Д.Дагвадорж: Намайг талд байгаа ганц овоо гээд бодчих
Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Д.Дагвадорж гэдэг.  Өдгөө 34 настай. 183 метр өндөртэй, 145 кг жинтэй.
 
-Та ямар шашин шүтдэг вэ?

-Аав, ээжийн шүтдэг буддын шашнаа шүтнэ. Ер нь тэгээд өөрөө өөртөө л итгэж явдаг даа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Тамир, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?

-Ер нь өөртэйгээ их ярьдаг. Яах вэ гээд л. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зүйр үг байдаг. Тэр зарчмаар явах дуртай. Гэхдээ одоо амьдрал өөрчлөгдчихлөө. Ид барилдаж, хүний газар амьдарч байхдаа “Зориг бүхнийг дийлнэ”, “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана” гэж хэлэх дуртай байсан.  Ерөнхийдөө тийм л загварын хүн дээ.

-Таны сонирхол болон хобби юу вэ?

-Хүүхэд байхаасаа л олон газраар явсан болохоор янз бүрийн зүйл сонирхдог байлаа. Яг одоо бол гольф сонирхож байна. Мөн байгаль эхтэйгээ ойрхон байх, салхинд гарах  дуртай болсон.

-Таны дуртай, дургүй хоол?

-Ер нь бол хоол голж шилээд байдаггүй. Сүүлийн үед гахайн мах идэх дургүй болоод байгаа.  Мөн хуурай идэх юм нэг их идээд байдаггүй.

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Манайх чинь спортын гэр бүл учраас би Олимпийн аварга л болох мөрөөдөлтэй байсан. Эцэг, эхээс заяасан бие бялдар, бүхий нөхцөл байдал спортын хүн болоход нөлөөлж байсан. Тиймдээ ч спортын хүн болно гэж бодож, түүнийхээ төлөө зүтгэсэн. Харин хувь заяа, тохиолоор Япон явах боломж гарсан. Үүнд л би баярлаж явдаг юм.

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?

-Ер нь бол дэмий идээ. Ууж ч үзлээ. Одоо бол больсон. Нууж хаагаад яахав. Тухайн үед элдэв асуудал гарч байсан.  Тиймээс залуучуудад хандаж хэлэхэд, дэмий зүйл шүү. Харамсаад барахгүй л юм болдог шүү гэдгийг хэлмээр байна.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Төгс төгөлдөр, өндөг шиг өөгүй хүн гэж хаана ч байхгүй. Хүн болсон хойно сүүдэр байж л байгаа. Нар, сар гэж байдаг шиг.  Би аливаад шударга, зөв хандая. Зөв амьдарчих юмсан гэж бодож явдаг юм.

-Тэгвэл таныг бусад хүмүүс ямар зан чанартай гэж хэлээд байна?

-Хүн гэдэг амьтан чинь өөрийнхөө зам төөрөг, заяа зурхайгаараа явдаг гэдэгт би итгэдэг.  Юм болгон дээр би, би гээд байх хаашаа юм. Мэдээж надад ямар нэг дутагдалтай зан чанар байгаа байх.  Хүмүүс янз янзаар л хэлдэг. Тэр хүмүүст тааруулж харьцах гэвэл өөртөө л их бухимдал цуглуулна шүү дээ.  Юу сайхан дур сайхан гэж. Гол нь өөрийн гэсэн голчтойгоо байх хэрэгтэй гэж боддог. Ер нь аливаа зүйлд нуруутай байх шиг сайхан юм байхгүй л дээ.

-Таны хамгийн дуртай спорт?

-Өөрөө хийж чаддаг спортдоо хамгийн дуртай. Хүмүүс үзээд, дэмжээд, дуртай спорт гээд байдаг. Жишээ нь, хөлбөмбөг үзээд, хөгжөөн дэмжигч гээд ярьдаг. Би боддог, өөрөө тэр спортоор хичээллэж, тоглож үзэж байж сэтгэл ханамж авна. Үзэх сэтгэл ханамж гэж нэг зүйл байдаг байх. Гэхдээ өөрөө чаддаг спорт бол хамгийн сайхан нь. Би сүмодоо хайртай.  

-Бухимдлаа яаж тайлдаг вэ?

-Би 16 настайдаа Монголоос явсан. Тэгээд 16 жилийн дараа эргэж ирсэн. Их сонин.  Одоо тэгээд эх орондоо сайхан амьдарч байна.  Залуу байхад би стресстлээ гэдэггүй байсан. Тэр жил би зодог тайлчихаад, Японы Осака хотод очиж, намайг дэмждэг нэг өвгөнтэй уулзсан.

Тэр хүн спортод их хайртай, манай М.Даваажаргал нарыг өлгийдөж авч байсан хүн. Түүнтэй юм яриад сууж байсан чинь нэг хүүхдийн тухай л дурьдаад байсан. Уг нь бүх Японы аваргад түрүүлчих ёстой байсан юм, гэтэл жаахан болж өгөхгүй байна гээд л.  Тэр үед л би “Би чинь одоо юун дээр гараад суучихсан юм бэ” гэж бодоод тэр хүүхдийн өмнөөс стресстсэн.  Тэгэхээр стресс гэж тийм л юм байдаг юм болов уу гэж боддог байсан. Харин стресс гэдгийг яг одооноос л бие сэтгэлээрээ мэдэрч эхлээд байна.
 
-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Өөрөө өөртөө хэлсэн зорьсон юмныхаа ард гарсаны дараа сайхан байдаг. Би нэг сонин юм ярих уу.  Миний амьдрал сүмотой салшгүй холбоотой. Тэр жилийн зун хөлөө бэртээчихээд гурван сар шахуу барилдахгүй. Хүн өөрөө өөртөө, бие эрхтэндээ их хайртай байдаг юм билээ.  Есдүгээр сарын башёд би заавал түрүүлэх ёстой байдаг.  Гэтэл хөл бэртэлтэй. Тэгээд бодож байгаад л барилдахаар болсон. Гэтэл эхний өдөр Эстоны бөх Барутотай таарчихсан.  Яадаг юм билээ гэж их бодогдсон. Тэгээд дүүрсэн хэрэг гээд л барилдахаар болсон юм. “Энэ хүнийг өргөөд л гаргаад ирэх юм бол би ёстой” гээд  дотроо бодоод. Тэгээд барилдаан эхэлсэн.  Дээрээс хучаад л авсан. Тэгэхээр нь өргөчихсөн. Тэр үед би өөртөө үнэхээр их баярласан. Бэртэлтэй хөлөө үнсч байсан шүү дээ. Бүр хөлтэйгээ яриад, чадлаа гээд л. Тэгээд тэр сарынхаа башёд түрүүлсэн шүү. 

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол хэдэн он руу явах вэ?

-Их хааны үед очмоор байна. 

-Таны гар утасны дэлгэц дээр ямар зураг байдаг вэ?

-Аавын маань морьтой зогсч байгаа зураг байгаа. 23 настай байх үеийнх нь зураг.

-Унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү тайван амарч чаддаг вэ?

-Ер нь их айхтар нохой нойртой хүн шүү дээ. Хааяа нэг сайхан нам унтах юмсан гэж их боддог. Би нэг удаа намар орой Булганд очсон юм. Манай найзынх намаржаандаа буучихсан, сэрүүхэн байсан. Тэднийд би нам унтсан. Бүр огт сэрэлгүй сайхан унтаж амарсан. Тэрэн шиг унтаж байсан удаа байхгүй шүү.

-Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Нэг сайхан суниагаад, халуун усанд орж аваад, биеэ сул тавимаар санагддаг юм.

-Толинд өөрийгөө харахаар юу гэж бодогддог вэ?

-Толь гэдэг агуу зүйл. Бүх бие, сэтгэлийг чинь өөртөө тусгаж байгаа эд. Би толинд хараад “Энэ сайхан бие хаа” гэж бодож байгаагүй. “Нөхөр минь чи дутуу байна шүү”  гэж боддог байсан.  Манай дэвжээ доороо фитнессийн өрөөтэй. Тойроод тольтой. Тэнд байх­даа “Ийм аварга шиг болмоор бай­на, болоогүй шүү, дахиад хий­гээд бай”  гэж боддог байсан.  

-Таны хамгийн аз жар­галтай үе?

-Энэ хорвоод наслах нас­ныхаа ямар хэмжээнд нь хүрч байгааг мэдэхгүй байна.  Цаашид зөндөө баярлах өдрүүд байгаа байх.  Ер нь бол хэлсэн амандаа хүрсэн, өөрөө өөртөө эзэн болсны дараа л их сайхан байдаг.  Баярладаг юм.

-Нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Сар болгон харилцан адилгүй байдаг.  Дунджаар сая орчим төгрөг үрнэ ээ үрнэ.

-Та хамгийн анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүдийг нь хардаг. Харах эрхтэн гэж нүд, сонсох эрхтэн гэж чих байна.  Энэ мэдрэх эрхтэнүүдээр л хүнтэй харилцана шүү дээ.  Хүн болгон нүд рүү хардаг байх. Араас нь харчихаад ямар хүн бэ гэж хэн ч тэрийг онцлохгүй.  Зөрөөд өнгөрөх бол мянган жилийн хувь тавилан. Харин учрах бол бүр хэдэн сая жилийн хувь тавилан гэдэг үг байдаг биз дээ. Түүнтэй адил нүүр нүүрээ, нүд нүдээ харж уулзана гэдэг ховор тавилан шүү. Хааяа танд “Би энэ хүнтэй чинь хэзээ уулзлаа” гэж санагддаг уу.  Санагддаг тээ. Тэгэхээр бидний хувь тавилан, учралыг нэг зүйл зохицуулаад байх шиг байдаг юм.  

-Та юугаараа бусдыг өөртөө татдаг гэж боддог вэ?

-Үйл хөдлөлөөрөө татдаг болов уу гэж боддог. Хүн хүн янз бүр байдаг.  Тухайн байдлаасаа болох байх.

-Таны бүх зүйл сайхан бүтсэн үед гэртээ, буйдан дээрээ суугаад, зурагтныхаа удирдлагыг бариад хамгийн дээд тал нь хэдэн цаг байж чадах вэ?

-Сууна аа, сууна. Суугаад суваг солино. Би нэг суваг солих, хөргөгч байнга онгойл­гох өвчтэй болчихоод байгаа юм. Өөртөө зориулж байгаа цагтаа нэг тиймэрхүү л юм хийдэг дээ.

-Таныхаар авлига гэж юу вэ?

-Ямар ч нийгэмд байдаг зүйл. Хүний мөн чанаргүй, ёс зүйгүй асуудал. Хүн энэ хорвоо дээр нэг л амьдарна.  Цаг нь ирэхээр янз бүрийн юм бодогддог байх. Ер нь бол ном, сэтгүүл дээр тэгж бичдэг юм билээ.  Бид өөрийнхөө хүчээр, бүхий л бололцоогоо дайчлаад явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хоёулаа энд нэг их цэцэн цэлмэг юм яриад яах юм бэ. Хөрсөн дээр байгаа юм аа л ойлгох хэрэгтэй.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Ерөнхийдөө их эмоцтой хүн шүү дээ. Шударга зүйлд туйлын дуртай. Шударга бус зүйлийг бол шуудхан хэлээд явчихдаг. Тэр нь амар байдаг юм. Хумсаа нуусан муур шиг амьдрах надад үнэндээ зохихгүй л дээ.  

-Хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?

-Олон хайр байна. Яг ямар хайр байх юм.  Аав ээж, амраг хос, ах дүүгийн хайр гээд. Хүн өөрийнхөө дуртай, хайртай юмандаа сайн энергиэр хандана. Амны билгээс ашдын билэг гэдэг шиг.  Тиймдээ ч тэр хайраа билэгшээж, ярьж, ургуулж, бадамлуулж явах ёстой гэж боддог.  Түүнээс биш хайраа энэ тэр гэдэг бол биш ээ.

-Та бага залуу насандаа дурлалдаа шаналаад уйлж байв уу?

-Тийм юм байхгүй ээ. Гэхдээ  зорилго тавиад явж байсан түүх бол байгаа. Түүнээс биш уйлаад яваад байсан юм байхгүй. Бидний үед хайр дурлалын тухай гаргадаг сүртэй кинонууд ч байсангүй.  Одооны хүүхдүүд бол өөр байх. Хайр сэтгэлээ ярих, илэрхийлэх нь өөр байлгүй. 

-Таны багадаа хамгийн их тоглодог байсан тоглоом?

-Сагс, матка их тоглодог байсан. Матка тоглох их гоё. Нэгдүгээрт, 50 метрт их сайн гүйдэг болдог байсан. Хоёрдугаарт, тоо их бодно. Тоо тэд хүрлээ, авдарлалаа гээд л.  Манай байрны ах нар чоно туулай болоод ч байгаа юм шиг тоглоомыг их тоглодог байсан. Томчууд нь багачуудаа хөөгөөд л.  Ерөнхийдөө биеийн хөдөлгөөн хийдэг тоглоом их тоглодог байсан.  Одооны хүүхдүүд шиг РС тоглодоггүй байж.

-Ижил хүйстнүүдийн та­лаар та юу гэж боддог вэ?

-Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү.  Миний хувьд бол зүйд нийцдэггүй асуудал.

-Айл болгонд гэрэл зургийн цомог гэж байдаг.  Тэгвэл гэрэл зургийн цомгоо хэзээ хамгийн сүүлд үзсэн бэ?

-Тийм юм огт үздэггүй. Надад 40 тоннын чингэлэг дүүрэн зураг байж л байна.



-Таны хүүхэд насны баатар хэн бэ?

-Олон хүн байна шүү дээ.  Монголын уран сайхны киноны баатар гэвэл худлаа. Тэр үед чинь үгийг нь ойлгодоггүй шахуу байсан. Одоо үзээд бага сага ойлгож байхад.  Харин Брюс Ли, Арнолд энэ тэр л байсан. Терминатор анх гарч байсан үе. Мөн “Халтар царайт” киноны баатрууд байна. Стерлита, Тони гээд л. Би “Халтар царайт” үзэх гэж явж байгаад цагдаад бороохойдуулж байлаа.  

-Таны хамгийн олон жил өмссөн хувцас?

-Одоо бол дээл л байна.  Манай нэг эгч байсан юм, одоо өөд болсон. Их уран хүн байсан. Тэр хүний хийж өгсөн дээлээр гурван жил гоёж байна. 

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл юу хийж үзэхийг хүсч байна?

-Ямар балай асуулт вэ наадах чинь. Заавал хариулах ёстой юу.  Төсөөлж үзээгүй юм байна. Хүний сайхан хань байгаад, эр нөхрөө ирэхэд хөлсийг нь гаргасан цай чанаад угтах юмсан гэж бодогдож байна.  

-Таны багийн хоч?

-Би чинь их олон нэртэй байсан.  Ангийнхан Дагваа, байрны найзууд Доржоо гэнэ. Тэгээд л аварга, Асашёорюү, Аса гээд тоолоод байвал 10-аад болчихдог юм.

-Эрэгтэй хүн нь эмэг­тэйгээсээ давуу байх шинж чанар нь юу юм бол?

-Байгалиасаа заяагаад, тог­тоочихсон хууль шүү дээ.  Эрэгтэй, эмэгтэйгээсээ давуу байдаг. Энэ бол байгалийн бүтээл.  

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч бол юу хийх вэ?

-Ёстой бодож үзээгүй юм байна. Хүн бүр Ерөнхийлөгч болбол аз жаргалтай, сайхан гээд ярих байх.  Нийгмээ сайхан харах л хэрэгтэй байх даа. Миний бодлоор бол. 

-Сургуульд суралцаж байх үеийн хамгийн санаанаас гардаггүй ямар сайхан өдөр чинь...?

-Ангиараа сагсны тэмцээнд түрүүлж байсан үе байна даа. Ер нь их спортлог хүүхэд байсан шүү.  

-Та хэдэн насандаа өөрийн би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Янз бүр дээ. Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61 настайдаа өөд болдог гэдэг үг байдаг.  Тэрэн шиг би энэ амьдралын хуулиас суралцаад л явж байна даа.

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Ер нь тийм байдалд орж байгаагүй. Юу ч болж байсан тоодоггүй, “ширэн нүүр”-тэй хүмүүс байдаг даа. Тийм байх нь хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ямар ч байдлаас өөрийгөө аваад гарчихаж чаддаг. Нэг удаа өмдний салтаа  задарч байсан юм. Тэгэхэд л жаахан эвгүй юм болж байсан байх.

-Та болзсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээж чадах вэ?

-Манайхан нийтээрээ цаг барихдаа хойрго шүү дээ. Тухайн нөхцлөөсөө болоод тийм болчихдог юм байна. Японд амьдарч байхад цагийг яг барьдаг байсан.  Ер нь Азийнхан, тэр дундаа Европчууд бол цаг барих асуудлыг хамгийн том соёл гэж боддог шүү дээ. Манайд бол арай өөр. Би цагтаа ирээгүй найзыгаа хүлээх л байх даа.  

-Та амласандаа хүрдэг үү?

-Хүрэхийг хичээдэг. 

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Улсын сур­гуульд өгөх үү, хувийнхад уу?

-Аль чанартай боловсрол, хүмүүжил олгох газар нь өгөхийг бодно. 

-Өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл?

-Хүнийг нэг үгээр илэрхийлж болдог юм уу.  Их сонин юм. Ерөөсөө талд байгаа ганц овоо гээд л бодчих.

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Энэ зай таныхаар хэр хол вэ?

-Хааяа бодохоор дөрвөн руу юм уу, 400 метр, 40 см юм уу гэдгийг нь мэдэхээ больдог. Байгаа байдлыг будах амархан байдаг. Нэг сайхан уран зураг байна. Түүн рүү хар будаг цацчих даа. Ямар зураг гарч ирэх үү. Эргээд өнөөх сайхан зураг нь сэргэхгүй шүү дээ. Үүнтэй адил үнэнийг худлаар будвал хэцүү. 

-Таны хамгийн дуртай баяр?

-Монгол хүмүүс чинь улирлын шинж чанараар амьдардаг. Би зун цагийг их хүсдэг. Наадам ч  үнэхээр сайхан баяр шүү.

-Тантай ярилцаж байгаа хүн өөдөөс чинь харчихаад,  мэддэг зүйлийн чинь талаар худлаа яриад байвал яах вэ?

-Засч, залруулна. Тэр хүн ямар эмоцоор ярьж байна вэ гэдэг нь сонин. Хэрвээ үнэхээр дэвэргэн, сэтгэл хөдлөлтэй байвал жаахан яриулна.  Сонирхолтой шүү дээ.

-Хэрвээ танд кинонд тоглох урилга ирвэл ямар дүр бүтээх вэ?

-Бид өөрсдөө агуу түүхтэй ард түмэн. Би түүгээр дотроо билэгшээж явдаг. Тийм бо­ло­хоор эзэнт гүрний агуу түүхийн талаар сонирхож, уншдаг. Торгоны зам, зүүн гарын хаант улс. Зүчийн хаант улс гээд л сонирхдог.  Бид үнэхээр агуу түүхтэй. Тэр түүхийг мартах учиргүй.  Тэгэхээр энэ талын киног л сонирхох байх.

-Таныг бусад хүмүүс шүүмжлэхэд хэр хүлээж авдаг вэ?

-Ямар үйлдлээсээ болоод шүүмжлүүлэв гэдгээ эхлээд бодно. Ямар ч хүн зэмлүүлээд зогсоод байх дургүй. Тэр тусмаа монгол хүн  зэмлэлийг хүлээж авахдаа хойрго.  Гэхдээ яг ямар өнцгөөс харж зэмлэв, өөрийн алдаа байна уу, өрөөлийн алдаа байна уу гэдгээс шалтгаалж хүлээх авах нь хэдэн хувьтай байх вэ гэдэг л байна. 

-Таныг эзгүй арал дээр түр хугацаанд амьдруулахаар боллоо. Хэрэгтэй гурван зүйлээ авч яв гэвэл?

-Бүр явуулна гэвэл үржил хөврөлийнхөө юмыг авч явж, тэнд хаант улсаа байгуулахгүй болохгүй. Ганц нэг жил, мэдээж амьдрахын тулд уух ус байх хэрэгтэй. Бие хамгаалах буутай байх ёстой болов уу.  Бас нэг сүх авах байх. 

-Таны аав, ээжийн захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?

-Энэ чинь бас нууц. Нууц гэдэг чинь нандин байх ёстой. Айхтар үгсүүд би, санаж бодож явдаг. Аав, ээжийн сургааль гэдэг ямар ч агуу бүтээл, судар номоос илүү шүү дээ.  Би хоёр хөгшнөө аль болох баярлуулъя гэж бодож явдаг.

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгний алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ?

-Үгийн үнэ цэнэ гэж байх ёстой. Хайртай, уучлаарай, салъя гэдэг чинь бүгд адил. Хэзээ хэлэх вэ гэдэг асуудал байна. Ямархуу хайртай болоод хэлээд байгаа юм. Юунаас болоод уучлал гуйх гээд байна вэ.  Яагаад салъя гээд байгаа юм бэ гэдэг асуудал. Их агуу үгнүүд.  Ямархуу хэмжээтэй болоод, үнэ цэнэтэй болохоосоо  шалтгаалаад тэр үгийн  хөнгөн, хүнд гэж байна.

-Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеэ хэрхэн даван туулсан бэ?

-Нэг их хэцүү юм туулаад байсангүй. Харин хэцүү үе урд байгаа гэж боддог.

-Улс төрч гэж таныхаар юу вэ?

-Тань шиг, над шиг тийм л хүмүүс гэж боддог. 

-Далдын хар малгайтай бол та юу үзэхийг хүсч байна?

-Үлгэрийн оронд очмоор байна.

-Таны хамгийн очих дуртай газар?

-Их сайхан энерги шингэсэн газар очих дуртай. Хамгийн сай­хан байгальтай л га­зар очи­хыг хүс­­дэг. Юуны тү­­рүүнд мон­гол хүн Мон­гол Улсын­хаа сай­­хан газраа үзэх хэрэгтэй.

Монголын мэдээ
Буулгасан: Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаха 2014-10-24 11:20:28
    Энэ тэнэгтэй юу ярих вэ Саяхан л архи уугаад гудамжинд орлоод явж бай ч лээ.Тэнэг хүн тэнгээрээ дуусна нээх хүн гэж тогоод хэрэггүй зөнд орхи
    202.131.225.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsend 2014-10-24 10:09:34
    Gaigui saihan yaria huuruutei,zuv bodoltoi hun yum bna shu. Duu huud mongol tumniihuu tuluu neg dorvitoi adzil hiigeesei gedz huseye!
    83.24.193.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-24 08:45:51
    Н.Пунцагболд-д. Таны нийтлэлийн эхний өгүүлбэрийг уншаад цааш нь унших сонирхол буурав. Учир нь 183 м өндөр хүн энэ дэлхий дээр байдгаа. Бичсэн юмаа сайн хянаж, эргэн харж байж сайт дээрээ тавьж бай л даа Оллоо-гийнхоон.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах