"Хөдөлгөөнт цэг" ирэх зургаадугаар сард алслагдсан гурван дүүрэгт ажиллана
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн мэдээлэл, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “Хөдөлгөөнт цэг”-ийг ажиллуулж эхэлсэн билээ. Энэхүү “Хөдөлгөөнт цэг” өчигдөр Хан-Уул дүүрэгт ажилласан юм. Энэ талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл сурталчилгаа төвийн хууль сурталчлах албаны мөнежер Г.Сарангэрэлтэй ярилцлаа.
 
-Танайхаас иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх “Хөдөлгөөнт цэг”-ийг ажиллуулж эхэлсэн. Үүний гол зорилго нь юу вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Өнгөрсөн оноос эхлээд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс төвийн зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүрэг болон хөдөө орон нутагт “Хөдөлгөөнт цэг”-ийн үйл ажиллагаа зохион байгуулсан байгаа. Энэхүү хөдөлгөөнт цэгийг ажиллуулж байгаа гол зорилго нь алслагдсан хороо, дүүргийн иргэдэд мэдээлэл очих нь хомс байдаг. Иймээс хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой юм. Өнгөрсөн жил бид өөрсдөө явж шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа гарын авлага болон тараах материалыг өгч байсан. Харин энэ жилээс Хууль зүйн туслалцааны төвтэйгөө хамтарч, тус төвийнхөө өмгөөлөгч нартай хамт явж байгаа.
 
-Өнгөрсөн жил “Хөдөлгөөнт цэг”-ийн үйлчилээг нийт хэдэн удаа явуулсан бэ?
 
-Өнгөрсөн онд төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгт хоёр удаагийн давтамжтайгаар “Хөдөлгөөнт цэг”-ийн үйлчилгээг явуулсан.
 
-Иргэд хууль зүйн шаардлагатай зөвлөгөөг энэхүү цэгээс үнэ төлбөртэй авч байх уу?
 
-Иргэд хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй авах хүсэлтэй байдаг. Тиймээс ч бид энэхүү хэрэгцээнд тулгуурлан “Хөдөлгөөнт цэг’’-ээр дамжуулан үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг өгдөг. Ер нь энэхүү “Хөдөлгөөнт цэг” иргэдийн хүссэн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хангалттай өгч байгаа.
 
-Дүүрэг бүрт хичнээн цэг ажиллуулж байна вэ?
 
-Нийслэлийн зургаан дүүрэгт буюу Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт “Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны “Хөдөлгөөнт цэг”-ийг тухайлсан өдрүүдэд ажиллуулж байгаа. Дүүрэг тус бүрийн 4-5 цэгт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөдөлгөөнт цэг хүрч ажиллаж байна. Энэ удаагийн хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэгийг шинээр байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зохион байгуулж байгаагаар давуу талтай юм.
 
-Одоогоор хичнээн дүүрэгт ажиллаж байна вэ?
 
-Энэхүү хөдөлгөөнт цэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж явсан. Өнгөрсөн сард зургаан дүүргийн 20 хороогоор явж, 135 хэсгийн ахлагч, 345 иргэдтэй уулзаж хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Харин энэ сард одоогийн байдлаар дөрвөн дүүрэгт ажилласан байгаа.
 
-Нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллах төлөвлөгөөтэй гэсэн. Үлдсэн дүүрэгт хэзээ очиж ажиллах вэ?
 
-Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Сонгинохайрхан болон Баянгол дүүрэгт ажиллана. Харин алслагдсан гурван дүүрэгт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “Хөдөлгөөнт цэг” ирэх зургадугаар сард ажиллана.
 
-“Хөдөлгөөнт цэг” ажиллах хороог хэрхэн сонгож байна вэ. Иргэдээс санал авсан уу?
 
-Бид хороодыг сонгохдоо дүүргийнхээ захиргаа хуулийн хэлтэстэй холбогдож, хороодын саналыг авдаг. Энэхүү саналынхаа дагуу хороодыг сонгон ажиллаж байгаа. Cap болгонд 3-5 хороонд ажиллана гэсэн төлөвлөгөө гарсан байгаа. Үүнийхээ дагуу хамгийн багадаа гурван хороонд ажиллаж байна.
 
-Ер нь иргэд хууль зүйн зөвлөгөөг танай байгууллагаас авах болбол  хаана хандах вэ?
 
-Иргэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүй анхан шатны зөвлөгөө авч байгаа. Харин утсаар холбогдох бол 19001982 тусгай дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авч болно. Гэхдээ энэхүү тусгай дугаарың утасруу залгасан бол үүрэн телефоны оператор компаниас хамаараад минут тутамд 350-500 төгрөгийн төлбөртэй байдаг. Мөн манайх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан сургалт зохион байгуулж байгаа.Энэхүү сургалтаа улиралд нэг удаа зохион байгуулдаг. Эхний сургалт зөвлөгөө “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-н дээр зохион байгуулсан байгаа.
 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө сургалтыг зохион байгуулж байгаа гэж байна. Хууль зүйн тусалцаа зөвлөгөө
авах хүмүүс хэр хандаж байна?
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоо тогтоож, хамтарч ажиллах санал авсан байгаа. Иймээс тухайн иргэдийн байгаа газарт очиж сургалт зөвлөгөө өгдөг. Үүнд иргэд нэлээд идэвхитэй хамрагддаг юм.
 
-“Хөдөлгөөнт цэг” ажиллаж байгаа газарт иргэд хэр хандаж байна вэ. Иргэд ихэвчлэн ямар зөвлөгөө авч байна?
 
-Бид очиж ажиллахаас өмнө 2-4 хоногийн өмнө нь хорооны зохион байгууллагчдаар зарлуулдаг. Нэг хороонд ойролцоогоор 20-30 хүн цуглаж зөвлөгөө мэдээлэл авдаг юм. Тэр дундаа гэр бүлийн салалт болон хүүхдийн асуудал болон газар, гэмт хэрэгт холбогдсон асуудлаар ихэвчлэн зөвлөгөө авч байна. Мөн хэсгийн ахлагчид мэдээлэл зөвлөгөө түлхүү өгч ажиллаж байгаа.

-“Хөдөлгөөнт цэг”-ийн нэгдсэн дүн мэдээ гэж гаргах уу?
 
-Тайлангаа cap сард гаргаад явна.

Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.