Азийн хөгжлийн банк 200 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Азийн хөгжлийн банк өчигдөр "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.3 хувь буюу нам түвшинд хэвээр байна. Харин 2023 онд 5.6 хувь болж нэмэгдэх хүлээлттэй байна гэлээ. Монгол Улс БНХАУ-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр мөн Орос Украины дайнаас шалтгаалж  эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляц огцом  өссөн сөрөг орчинд урдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлогоор хариу арга хэмжээг яаралтай авах шаардлагатай” гэж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэн хэллээ.

Технологийн шинэчлэлийг ашиглаж татварыг нэмэгдүүлж болно гэв

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий мэдээлэлдээ  “Азийн орнуудад Засгийн газрын татварын орлого ковидоос өмнө өссөн ч эргээд буурсан. Иймд татварын орлогыг бүрэн цуглуулахад анхаарах, татварыг оновчтой болгох шаардлагатай. НӨАТ татварын гол эх үүсвэр тул энэ татварыг сайн ашиглах ёстой. Хувь хүний болон хөрөнгийн татварыг өндөр орлоготой иргэдэд тохируулан өсгөх боломжтой. Байгаль орчин, хатуу түлшний татварыг бүрэн хураах чадавх сул байна. Байгаль орчны төлбөр, татварт ногдуулах татварыг оновчлох шаардлагатай. Татвар төвлөрүүлэх шинэчлэл хийх нь амаргүй ч хэрэгжүүлэх боломжтой. Манлайлал, олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийн зэрэгцээ  технологийн шинэчлэлийг ашиглаж болно” хэмээн онцлов.

Инфляц дунд хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй

Монгол Улс эдийн засгийн хямралын нөхцөл байдал руу шилжлээ. Эрэлтийн учир шалтгаантай инфляц  макро эдийн засагт сорилт болж байна. Тиймээс 2022 онд инфляц оргилдоо хүрч дунд хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй. Энэ нь  хоёр он дамнаж гурван улирал  дараалан эдийн засаг өсөөгүйгээс гүн хямралын ирмэг дээр ирснийг тус банкны ахлах эдийн засагч С.Болд онцолж байна. Мөн тэрбээр“Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш манай гадаад худалдаа томоохон сорилттой тулгарсаар байна. Иймд эдийн засгийн зөв бодлого явуулах ёстой. Экспорт өсөх, эсэх нь тодорхойгүй байна. Дараагийн нэг асуудал нь инфляц 14 буюу маш өндөр байна. Жилийн өмнө 2.5 хувь байв. Азийн орнууд дунд Монгол  хамгийн өндөр инфляцтай хоёр дахь орон боллоо. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Жилийн өмнө долоон сая ам.долларын ашигтай байв. Валют их хэмжээгээр гадагшиллаа. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа тул төсвийг эргэн харж, зардлаа танана. Эсвэл шинэ эх үүсвэр олох хувилбар бий гэсэн юм.

Энэ үеэр эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү хүндэрснээр  долларын  гадагшлах урсгал нь төгрөгийн ханшид дарамт учруулсаар байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалт, томоохон дүнтэй төсөл хөтөлбөр, зээлийн эх үүсвэр манайд хэрэгжүүлбэл төгрөгт ирэх ханшийн дарамт удаан үргэлжлэхгүй юм. Тиймээс Азийн хөгжлийн банк манайд 200 сая ам.долларын  бодлогын чанартай хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрийг зориулах талаар ярьж байна. Азийн хөгжлийн банк тухайн бүс нутгийн орнуудад бодлогод суурилсан зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр  санхүүгийн дэмжлэгээ хэрэгжүүлдэг. Тиймээс 100 сая ам.долларыг шинэчлэлийн хүрээнд  хөрөнгө оруулалт хэлбэрээр хийхээр төлөвлөсөн бол нөгөө 100 сая ам.долларыг валютын нөөцийг сайжруулахад зориулахаар хоёр тал ярилцаж байна хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Эцэст нь  Монгол Улсын “Шинэ сэргэлийн бодлого”нь хувийн хэвшлийг хөдөлгөх  бодлого гэдгийг Азийн хөгжлийн банкныхан тэмдэглэн хэлллээ.

 “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.