Чөлөөт уналтын ''автор'' нь Ч.Хүрэлбаатар өөрөө

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ сарын 23-ны Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр үг хэлжээ. Тэрбээр “...Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна шүү. Гадаадаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр тэр нь олдохгүй байна. Энэ нь хэдхэн сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлийг бий болгож байна. 2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад “...Өөрчлөлт оруулж, бодлогын хүүгээ нэмээч” гэсэн хүсэлт тавьсан. Гэвч “...Үгүй” гэсээр байгаад баталсан. Түүнээс хойш гадаад валютын нөөц тэрбум гаруй ам.доллараар буурууллаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо яримаар байна” гэсэн байна.

Уг нь Ч.Хүрэлбаатар ингэж ярих нь бүү хэл, ийм сэдэв яригдахад нүүрээ нууж байх ёстой хүн байгаа юм. Товчлоод хэлэхэд, яриад байгаа чөлөөт уналт гээчийнхээ “автор” нь Ч.Хүрэлбаатар өөрөө юм шүү дээ. Энэ хүн 32-хон настайгаасаа Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх, СЭЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан. 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход танхимд нь Сангийн сайдаар орж ажилласан. Тэр томилгоонд нь Ерөнхийлөгч хориг тавьж байв. Хоригийг УИХ-аар хэлэлцэх үед нэг намын журмын нөхдийнх нь хэлсэн үг анхаарал татдаг юм. УИХ-ын чуулганы 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар Ч.Хүрэлбаатарын асуудлыг ярьсан. Тэгэхэд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...Ч.Хүрэлбаатарын эсрэг үг хэлж, кноп дараад хэрэггүй гэж Засгийн газарт байгаа найз нар маань хэлсэн. Гэхдээ уучлаарай. Би үзэл бодлоосоо ухарч чадахгүй нь. Оюу толгойн гэрээг Дубайн гэрээгээр улам муутгасан. Гэтэл Ч.Сайханбилэгийг үүнд нь буруутган огцруулах санал гаргахад Ч.Хүрэлбаатар гишүүн гарын үсэг зураагүй. Ийм хүнийг Сангийн сайдаар тавьдаг нь харамсалтай” гэж байлаа. Бас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “... “Хотгор шанага”-ын уурхайг зарсан гэдэг үнэн шүү дээ. Энэ уурхайг худалдсан баримт нь бодитой байна. Гэтэл яагаад энэ хүнийг хамгаалаад байгаа юм бэ. Ерөнхий сайд уул уурхайн бизнестэй хүнийг дэмжихгүй гэж хэлээд хоёр нөхрийг минь Засгийн газарт оруулахаас татгалзсан шүү дээ” гэсэн. Гэхдээ эцэст нь Ерөнхийлөгчийн хориг унаж, Ч.Хүрэлбаатар засагт үлдсэн.

Ингэж томилогдоод хагас жил ажилласных нь дараа УИХ дахь АН-ын бүлгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас огцруулах санал гаргасан. Тэр үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ саналынхаа талаар “...Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах “Хотгор шанага”-ын уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор АТГ-аас шалгаж байгаа. Дээрээс нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн” гэсэн. Гэвч Ч.Хүрэлбаатар огцроогүй үлдсэн.

Харин Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаад яг хоёр жил болсоны дараа Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орж байв. 2019 оны аравдугаар сарын 15-нд ФАТФ хуралдаж, Монгол Улсыг Исланд, Зимбабве улсын хамт саарал жагсаалтад багтаасан. Өөрсдийгөө Их Чингис хааны удмынхан гэж “дээш шиддэг” монголчууд маань Зимбабветай хамт “саарал”-д багтсандаа ичиж үхэх шахацгааж билээ.

Мөн Ч.Хүрэлбаатарын үйл ажиллагааны талаар Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж 2020 оны аравдугаар сард хэвлэлд “...Японоос 25 тэрбум иен буюу 230 сая ам.доллар аваад, төсвийнхөө алдагдлыг нөхнө гээд Сангийн сайд нь яриад зогсож байна” гэж шүүмжилж байв. Бас Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2021 оны нэгдүгээр сарын 14-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн” гэсэн нь анхаарахгүй байх аргагүй тодорхойлолт болж үлдсэн.

Үүнээс гадна Ч.Хүрэлбаатартай холбоотой маш том асуудал байдаг. Өнөөдөр олон нийтэд ил болж, сүр дуулиан дэгдээгээд байгаа Хөгжлийн банкны хэрэг гээч үүссэн нь Ч.Хүрэлбаатарын ажлын хариуцлагатай шууд холбогдоно.

Тэр Сангийн сайдаар 2017-2021 оныг хүртэл бараг дөрвөн жил ажилласан. Тэгвэл Хөгжлийн банкны тухай хуулийн 25 дугаар зүйл дэх “Хөгжлийн банканд тавих хяналт” гэсний 25.1-т “...Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Монголбанк батална” гэж заасан. Хөгжлийн банкны 2017 оны аравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар дуусталх үйл ажиллагааг Ч.Хүрэлбаатар хянаж байсан гэсэн үг. Тэгвэл мань эр яасан байх нь вэ. Мэдээж, хариуцлага алдсан байна. Тийм учраас өнөөдөр Хөгжлийн банкны 2.4 орчим их наяд төгрөгийн зээл хууль ёсны дагуу олгогдсон эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөний эргэн төлөлт, холбогдох хүмүүс нь албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, мөнгө угаалт зэрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль хяналтын байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулж байна.

Ч.Хүрэлбаатарын талаар цааш яривал “...Далай, далай” л болно.

Ер нь бол Ч.Хүрэлбаатарын Сангийн сайдаар ажиллаад саарал жагсаалт, энээ тэрээ болж байхад энэ ковид, бас дайн сураггүй байлаа. Харин өнөөдөр түүний эх сурвалж, сэжүүр болгож барьж аваад байгаа асуудал нь ковид, дайны нөлөөтэй гэдгийг хүүхэд хүртэл мэдэхээр болсон.

Ч.Хүрэлбаатар ч юу болоод байгааг мэдэхийн дээдээр мэдэх хүн.

Хойд хөрш ам.долларын хомсдолд орсон. Хажуу хавиргын манайх мэтийн улсуудаас албан бусаар таталт хийж байна. Харин ч манай зол болж, Орос Украины асуудал дэгдэхээс өмнөхөн Оюу толгой төсөлдөө олигтойхон алхам хийж амжсан. Өнөөдөр манай ам.долларын нөөц 3.2 тэрбум үлдсэн гэх мэдээлэл бий. Ийм нөхцөлд энэ нь муу нөөц биш. Хэрвээ Оюу толгой төсөл гацаанд байсан бол өнөөдөр ам.долларын нөөц “хасах“ заачих байжээ. Бодит байдал ийм л юм. Тэгэхээр, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хэн нэгний сандал ширээг ганхуулж явахаар дэлхийг хамарч эхэлсэн эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх талаар саналаа нэмэрлэж суувал дээр юм.

Түүнд бас нэг үг дайх нь зөв гэж үзэв. Академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэлийн хэлсэн “... Төр засгийн эрх мэдэлд очсон хүмүүс, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ УИХ-ын 76 гишүүн, төрийн бусад өндөр албан тушаалтныг, мөн төрийг ухаалаг болгоно гэхээс илүү ёс суртахуунтай болгох хэрэгтэй байгаа юм. Ерөөсөө эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй. Тийм учраас ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй” гэснийг сайд асанд дамжуулъя. Үргэлжлэлийг өөрийнх нь илтгэл, ярилцлага, эмхэтгэлүүдээс харах биз ээ.

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2022-03-26 11:23:39
    Олигархи Ч.Хүрэлбаатрыг төрөөс зайлуулаач ээ! Энэнээс сайн юм ердөө гарахгүй ээ. МАН энэнээс санхүү авчихаад яаж ч чадахгүй болсон байна.
  • Зочин 2022-03-26 08:57:31
    Уул нь шударга унэнч ажилладаг юм шиг харагдаж ярьдаг шуу дээ нам нь шийдэх биз дээ хотгор шанагын уурхайг зарсан нь харин унэн шуу хариуцлага тооцох естой шуу
  • ккк 2022-03-25 04:59:31
    Зууны мэдээ сонин сайхан худлаа шааж байна. Манай Хүрлээ чинь Ерөнхий Сайд өлхөн хийчих мэдлэгтэй, туршлагатай эдийн засагч шүү.
    • Пүүжий 2022-03-26 11:27:54
      Б.Эрдэнэбат гэж ЭХС хятадтай 300 сая Ү-ны гэрээ хийж 3,6*3 10,8 Гвт-ын хэт том ДЦС барих ажлыг эхлүүлэд байхад огцруулаад наад Хүрэлбаатрыг тавьсанаар тэр төсөл...
      • Пүүжий 2022-03-26 11:31:25
        Тэр төсөл зогсоогүй бол одоо урагшаа ЦЭХ экспортлоод байж байх байсан юм. ЭХ-ийг ингэж сүйрүүлсэн хүн дээ! Түй чёрт гэж?
  • ккк 2022-03-25 01:49:15
    Ч.Хүрэлбаатар мэтийг шалгадаг газар даанч байхгүй нь харамсалтай.... Төрийн хүн биш л дээ