Д.Батгэрэл: Монгол баатрын удам дэлхийд гарахад бэлэн

Холимог тулааны спортод  өөрийн орон зайг бүтээж  яваа Монголын  UFC-ийн  анхны  тамирчин бол “Шуурга” хочит Д.Батгэрэл юм. Тэрбээр  гурван тулаан дараалан эхний үед  хүнд цохилтоор  өрсөлдөгчөө ялж,  өөрийн амжилтыг бататгаж явна.  Харин энэ удаад  UFC-д дараалан таван ялалт  байгуулсан АНУ-ын тамирчин  Грис Гутиерезтэй  тулалдахаар  болжээ. Хоёр тамирчны  гал гарсан шилдэг тулаан энэ сарын  27-нд болох юм.  Түүнтэй өрсөлдөөнтэй тулаанынх нь өмнө  ярилцсанаа хүргэе.

-Энэ удаагийн тулааны тов гарлаа. Өрсөлдөгчийн  хувьд ямар онцлог, арга барилтай тамирчин бэ?

- АНУ-ын тамирчин Грис Гутиерезийн хувьд UFC-д зургаан тулаан хийж, таван ялалт  байгуулсан тамирчин.  Өрсөлдөгчөө сайн судалж,  тусгайлан бэлтгэл хийж байна.  Би  тэмцээн болох Охайо мужид ирсэн байна.  Энэ удаагийн тулаанд өрсөлдөх тамирчны хувьд босоо суурьтай,  тулалдааны явцад их өшиглөдөг. Тийм болохоор тулааны үед өрсөлдөгчөө илүү мэдэрч, тулалдана.

-Тулаанд оролцохоосоо өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Биеийн  бэлтгэл сайн байвал дагаад сэтгэлзүй бэлтгэгддэг.  Мөн  дасгал, хөдөлгөөнөө маш сайн хийх ёстой.  Энэ удаагийн тулаанд оролцох  сэтгэлзүйн бэлтгэл сайн хангагдсан гэж хэлж болно.   Бас тулаанд оролцоход  хүч өгдөг зүйл бол эх орны минь түүх.  Түүхэн ном зохиол уншихад  монголчууд эртнээс дайчин  цустай, эрэлхэг  баатруудтай, ард түмэн. Үүнийг дэлхий ч мэднэ шүү дээ.  Тийм болохоор  энэ цаг үед ч монгол баатруудын үр удам дэлхийд гарахад бэлэн гэдгийн  харуулахыг хичээдэг  дээ.

-Монгол тамирчдыг олон улсын тэмцээнд оролцоход хэрхэн хүлээж авдаг вэ?

-Одоо л  Америкийн  холимог спортын тулааны талбарт монгол  тамирчид  гарч эхэлж байна. Анх сайн мэддэггүй байсан. Одооноос маш сайн мэддэг болж, тэд их сайхнаар хүлээж авдаг. 

-Олон улсад эх орныхоо төрийн далбааг мандуулж,  тулааны талбарт гарах, тулалдах, ялалт байгуулах мэдрэмж  ямар байдаг вэ?

-Энэ бол бахдам сайхан мэдрэмж, цаг хугацаа.  Миний дараалсан гурван тулааны  ялалт одоогоор UFC-д тоглож байгаа тамирчдын чансааны гурав бичигдэж байгаа. Энэ удаагийн тулаандаа  ялж,  дөрөв дараалсан ялалт байгуулахыг хүсэж байна.  Дараа дараагийн тулаандаа хэрхэн оролцохоос аваргын төлөө тоглох эсэх шийдэгдэнэ. Бэлтгэлээ сайн хийгээд  явбал дэлхийн шилдэг болох  ойрхон харагдаж  байна. 

-Одоогоор таны жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл аль тамирчныг нэрлэх вэ?

-Аваргын бүс эзэмшдэг Петр Ян  тамирчинг нэрлэнэ. Миний тулалддаг  жин их онцлогтой. Энэ жинд UFC-д  аварга болж байсан олон тамирчин байдаг. Өрсөлдөөн ихтэй,  тулаан бүр дээр өрсөлдөөн ширүүссээр байгаа.

-Хамгийн сонирхолтой, хүчтэй өрсөлдөгчтэй тулааны талбар хаана байв?

- Хятадад болсон тэмцээн.  Тухайн үеийн тамирчин эхэндээ хүчгүй юм шиг харагдаж байсан ч, тулалдааны явцад маш  өрсөлдөөнтэй байсан.  Тэр  тулааны үед  гарынхаа шөрмөсийг сунгасан. Гэхдээ тоглолтын үед тэр гараараа  тухайн өрсөлдөгчөө боож ялж байлаа. Бас UFC-ийн  анхны тулааны тамирчин миний сайн найз байсан. Тухайн үед бэлтгэл багатай, гэнэтийн санал ойрхон хугацаанд ирсэн.  Гэхдээ бид хоёр  ширүүн тулааныг үзүүлж,  тухайн үдшийн шилдэг тулаанаар тодорсон. Магадгүй өөр тамирчинтай тулалдсан бол сэтгэлзүй өөр байж, ялалт авах байсан болов уу. 

-Тулалдааны үед таныг хурцалдаг зүйл юу вэ?

-Монголын анхны UFC-ийн  тамирчин болоод  дэлхийн тамирчидтай тулалдаж байна.  Тийм болохоор тухайн тулааны ринген дээр өөрийн хийж чадах бүхнийг  тултал нь хийе.   Монгол  тамирчин UFC -д аварга болж чадна гэдгийг харуулах юмсан  гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг.

 

 

 “Зууны мэдээ” сонин
П.Амгаланбаяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.