ЭЗБХ:Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
 Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.14) хуралдаан 13 цаг 30 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийхийг Байнгын хорооны дарга  Ж.Ганбаатар танилцууллаа.

    Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасан. Тухайлбал, зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэр Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болж өөрчлөгдсөн. Нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд нэмж тусгалаа. Төслийн 5.1.1 дэх заалтын банкаар дамжуулан олгох гэснийг “банкны эх үүсвэрээр олгох” гэж, 5.1.2 дахь заалтын “хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан” гэснийг “санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд” гэж тус тус гэж өөрчлөх саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн. Төсөлд зарим үг хэллэг, найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно хэмээн танилцуулав.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа болон Хүнс,  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
А.Энхжин нар хариулт өгөв.  

    Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.