Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд боллоо.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгалаа.
Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хүн амын нутагшилт суурьшлын тогтолцоонд тулгуурлан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, хүн амын аюулгүй, амгалан тайван, дэд бүтцийн хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн хот байгуулалтын бодлогыг тодорхойлжээ.

Шинэ Зуунмод хот байгуулагдсанаар тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 2040 он гэхэд 24 их наяд төгрөг буюу 8.5 тэрбум ам.долларт хүрч Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн бүс орчим ажлын байр, орлого бүрдүүлэгч сектор болно. Шинэ хотын эдийн засгийн 0.5% нь хөдөө аж ахуйгаас, 13.2% нь үйлдвэрлэлээс, 86.4% нь үйлчилгээний салбараас бүрдэх юм байна.

Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотыг шинээр төлөвлөж байгуулснаар:

·      Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих;
·      Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, ажлын байрыг орон нутагт бий болгох;
·      Төрийн  үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, шинэ боловсон хүчин, туршлагыг түгээх, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх;
·      Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа,  үйлчилгээг хөгжүүлэх;
·      Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хот байгуулна гэж үзэж байна

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.