''Хөгжлийн банкны менежментийн алдааг ААН-үүд үүрч байна''

Он гармагц Хөгжлийн банкнаас зээлээ эргэн төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийн нэрийг зарлаж дуулиан үүсгэж одоо ч олны анхаарлын төвд байна. Тухайлбал, Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсон тул мэдээллийг олон нийтэд ил болгож төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад нэхэмжлэл гаргаад байгаа. Тиймээс Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.  Тэгвэл Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Монголбанк, Үндэсний аудитын газар, Хөгжлийн Банк, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Тэдний байр суурийг тоймлон хүргэе.

Ш.Адьшаа: Хөгжлийн банканд ТӨК хамгийн өндөр зээлтэй байна

/УИХ-ын гишүүн/

-Сонсголын ач холбогдлыг бууруулахгүйн тулд оролцогч бүх талын эрхийг тэгш хангах ёстой. Зөвхөн УИХ-ын гишүүдээр үг хэлэх нь хязгаарлагдмал. Мөн Хөгжлийн банканд хамгийн өндөр буюу 1.8 их наядын өрийг Төрийн өмчит компаниуд үүсгэсэн. ТӨК-ийг хариуцдаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  сонсголд оролцох ёстой. Зөвхөн бизнес эрхлэгч ААН-үүд биш Асемд зарцуулсан 250 тэрбум төгрөг, Төрийн өмчийн компаниудын 1.8 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал байна.

Б.Баттөмөр: Хөгжийн банкны зээл “хөгжлийг” дэмжиж чадахгүй байна

/УИХ-ын гишүүн/

-Хөгжлийн банканд 2015-2021 оны хооронд нийт 10 удаа шалгалт хийсэн байна. Үүний зургаа нь бие даасан, дөрөв нь хамтарсан шалгалт байгаа юм. Гэвч шалгалтын дараа ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Одоогийн нөхцөл байдал үүсэх, асуудал хуримтлагдсан шалтгааныг шалгалтын дараа авах шаардлагатай арга хэмжээг  аваагүйгээс үүдэлтэй гэж харж байна. Шалгалт хийсний үндсэнд Хөгжлийн банканд 17 нийтлэг зөвлөмжийг хүргүүлсэн байсан ч хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирсэн. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа 3032 төслийн 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна.  Зээлд тавигдах шардлага хангаагүй хэд хэдэн компанид зээл олгосон. Түүнчлэн Хөгжлийн банкны олгосон зээлийн дундаж хугацаа 5.1 жил байгаа нь эдийн засгийг дэмжих “хөгжлийн” зээл байж чадахгүй байгааг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны захирлын үед Ким Жан Жин 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-д зээл олгосон.  Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга Ж.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгосон байна. Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, “НВЦ”, “Монгол драй милк” компаниудад Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл, Н.Мөнхсүхийн үед хоёр зээл олгосон байгаа юм. 

Б.Жавхлан: Чанаргүй зээлийн асуудал 2019 оноос байсан

/Сангийн сайд/

-Засгийн газраас 2016, 2019 онд Хөгжлийн банканд иж бүрэн шалгалт хийсэн байдаг. Хоёр удаагийн шалгалтаар нийт 19 дүгнэлт, 62 зөрчил, 127 зөвлөмж гаргасан. Хөгжлийн банканд хийсэн 2016 оны шалгалтын дараа хуулийн өөрчлөлт хийж Монголбанк Хөгжлийн банканд хяналт хийж шалгуур үзүүлэлт тавьдаг болсон. Чанаргүй зээлийн асуудал 2022 онд анх удаа гарч байгаа асуудал биш. Өмнө нь 2019 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ шалгалтыг ахлаж чанаргүй зээлийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж байсан. Хуулийн байгууллагаар шалгуулж байгаа 30 гаруй зээлтэй холбоотой асуудал 2019 оноос эхэлсэн.

Н.Мандуул: “Хөтөл”, “QSC”-д олгосон зээлийг шийдэхэд чанаргүй зээл 28 хувиар буурна

/Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/

-Зээлийн багцад анализ хийхэд банкны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энэ ондоо багтаж 2.2 их наяд төгрөгийн зээлийн багцад арга хэмжээ авах шаардлагатай. Үүний 762 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, 496 тэрбум төгрөг нь Хөтөл, QSC компани, үлдсэн 986 тэрбум төгрөг нь бизнес эрхлэгч, ААН-үүдэд олгосон зээлүүд байна. Төсвийн шинж чанартай, өмнөх онуудад олгосон 762 тэрбум төгрөгийн зээлийн багцыг Засгийн газар хэлэлцэж шийдэх нь зүйтэй. “Хөтөл”, “QSC”-д олгосон зээлд арга хэмжээ авснаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 28 хувиар буурна. Харин бизнес эрхлэгч ААН-үүдэд олгосон 986 тэрбум төгрөгийн 50-аас дээш хувийг төлүүлэхээр Хөгжлийн банк ажиллаж байгаа. Ингэснээр оны эцэст чанаргүй зээл 12 хувь болж Хөгжлийн банк цаашид экзим банкны үүргээ гүйцэтгээд явах боломжтой болно.  Ханшийн алдагдлыг ААН-үүдэд дангаар үүрүүлсэн нь буруу. Энэ эрсдэлийг цаашид хэрхэн хаах механизмыг Монголбанктай хэлэлцэж байна.

С.Одонтуяа: Бизнес эрхлэгчидтэй биш зээл олгосон албан тушаалтнуудтай хариуцлага яримаар байна

/УИХ-ын гишүүн/

-Хөгжлийн банкны тухай хуульд 2017 онд өөрчлөлт орсноос хойш зээл хяналтгүй гарах үндэс тавигдсан гэж харж байна. Учир нь 2017 оноос хойшх зээлүүд барьцаа хөрөнгөгүй, дутуу дүгнэлттэй, зарцуулалт нь зориулалтын бус байна. Гадаадаас мөнгө босгоход Засгийн газрын баталгаа гаргаж мөнгө босгодог байхад улсын төрийн томилгоогоор очсон хүмүүс зарцуулалтад хэт хариуцлагагүй хандсан. ТУЗ-ын гишүүд, захирал нь дур мэдэн зээл гаргасан нь өнөөгийн ноцтой байдалд хүргэсэн. Өнөөгийн нийгэмд бага хүүтэй зээл авах нь бизнес эрхлэгчдэд тун хэцүү байдаг. Тэгэхээр зээл авсан бизнес эрхлэгч, ААН-үүдтэй хариуцлага ярихаас илүү олгосон хүмүүст хариуцлага тооцмоор байна.

Т.Аюурсайхан: Хариуцлагыг удирдлагад нь тооцох ёстой

/УИХ-ын гишүүн/

-Бид хариуцлага тооцож чадахгүй бол асуудал үргэлжилсээр л байна. Хариуцлагыг удирдлага, нөлөө бүхий албан тушаалтнаас нь тооцох ёстой. Хөгжлийн банканд 2016-2017 онд шалгалт хийсэн ч хариуцлага тооцож чадаагүй. Хөгжлийн банкны дөрвөн гүйцэтгэх захирлын үед 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл олгосон байна. Гүйцэтгэх захирал бол эрсдэлийн удирдлагыг хийж зээлийн материал цуглуулах, бүрдүүлэх, барьцаа хөрөнгө үнэлэх, Хөгжлийн банкны бодлогод нийцсэн эсэхийг хянадаг албан тушаалтан мөн эсэхийг тодруулж асуумаар байна. Иргэн, ААН-үүдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн хэрнээ зээл олгосон эрсдэлийн удирдлагын захирал, банкны гүйцэтгэх захирлуудад хариуцлага хүлээлгэхгүй байж болохгүй. Иргэд, ААН-үүдээ цоллоод байдаг. Эрсдэлтэй зээлийг тооцоололгүй олгосон банкныхны буруу. Цаана нь авилгын асуудал байгаа нь тодорхой байна.

З.Дашдаваа: Хууль бусаар 30 зээл олгосон

/АТГ-ын дарга/

-Хөгжлийн банктай холбоотой асуудлыг АТГ хүлээж аваад сар гаруй хугацаанд шалгаж байна. Хөгжлийн банкнаас 52 аж ахуй нэгжийн зээлийг АТГ-рүү шилжүүлсэн. Үүний 30 зээлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодорхой компаниудын хөрөнгийг битүүмжлэх, нотлох баримтыг цуглуулах, түүнийг нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явуулж байгаа. Үүнд цаг хугацаа ордог. Хөгжлийн банкны зарим албан тушаалтныг хуульд заасан үндэслэлийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар 30 аж ахуй нэгжийн зээлд тодорхой хэмжээний албан тушаалтан нөлөөлж хууль бусаар гарсан байна. Өөрөөр хэлбэл, зээлд тодорхой албан тушаалтанд давуу байдал олгож албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авахад нөлөөлсөн. Энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжүүд бүрдсэн гэсэн үг юм.

С.Чинзориг: Валютаар зээл авсан ААН-үүдэд 467 тэрбум төгрөгийн эрсдэл очиж байна

/УИХ-ын гишүүн/

-Хөгжлийн банк гадаад санхүүжилт, эх үүсвэрийг татах менежментээ муу хийсэн. Үүнээс үүдэж валютаар зээл авсан ААН, байгууллагуудад 467 тэрбум төгрөгийн эрсдэл очиж байна. Валютын ханш 2011 оноос хойш 125 хувиар өссөн. Ингэснээр валютаар зээл авсан ААН, байгууллагуудад ханшны өсөлтийг төлөх болж байгаа юм. Валютаар олгосон зээлийн хүү жилийн 8-9.85 хувийн хүүтэй байгаа нь маг өндөр байна.  Санхүүгийн эрсдэл, менежментийг муу хийсэн хариуцлагыг хэн хүлээх вэ. ААН-үүд өндөр хүүтэй зээл, валютын ханшийн өсөлтөөс үүссэн эрсдэлийг үүрч байна. Мөн зээл авсан ААН-үүдэд ялгавартай хандлаа. Нэг талд нь валютаар зээл авсан ААН-үүд ханшны өсөлтийн эрсдэлийг хүлээж байхад төгрөгөөр зээл авсан ААН-үүд давуу эрхтэй болж байна. Учир нь төгрөгөөр олгосон зээлээс үүссэн ханшийн өсөлтийн 214 тэрбум төгрөгийн зөрүүг Хөгжлийн банк үүрэхээр байгаа. Хөгжлийн банкны үйл ажиллагааг боловсронгуй болгох тодорхой арга хэмжээг Засгийн газраас авсан ч үр дүн гараагүй.

 

“Зууны мэдээ” сонин
Б.Бямбажаргал
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.