“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд өөрчлөлт оруулна
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Улсын хэмжээний үзүүлэлтүүдийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд зургаан пунктээр буюу 14,0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7,7 хувиар өслөө. Орон нутагт 30 хүүхэд, нийслэлд долоон хүүхэд амь насаа алджээ. Амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад долоо хүртэл насны хүүхэд 20 буюу 54,0 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 255 пункт буюу 29,9 хувиар буурсан хэдий ч учирсан хохирол өссөн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Нийслэлд 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсний 62,6 хувь нь эрэгтэй хүүхэд, 37,4 хувь нь эмэгтэй өртсөн гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.

 Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг боловч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.

Улсын хэмжээнд 2014 онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 26,5 хувиар, гэмтсэн хүний тоо 8,0 хувиар өсжээ.

Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батчимэг  нар ажиллаж байгаа аж.
 
Г.Сүрэн
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine