Г.Уянга: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ
 
УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойг хүчтэй шүүмжлэгчдийн  нэг. Тус компани дээр гарч байгаа хууль бус зөрчлүүдийг дэс дараатайгаар баримтаар гаргаж байгаа юм. Мөн тэрбээр өнөөгийн засаг төрийн будлиантай, тогтворгүй байгаа нь 1992 онд баталсан Үндсэн хуулиас болж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсонг хэлж байгаа. Түүнтэй цаг үеийн эдгээр асуудлын талаар ярилцлаа.
 
-Та Монгол Улсын Ерөнхий сайдад Оюутолгойн талаар таван зүйлийн асуулга хүргүүлж байсан. Гэтэл сайд солигдчихлоо. Тэгэхээр асуулгын хариу яах вэ?

- Хэн байх нь хамаагүй. Ерөнхий сайд бол субъект. Тэгэхээр тэнд хэн байхаас үл хамаараад миний асуулгын хариу хуулийн хугацаандаа ирэх ёстой. Монголын төр зогсчихож байгаа юм биш шүү дээ. 

-Асуулгын агуулга нь юу байсан юм бол. Хариу нь ирсэн үү?

-Оюутолгойн хөрөнгө оруулалттай буюу анхны хөрөнгө оруулалтын хэтрэлттэй  холбоотой ажлын хэсэг Засгийн газраас гарсан. Жил гаруй ажилласан. Тэгсэн хэрнээ ажлынхаа тайланг одоо хүртэл танилцуулаагүй байна. Тиймээс энэ танилцуулгын дүнг Засгийн газраас яаж дүгнэж байна вэ, мөн энэ шалгалтын дүнг яагаад төрийн нууцад хамруулав, Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилт гэж яригдаад байгаа зүйлд Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонирхсон. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалт анх яригдсан цагаасаа эхлээд байнга өсөн нэмэгдэж байна. Анх 2.4, тэгээд 2.7 байж байгаад гэрээ байгуулагдах үед 5.1 тэрбум болсон. Энэ өсөн нэмэгдэлтийн учир шалтгааныг асуусан асуулга байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын төслийн техник эдийн засгийн үндэслэлд анхны хөрөнгө оруулалт их зөрүүтэй тусгагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээ дөрвөн тэрбум, ТЭЗҮ 5.1 тэрбум гэсэн байдаг. Тиймээс бид цаашдаа аль тоог нь баримталж явах ёстой юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ мэтчлэн асуух зүйл байна. Засгийн газраас одоог хүртэл хариу ирээгүй. Харин хариулт өгөх хугацаа нь сарын хугацаатай.

-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгасан ажлын хэсгийн тайланг төрийн нууц гэдэг нэрээр нууцалж байгаа. Харин та энэ бол төрийн нууц биш гэдэг?

-Төрийн нууцын тухай хуулийг судалж үзсэн. Энийг төрийн нууцад хамааруулах заалт олж хараагүй. Мөн холбогдох хуулийн хүмүүсээс энэ талаар лавласан. Энэ лавлагааныхаа хариуг харна. Гэхдээ миний итгэл үнэмшил юу вэ гэхээр Оюутолгойн гэрээтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардлуудын 34 хувийг Монголчууд төлж байгаа. Өндөр хүүтэй зээлээр төлж байна. Саяхан 100 гаруй сая ам.долларын төлбөр хийлээ. Бид мөнгө төлөөд байгаа хэрнээ ашгийг нь хүртэж чадахгүй яваад байна. Энэ орд бол үнэхээр баялаг орд уу гэвэл тийм. Нөгөө талаас нь авч үзвэл Оюутолгой бол Монголын олон аж ахуйн нэгжийн  нэг. Тэгэхээр хуулиас гадуур онцгой эрх Оюутолгойд байхгүй. Бид гэрээгээр өгөх ёстой эрхүүдээ өгсөн. Нэг аж ахуйн нэгжийг шалгасан шалгалт төрийн нууцад хамаарах онцгой үндэслэлийг хуулиас олж хараагүй. Хуульчийн нүдээр арай өөр тайлбар өгч магадгүй. Тиймээс лавлагаа явуулсан.

-Хэрвээ хуульч энэ бол төрийн нууц байсан гэвэл та зарим баримтуудыг дэлгэсэн байгаа шүү дээ. Энэ эргээд янз бүрийн хариуцлагад орох юм биш байгаа?

- Монголын ард түмэн мэдэх ёстой зарим зүйлүүдийг дэлгэсэн. Мэдэх ёстой, мэдэх эрх нь байгаа гэсэн материалуудаа дэлгэж байгаа юм.

-Оюутолгойтой холбоотой татварын асуудлыг та юу гэж бодож байгаа вэ. 130 сая ам.доллараас дөнгөж 30 сая ам.долларыг авахаар болсон. 100 сая ам.долларын асуудал хаачсан юм бол?

-Энэ тал дээр дуугарч байгаа хүмүүс цөөдөж байна. Аливаа компани татвартай холбоотой маргаан үүсгэж болно. Үүнийг шийдвэрлэх маргаан таслах зөвлөл гэж байдаг. Мэргэжлийн хүмүүс шалгалт орууллаа. Хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлээгүй хууль зөрчсөн, гарцаагүй татварын акт тавих ёстой зүйл байгааг татварын байцаагч илрүүлээд торгууль  тавьжээ. Харин үүнийг нөгөө тал зөвшөөрөхгүй маргаан үүсгэжээ. Маргаан таслах зөвлөл дээр шийдэгдэж ирсэн бүх хэргүүдийг харах юм бол хамгийн дээд тал нь  22-25 хувийг хүлээн зөвшөөрч, нөгөө гомдлыг хэрэгсэхгүй болгож, бусдыг нь төлүүлдэг журам байдаг юм байна. Өөрөөр хэлбэл татварын байцаагч нар хуулийн дагуу зөв зүйтэй ажилласан байдаг. Би одоо ч гэсэн Оюутолгой дээр ажилласан татварын байцаагчдыг шударгаар ажилласан гэж боддог. Тэд зохих баримтуудыг нэхээд болохгүй болохоор нь хуулийн дагуу акт тавьсан гэж бодож байгаа. Гэтэл маргаан таслах зөвлөл анх удаа бараг 70,80 гаруй хувийг нь хүчингүй болгосон шийдвэр гаргажээ. Ийм тохиолдол анх удаа гарч байна. Үнэхээр харамсалтай. 130 сая ам.долларын 30 саяыг нь байхгүй болгосон бол за нэг ийм зүйл байдаг юм байна гэж ойлгож болно. Харин 100 сая ам.долларыг хүчингүй болгоно гэдэг хүлээн зөвшөөрөхөд их түвэгтэй үндэслэл.  

Өнөөдөр хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна. Орой 16.00 цагаас яваад 20,00 цаг өнгөрөөж тараад хоёр километр алхаж харьж байгаа 8-9 насны хүүхдүүд байна. Замдаа нохойд уруулж байна. Гэртээ харьж чадахгүй айж эмээж байна. Мөн 20 хүүхэд байх ёстой цэцэрлэгт 50,60-уулаа чихэлдээд агаар дутсанаас болоод хүүхэд цэцэрлэгт нас барж байна. Монгол улс ийм байхад яагаад санаа зовохгүй байгаад  Татварын Ерөнхий газрын удирдлагуудад уур хүрч байна. 180 тэрбум төгрөгийг зүв зүгээр суллаад явуулж байдаг ямар арилсан дотортой хүмүүс вэ. Эсвэл  тэр татварын байцаагч ямар ч үндэслэлгүй 130 сая ам.долларын татварын торгууль тавьсан болж таарч байна уу. Хэрвээ ямар ч үндэслэлгүй торгууль тавьсан бол байцаагч хариуцлага хүлээнэ биз. Ямар нэгэн үндэслэл байх ёстой. Гэтэл үнэндээ ямар ч ойлгомжгүй байгаа юм. Энэ бүхэн иргэдийг ихээр бухимдуулж байгаа. Үнэндээ 100 сая ам.доллар Монголын сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүхэлд нь шийдэх мөнгө. Энэ их мөнгийг зүв зүгээр гадны компанид найр тавиад өгнө гэдэг бол дэндүү харамсалтай. Уур хүрэх ч багадна.

-Тэгэхээр энэ бүхэнд ямар нэгэн арга хэмжээ авах, санал оруулах хууль эрх зүйн орчин байдаг юм уу?

-Ер нь Оюутолгойн асуудал сүүлийн үед их босож ирж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой шударга бус үйлдлүүдийн талаар бие даагч гишүүд болон миний бие дэс дараатай ярьж эхэлж байна. Энэ рүү УИХ анхаарал хандуулах ёстой. Хамгийн гол нь Монголын ард түмэн энэ гэрээний талаар, яагаад алдаатай гээд байгаа юм, төрийн хүмүүс яагаад хоёр гурван байр суурьтайгаар хуваагдаад яваад байгаа талаар системтэйгээр ойлгох бололцоо олгох гэж миний бие явж байна. Бид нар нэг ойлголттой болсны дараа энэ гэрээг ашигтай болгох цаг үе ирээсэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Монгол улс үүцээ ухуулаад байгаа хэрнээ өөрсдөө өр төлбөр төлөөд байгаа нь дэндүү харамсалтай. Энэ нөхцөл байдлыг яаж сайжруулбал дээр юм бол оо?

-Ер нь энэ гэрээг сайжруулах бололцоо дандаа байх ёстой. Хэрвээ энэ аль нэг талдаа ашиггүй, нөгөө талаа хэт алдагдалд оруулсан нөхцөл байдал үүсэх юм бол нэг тал нь гэрээгээ цуцлах санал тавих эрхтэй. Гэхдээ сүүлийн үед авсан мэдээллээр бидний талаас гэхээсээ илүүтэй нөгөө талаас гэрээг өөрчлөх саналууд ирж байгаа юм билээ. Энэ дээр үүдээд Монголчууд гэрээний асуудлыг бүхэлд нь эргэж харах, яаж хоёр тал дээр харилцан ашигтай болгох вэ гэдэг дээр шийдлүүдээ ярилцах бололцоо үүсэж байна гэж бодож байна. Нэг сайшаалтай зүйл нь бидний тэмцлийн үр дүн арваад жилийн дараа нааштай болж байна. Тухайлбал,   энэ гэрээг байгуулсан хүмүүсийн  гэрээ алдаатай болсон байна, сайжруулах зүйл байна. Монголчууд өр төлөөд алдагдалд ороод дампуурахад хүрч байна гэж ойлгож хүлээж авч бүгдээрээ нэг болъё гэж  байгаа нь нааштай үр дүн юм даа.

-Таны хувьд Засгийн газрыг унагахад үүрэг гүйцэтгэсэн хүн. Мөн Ч.Сайханбилэг сайдыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Ер нь засаг төр тогтворгүй байгаад байгаа нь юутай холбоотой бол. Таны байр суурийг сонирхвол?

-Бид одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд байж болох, болохгүй гээд бүх л хэлбэрээр Засгийн газар байгуулсан. Засгийн газар тогтворгүй байгаа нь хэн нэгэн хүнээс болж байгаа юм биш. Ерөөсөө л энэ бүтэц бүрэлдэхүүн, тогтолцоо систем бүхлээрээ л Монголын төр засгийг тогтворгүй байлгадаг, бие биенийгээ татаж унагадаг, тэгсэн хэрнээ хэн хэнд нь эрх мэдэл байдаггүй ийм л Үндсэн хуулийн системд 24 жил амьдарсан байна. Тиймээс шалтгаанаа зөв олж харах хэрэгтэй байна. Би Засгийн газрыг унагах санал өгсөн ч Засгийн газар надаас болж унаагүй. АН-ынхнаас өөрсдөөс нь болж унасан. Эрх барьж байгаа АН бүлэглэл, фракциудад хуваагдсан. Энэ фракциудын зөрчил, тэмцэл дунд Монголын төр дэнжигнэж байдаг. Бид энэ дэнжигнэлийг байхгүй болгохын тулд өнөөдрийн нөхцөл байдал дунд том хэлэлцээрийг хийж эхлүүлэх ёстой байх. Өнөөдөр нийгмийн том зөвшилцөл хэрэгтэй байна. Энэ нийгмийн зөвшилцлийг юу илэрхийлдэг вэ гэхээр Үндсэн хууль илтгэдэг. Бид 1992 онд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжихдээ нийгмийн том зөвшилцөл хийсэн.

Энэ нь 1992 оны Үндсэн хууль байсан. Ардчилалыг хүний эрхийг, бие биедээ хяналттай олон намын системтэй ийм төрийг бий болгоё гэсэн зөвшилцлийн үр дүн 24 жилийн дараа ийм байна. Төр нь тогтворгүй хэн ч итгэж болдоггүй, төр тогтворгүйгээс болоод гадаад харилцаа, хөрөнгө оруулалтууд эмзэг байдалд байдаг. Тиймээс юуны өмнө байгаа бодит байдал маань ийм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн хэн нэгнээс бус 24 жилийн өмнө хайрцагласан хайрцаг арай л болохгүй байгаад байна гэсэн үг. Энэ бүхнийг л ойлгож хандах ёстой. Нам дээр төвлөрсөн бус Үндэсний эрх ашиг дээр төвлөрсөн засаглал байдаг баймаар байна.

Намуудын эрх ашиг гэж төрд байхаас илүүтэй үндэсний эрх ашиг гэдгийг хамгийн түрүүнд тавьдаг болмоор байна. Ийм системийг яаж Үндсэн хуульдаа суулгаж болох вэ гэдгийг яримаар байна. Хэн нэгний Засгийн газар биш Монголын Засгийн газар байгуулагддаг, тэр нь тогтвортой олон түмнийхээ төлөө ажиллаж чаддаг, тэрийг байгуулсан парламент бүгдээрээ хариуцлага хүлээж чаддаг баймаар байна. Монголын Засаг зөвхөн намуудаасаа төдийгүй олон нийтээс, гадныхнаас, мөнгөнөөс хамааралтай болсон. Энийг л засаж төр үндэсний эрх ашиг урт удаан хугацаанд үйлчилж чаддаг тогтвортой төрийг бий болгохын төлөө явах хэрэгтэй байна. Энэ бол гарцаагүй үндсэн хуулийн өөрчлөлт.   

-Та байнга Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэх юм. Өөрчилснөөр үр дүн гарна гэж үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх засаглалыг хууль тогтоох эрх мэдлээс салгах асуудлыг тавьж байгаа. Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрх олгоё, УИХ тэр томилгоонд оролцохоо больё гэж байгаа юм. Тэгвэл төрийн алба мэргэшсэн, чадварлаг, улс төрөөс хараат бус байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Энэ удаагийн парламентад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хамгийн тохиромжтой төлөөлөл бүрдсэн.
Тухайлбал, бид олон түмний төлөөллийг хангах зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд ард нийтийн санал асуулга явуулж, түүгээрээ дамжуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах,эсэхийг баталгаажуулах бололцоо бий.  МҮАН-аас Үндсэн хуулийн төсөл боловсруулаад байна. Үүнд Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог, гэхдээ парламентаас сонгогддог байхаар тусгасан. Энэ нь одоогийн Үндсэн хуулиас огт өөр агуулга бүхий хувилбар санал болгож байгаа хэрэг. Одоогийн Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн тодорхойгүй нэг заалт бий. Энэхүү байж болно, байхгүй ч байж болно гэсэн хоёрдмол утгатай заалтыг хоёр талаас зүтгүүлээд байдаг. Үндсэндээ энэ “Болно” гэсэн үг Засгийн газрыг тодорхойгүй байдалд оруулж, институт хоорондын зөрчлийн эх үүсвэр болж байна. Тунхаг гаргасан гишүүдийн зүгээс тодорхой хувилбар санал болгоогүй. Ямар ч байсан асуудлыг энэ түвшинд гаргаж тавих нь хамгийн эхний гарц гэж харсан.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Сүхболд 2015-01-12 10:27:28
    Энэ парламентынханд үндсэн хуульд халдах эрх байхгүй.Дордуулсан долоо заалтыг оруулсан нөлөө бүхий хулгарууд суудал дээрээ байгаа.МАН,АН эвссэн гол нууц энд бий...
    150.129.141.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулгаа 2014-12-24 05:26:28
    Нэгэнт одоогийн төрийн тогтолцоо амьдралд нийцэхгүй нь тодорхой тул ҮХ-ийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Энэ ашиг тусаа өгдөггүй уурхайнуудыг хаах хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ochir 2014-12-07 03:03:11
    Ashigaa uguhgui bol geree baiguulsan nuhudud yal huleelgeeg naad uurhaig ni haa
    202.21.106.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayaraa 2014-12-06 06:06:03
    Uyanga shal hudlaa huhigleh ymaa.balai avgal zailaach.shudarga dur esgeed
    112.72.13.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-12-06 05:46:14
    Uyanga gishuunig demjij bna Chi harin uuru galzuu yum bishu
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Бёчббб 2014-12-06 05:40:35
    Энэ Галзуу.Уянгагын хэлээд бгаа нь уг нь зөв шүү
    27.123.213.113
    Мэдэгдсэн Хариулах