийг хардаж тэнэгтэх хэрэг үү. Хайгуулын үйл ажиллагаанаас болж ийм зүйл болохгүй.
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаанцоож 2014-12-08 01:57:11
    Таамагаа арай эрт хэлж байх шиг ,хөөрхий хэдэн малчин хохиролоо олж авсаны дараа газар нутгаа эрүүлжүүлье.Тэгж байгаад таамаг биш үнэнийг дэлгэж болно биз ,бод...
    122.201.21.68
    Мэдэгдсэн Хариулах