Соёлын салбар хөгжих үү хөлдөх үү
Соёлын салбар хөгжих бус хөлдөх дээрээ тулчхаад байна гэх яриа ёстой л амнаас ам дамжин яригдсаар удаж, Соёлын яамныхан ч дөжрөх тийшээ хандаж байгаа бололтой.
 
“Энэ салбарыг хөгжүүлье гэхээсээ илүү карьер хөөсөн, мэргэжлийн бус нөхөд гүйлдээд байгаа болохоор ер нь яаж ч өөдтэй байх билээ. Мэргэжлийн бус хүмүүс юу ч хийж чадахгүй, юуг нь хөгжүүлэх  гэж байгаагаа ч ухамсарлахгүй яваа” гэж Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нэгэнтээ бухимдсан байдаг.
 
Тэртээ 1970-аад оны сүүлчээр их урлагт хөл тавьж байсан тэрбээр өнөөгийн байдалд бухимдах нь аргагүй л юм.
 
Тэр одоогийн залуусын ад үздэг Социализмын үеийн тухай “Социализмын үед юунд ч санаа зоволтгүй ажиллаж болдог байсан. Өнөөдөр үхтэлээ ажилласан ч цалингаа авч чадахгүй байна. Би социализмыг магтаад байгаа юм биш,... Уг нь нийгмийн өөрчлөлтүүд дунд монголчууд маань хөгжөөд явах чадалтай, чадвартай. Харин дээд хүмүүс нь суудлаа олохгүй болохоор доод хүмүүс нь гүйдлээ олохгүй яваа л байхгүй юу” гэсэн байв. Товч бөгөөд тодорхой, бас үнэн тэр.
 
Соёлын яамтай болсонд ахмад уран бүтээлчид баярладаг, бас харамсдаг юм билээ. Учир нь эхлээд С.Чулуун гэж нөхөр уг яамыг толгойлж байтал өмнөд хөрш рүүгээ архивын материал гаргасан учраас буусан. Харин дараагийнхыг нь ёстой “НАЙМААЛЦАЛ” маягаар нэг бүсгүйд өгчихсөн.
 
Урлаг мэдэхгүй тэрбээр энэ салбарыг эгээ л ТВ-ийн зарчмаар явуулчих юм шигг бодож том эндүүрсэн нь илт байлаа. Бусдын хурууны аясаар хөдөлж энэ тэр театруудын дарга нарыг өөрчлөх, дэд дарга нарыг нь дээшлүүлээд тавьчих зэрэгт л санаа бодол уралдуулж, гуйлга түүлгээс үтэр түргэн салчихыг бодож байгаагаас биш Монголын соёл урлагийн салбарт дорвитой зүйл хийж чадахгүй гэж олны ярьдаг үнэн болж харагдаад байгаа юм.
 
Шилл шилээ дарсан олон кино гарч байгаад саян нэг анхаарав бололтой, шилдэг сонгодог, комиссолдог болно гэснээс өөр дорвитой зүйл Соёлын салбарт бараа ч алга.
 
Тэгээд ч “Урлагийн байгууллагуудын ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч ажиллана” гэсэн нь молигоо үмхүүлсэн байж. Уг нь таныг ингэж хэлэхэд “За одоо л нэг ар амьдралдаа санаа зовохгүйгээр уран бүтээлдээ шуурхайлж болох нь” гэж хөгшин залуу гэлтгүй бүхий л уран бүтээлчид горьдлого тээсэн. Харин одоо хуруугаа ч хөдөлгөхгүй  байгаа болохоор нь итгэл алдарч буй биз.
 
Тийм болохоор “Соёлын салбар хөгжих үү, хөлдөх үү” гэж асуухаас ч, халаглахаас ч яах билээ. Тэгээд ч энэ салбарыг уутлаад зардаг төмс лугаа адил гэж бодож буй бол том эндүүрэл шүү Ч.Номин сайд аа. Тиймээс эр зориг гаргаж хийж чадах хүнд нь ажлаа өгчхөөд эрх дураараа тонгочиж төмсөө савлана уу, телевизээ удирдана уу  ёстой хамаа ч алга. Монголын соёлын салбарыг ч чөдөрлөхөө больж үз.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.