Авлигын эсрэг хуулийн мэргэжилтэн Matthew Stephenson Орос, Украйны дайнд авлига хэрхэн нөлөөлж болох талаар тайлбарлав

Орос Украин руу довтолсноос хойш хэдэн долоо хоногт АНУ, Европ болон дэлхийн хэд хэдэн улсууд Оросод өргөн хүрээний эдийн засгийн хориг арга хэмжээг авсан бөгөөд зарим арга хэмжээ нь Владимир Путинтэй ойр дотно Оросын олигархуудыг онилж байна. Путинд дэмжлэг үзүүлдэг чухал эх үүсвэр байж болох Оросын томоохон байгууллага, компаниуд болон тэрбумтан бизнесменүүдийн хөрөнгийг хурааж авснаар Оросын ерөнхийлөгч төлөвлөгөөндөө ухралт хийнэ гэж эвслүүд найдаж байна.

Дэлхийн авлига болон хориг арга хэмжээний хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгохын тулд Harvard Law Today сэтгүүл Харвардын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Eli Goldston хуулийн профессор, авлигын эсрэг хууль, хууль тогтоомжийн мэргэжилтэн Matthew Stephenson-той ярилцлаа. Тэрээр авлигын эсрэг шинэчлэлийн чиглэлээр олон улсын болон харьцуулсан судалгаа хийдэг ба дэлхий даяар авлигын асуудалд дүн шинжилгээ хийх, хэлэлцэхийг дэмжих зорилготой Дэлхийн Авлигын эсрэг блог-ийг хөтлөн явуулдаг. Стефенсоны блог болон хөтлөн явуулдаг KickBack подкастын Украинд болж буй хямралтай авлига хэрхэн холбогдож байгаа талаар контентууд болон мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагуудыг онцолж байна.

Stephenson Harvard Law Today сэтгүүлд өгсөн ярилцлагадаа авлига нь одоогийн мөргөлдөөнд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар тайлбарлав.

Сурвалжлагч: Энэ мөргөлдөөнд авлига ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та бодож байна вэ?

Мэргэжилтэн: Би Оросын мэргэжилтэн ч биш, Украины мэргэжилтэн ч биш гэхдээ миний ярилцсан зарим мэргэжилтнүүд өнөөгийн мөргөлдөөн үүсэхэд авлига нь ажиглагчдын дүгнэж байгаагаас ч илүү үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой хоёр тайлбар байна. Нэг нь Орос энэ дайныг эхлүүлсэн нь зарим талаараа Путиний засгийн газрын алдаа дутагдалтай байдал, ялангуяа баялгийн хэт тэгш бус байдал /ихэнх нь авлигаас үүдэлтэй/-ын талаарх хүмүүсийн дургүйцэл нэмэгдэж байгаа учир үүнтэй холбоотой анхаарлыг өөр тийш нь хандуулах зорилготой байж болох юм. Энэ нь тийм ч үнэмшилгүй зүйл биш бөгөөд улс орнууд дайнаар өөрсдийн асуудлыг далдалж ирсэн түүхүүд бий.

Украины зарим мэргэжилтнүүдээс сонссон өөр нэг аргумент бол Украинд болж буй үйл явцтай холбоотой юм. Ерөнхийлөгч Зеленский нь ерөнхийлөгчийн сонгуульд авлигын эсрэг мөрийн хөтөлбөр гаргаж нэр дэвшсэн. Украины авлигатай тэмцэгч нар авлигын асуудалд ахиц дэвшил гарсан эсэх талаар янз бүрээр дүгнэсэн ч ерөнхийдөө Зеленскийн засгийн газар авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гаргасан юм шиг санагдаж байна. Зарим мэргэжилтнүүд Ерөнхийлөгч Зеленскийн авлигатай тэмцэхэд гаргасан дэвшил нь Путин болон түүний эргэн тойрон дахь хүмүүст заналхийлж болзошгүй талаар маргаж байсан. Өөрөөр хэлбэл Украин Оросруу ямар нэгэн цэргийн аюул заналхийлсэн гэсэн үг биш бөгөөд Украины авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Путины засгийн газарт аюул учруулах боломжтой юм.

Сурвалжлагч: Олон улсын хамтын нийгэмлэг их хэмжээний авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Кремль болон түүнтэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ авах замаар Ерөнхийлөгч Владимир Путинийг зогсоохыг оролдож байна. Эдгээр олигархууд хэн бэ, мөн Путинтэй ямар холбоотой вэ?

Мэргэжилтэн: Би өөрийгөө Оросын улс төрийн нарийн ширийн зүйлсийг мэддэг мэргэжилтэн гэж бодохгүй байна. Бид заримдаа “олигархууд”-ын тухай Путин болон түүний засгийн газартай нэг төрлийн хүмүүс юм шиг ярьдаг. Мөн заримдаа олигархуудыг Оросын улс төрийн элитүүд ч гэдэг. Гэхдээ надаас илүү мэдлэгтэй хүмүүстэй ярилцах боломж олдсоны үндсэн дээр миний ойлгосноор энэ нь илүү төвөгтэй зүйл байсан.

Путин болон түүний засгийн газарт янз бүрийн түвшинд ойр дотно байдаг Оросын маш их хөрөнгөтэй бизнесменүүдийг олигархууд гэж нэрлэдэг. Олигархууд нь дотооддоо олон янзын бүлэг боловч үндсэндээ засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг эсхүл ядаж засгийн газрыг эсэргүүцдэггүй хүмүүс бөгөөд засгийн газраас тэдэнд илүү боломж олгодог. Путинтэй тэмцэлдэх гэж байгаад дарагдсан, шоронд хоригдсон зэрэг олигархуудын жишээнээс харахад эдийн засгийн байр сууриа ашиглан Путинтэй улс төрийн тэмцэл хийхийг оролдох нь маш аюултай зүйл гэдэг нь тодорхой байна. Тиймээс одоо байгаа олигархууд нь үндсэндээ Путиний удирдлагыг дэмждэг, эсвэл ядаж хүлээн зөвшөөрдөг хүмүүс юм. Тэдний олонх нь хээл хахуулийн замаар олж авсан хосгүй их баялагтай байдаг.

Сурвалжлагч: Хэрэв Оросын олигархуудын эсрэг хориг арга хэмжээ авбал энэ нь Путины үйлдэлд ямар нөлөө үзүүлэх вэ?

МэргэжилтэнХэрэв та эдгээр Оросын тэрбумтнуудын эсрэг арга хэмжээ авбал тэд Путин дээр очоод түүнийг өрөөнд оруулаад "Чи үүнийг зогсоох хэрэгтэй" гэж хэлэх болов уу гэж найдаж байсан хэдий ч миний ярилцсан Оросын улс төрийн мэргэжилтнүүд энэ нь мэдээж боломжгүй гэж шууд л хариулсан. Бид магадгүй олигархууд Путинээс хамааралтай, Путин мөн олигархуудын дэмжлэгээс хамааралтай гэдэгт итгэхийг хүсэж байгаа байх гэхдээ ямартай ч миний ойлгосноор Путинд олгиархууд хэрэгтэйгээс илүү олигархуудад Путин хэрэгтэй. Тиймээс эдгээр олигархи гэж нэрлэгддэг хүмүүс богино хугацаанд Путиний бодлыг өөрчлөх боломжгүй юм. Зарим олигархууд ерөнхийдөө дайныг эсэргүүцэж байна гэж шуугиан дэгдээж байгаа ч засгийн газрын үйл ажиллагааг эрс эсэргүүцэхгүй байгаа нь харагдаж байсан.

Миний хувьд дээрх хориг арга хэмжээ болон Орос дэлхийн эдийн засгаас тусгаарлагдсан явдал нь эцсийн дүндээ улс төрийн чухал нөлөө үзүүлээсэй гэж найдаж байна. Гэхдээ хэдхэн долоо хоног, хэдэн сарын дараа олигархууд Путиний санаа бодлыг эргүүлж, Путин бодлогоо өөрчилнө гэж найдах нь хэт өөдрөг хүлээлт гэж бодож байна.

Сурвалжлагч: Саяхан блогтоо бичсэн нийтлэлдээ та Оросын батлан хамгаалах салбар дахь авлигын үүргийг онцолж байсан. Арми дахь авлига Украины дайнд ямар нөлөө үзүүлж болох вэ?

МэргэжилтэнОросын арми, батлан хамгаалах салбар дахь авлига нь дайны талбарт байгаа Оросын зэвсэгт хүчинд чухал нөлөө үзүүлж байгаа эсэхийг яг одоо тодорхой мэдэхгүй байна. Дайны манан дунд Украинаас ирж буй бүх мэдээ эргэлзээтэй байна. Гэхдээ Оросын зэвсэгт хүчинд учирч буй ложистикийн болон үйл ажиллагааны зарим хүндрэл нь Оросын арми, батлан хамгаалах салбар дахь өргөн хүрээтэй авлигын үр дагавар байж болзошгүй гэсэн мэдээ урьдчилсан байдлаар гарсан байна. Энэ мэдээ нь баталгаатай эсэхийг мэдэхгүй ч батлан хамгаалах салбарт өргөн тархсан авлига нь армийн үйл ажиллагааг ихээхэн султгаж байсан талаар улс орнуудын үндэслэл бүхий жишээ байдгаас үзэхэд энэ нь боломжтой санагдаж байна. Оросын батлан хамгаалах салбарт олон жилийн өмнөөс авлига өргөн тархсан гэдгийг хангалттай баримтжуулсан байдаг. Тиймээс авлига Оросын цэргийн хүчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэвэл би үнэхээр гайхах болно. Гэхдээ батлан хамгаалах салбар дахь авлига нь яг одоо дайны талбарт болж буй үйл явдалд хангалттай нөлөөлөхүйц том эсэх талаар үнэхээр мэдэхгүй байна.

Сурвалжлагч: Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Байден авлигатай тэмцэх нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол” хэмээн  тодорхойлж, 12-р сард Цагаан ордноос “Авилгатай тэмцэх АНУ-ын стратеги”-ийг нийтэлсэн. Та энэхүү стратегийн талаар ямар дүгнэлт хийж байна вэ?

МэргэжилтэнТэгэхээр энэ нь АНУ-ын Засгийн газар эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч дэлхий даяар авлигатай тэмцэх нь чухал гэдгийг анх удаа ярьж байгаа явдал биш юм. Өмнөх засгийн газрууд авлигын талаар ямар нэг хэлбэрээр ярьдаг байсан хэдий ч Байдены Засгийн газар авлигын эсрэг стратегийн баримт бичгийг боловсруулан гаргасан нь чухал ач холбогдолтой байна. Дэлхий даяарх авлигатай тэмцэх нь АНУ-ын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол гэж тодорхойлсны шалтгаан, авлигатай тэмцэх иж бүрэн стратеги болон үүнийг шийдвэрлэх цогц стратегийг тодорхойлсон ийм баримт бичгийг Цагаан ордон анх удаа гаргасан гэж бодож байна.

Баримт бичгийн агуулга, тодорхой бодлого, санаачилгуудын хувьд тийм ч шинэлэг зүйлс байхгүй байсан. Тиймээс минийхээр энэхүү баримт бичгийг бэлгэдлийн шинж чанартай гэж үзэж байгаа, гэхдээ бэлгэдэл ч бас чухал. Мөн уг баримт бичиг нь олон улсад ч хэрэг болох байх. Энэхүү баримт бичгийг гаргах болсон нэг шалтгаан нь Трампын засаг захиргааны үед асар их хохирол амссан энэ талбарт АНУ-ын манлайллыг сэргээхийг оролдож буй явдал юм шиг санагдаж байна.

Сурвалжлагч: Өнөөдөр ОХУ-д анхаарлаа хандуулж байгаа ч АНУ-ын олон холбоотнууд, тэр дундаа Украин улс ихээхэн хэмжээний авлигад автсаар байна. Авлигатай тэмцэхэд өөр юу хийж чадах вэ?

МэргэжилтэнӨмнө нь дурдсанчлан, Украинд болсон эмгэнэлт үйл явдлууд барууны засгийн газруудад бохир мөнгөний эсрэг тэмцэхэд түлхэц өгч, улмаар улс төрийн эерэг нөлөө үзүүлж магадгүй гэж би бодож байна.

Таны "Авлигатай тэмцэхийн тулд өөр юу хийж чадах вэ" гэсэн асуултад хариулахад хэтэрхий олон зүйл байна. Дэлхийн улс орнууд төрийн хөтөлбөрүүдэд аудит хийх тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатай байна. Одоо байгаа авлигын эсрэг хуулиудыг илүү чанга хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Авлигатай тэмцэх бодлого, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд тэдний бие даасан байдлыг хангах хангалттай хамгаалалттай байх шаардлагатай байна. АНУ-ын Засгийн газар эдгээр болон бусад хүчин чармайлалтыг дэмжих ёстой.

Гэхдээ дэлхийн түвшинд, хэрэв би зайлшгүй анхаарлаа хандуулах нэг хэсгийг сонгох шаардлагатай бол энэ нь чинээлэг орнуудад олон улсын бохир мөнгөний урсгалыг бий болгоход үүрэг гүйцэтгэсэн хувь хүмүүс болон байгууллагуудын асуудлыг шийдвэрлэхэд чиглэх болно. Одоо гол анхаарлын төвд байгаа Лондон, Нью-Йорк, Парис зэрэг газар өмч хөрөнгө, банкны данс болон бусад хөрөнгөтэй Оросын бүх олигархууд болон Кремлийн холбоотнуудын асуудал улс төрийн хүрээнд үр бүтээлтэй шийдэгдэнэ гэж найдаж байна.

АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.