Цахим орчинд хоёр хүүхдийн нэг нь дээрэлхэлтэд өртдөг

“Би 1990 онд төрсөн. Намайг сургуульд байхад ангийн багш “чи сурвал сур, чадахгүй бол гараарай” гэдэг байсан. Учир нь би амьдралын боломж тааруу айлын хүүхэд. Эгчтэйгээ дундаа нэг хувцас өмсдөг. Нэг өдөр эгч хоцорсноос болоод биеийн тамирын хичээл дээр пүүзгүй, оймстойгоо гүйх болсон. Хүүхдүүд миний цоорхой оймсыг хараад шоолж, ядуу гэж дээрэлхдэг байсан. Энэ бол 20-аад жилийн өмнөх үйл явдал. Гэтэл одоо ч ийм асуудал үргэлжилсээр байна” гэж хэлэлцүүлэгт оролцогч ярив. Энэ бол “Дээрэлхэлтийг таслан зогсооё: Бид юу хийж чадах вэ?” олон талт форумын үеэр дурдагдсан ганцхан жишээ. Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт зөвхөн манай улсад төдийгүй олон улсын боловсролын салбарт тулгамдсан асуудал.

Сургуулийн орчин дахь дээрэлхэлт нь зөвхөн бие махбодын хүчирхийллээр илэрдэггүй. Үг хэл, гадуурхах шинжтэй үйлдлээр илэрч яваандаа хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байгааг судлаачид анхааруулж байна. Тухайлбал, жил бүр 246 сая хүүхэд, өсвөр насныхан ямар нэг хэлбэрээр сургуулийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээлэл байдаг. Харин манай улсад хийсэн сүүлийн үеийн судалгаагаар цахим орчинд хоёр хүүхдийн нэг нь дээрэлхэлтэд өртдөг, нийт дотуур байрны хүүхдүүдийн 76.2 хувьд нь  бие биенээ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол ноцтой тоо.

Түүнчлэн Харилцаа, холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн үндэсний хэмжээний цахим хэрэглээний судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан хүүхэд бүр ямар нэг төрлөөр цахим орчинд хүчирхийлэлд өртөж байсан гэсэн байна. Тодруулбал, цахим орчинд хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн 53 хувь нь таньдаг хүн, сургуулийн найз нөхдийнхөө, 47 хувь нь огт танихгүй хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ. Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн сурах, хөгжих, эрүүл байх эрхийг ноцтой зөрчиж цаашлаад оюун санаа, бие бялдарын өсөлт, хөгжилт, амь насанд эрсдэл учруулж болзошгүй том асуудал. Анхаарлаас гадна өнгөрүүлэх боломжгүй, болохгүй. Ийм асуудлыг гадны олон оронд хууль тогтоомжуудаараа зохицуулдаг. Гэтэл манай улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомж байхгүй. Бүр хэн хариуцах нь ч тодорхойгүй. Сургуулийн орчин, багш, сурагчтай холбоотой болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, эрхийг хамгаалах асуудал нь БШУЯ хариуцах авч эрхийг хангах төсөв, зарцуулалт нь ХНХЯ хариуцдаг аж. Ерөнхийдөө асуудал үүсэхээр манайх, танайх гэсээр эзэнгүй үлддэг гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид ч шүүмжлэв. Тэгвэл энэ асуудлыг ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэж Боловсролын багц хуульд тусгахаар болжээ.

“ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХЭД ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН НӨЛӨӨ ИХ БИЙ”

Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулахад зөвхөн сурагчид анхаарах нь асуудлыг бүрэн шийдэхгүй гэдгийг багш, нийгмийн ажилтнууд онцоллоо. Тухайлбал, хэлэлцүүлэгт оролцогч сургуулийн нийгмийн ажилтны төлөөлөл “Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийг үл хайхрах хүчирхийлэлд өссөн хүүхдүүд ихэвчлэн үйлдэж байна. Нийгмийн ажилтны хувьд сургуулийн орчинд хүчирхийлэл үйлдсэн, нэгнээ гадуурхсан асуудлыг хоёр талтай ярилцаж зөвлөгөө өгч зохицуулалт хийдэг. Гэвч сургуулийн хүчирхийллийг ор мөргүй таслан зогсоох, эцэслэн шийдвэрлэх боломж байдаггүй. Тиймээс асуудлын шийдэл, гарц, гаргалгаанд төвлөрч ярилцахыг уриалж байна. Сургуулийн хүчирхийлэл үйлдэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлж байна. Хүүхэдтэй холбоотой үүссэн асуудлыг зөвхөн багш нарт тулгаж хүүхдийн зан төлөвийг шороотой хутгаж байгаа нь томчууд бид өөрсдөө юм” гэдгийг хэлэв. Тиймээс сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудалд хамтран ажиллаж эцэг эхчүүд тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх санаачилгыг гаргалаа.

Мөн сургуулийн орчин дахь хүчирхийлэл нь зөвхөн сурагч, үе тэнгийнхэн хооронд үйлдэгддэггүй. Багш нар сурагчдаа дээрэлхэж, үзэл бодлоо тулгах, үг хэлээр доромжлох зэргээр ёс зүйгүй авир гаргадаг аж. Тиймээс сургуулийн хүчирхийлэлд багш нарыг хүртэл хамруулан ойлгох ёстойг сурагчид онцоллоо. Энэ талаар 35 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч Д.Дөлгөөнтунгалаг “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт нь эцэг эхчүүд, багш нарын анзаардаггүй далд хэлбэрээр эсвэл жижиг үйлдлээр илэрч байдаг. Хүчирхийлэлд олон хүчин зүйл нөлөөлж байна. Ямарваа нэг хэлбэрийн дээрэлхэлт хохирогч хүүхдийн сэтгэл зүйд маш хүндээр тусдаг. Гэвч эцэг эхчүүд, багш нар үүнийг ойшоодоггүй нь асуудал хүндрэх шалтгаан юм. Түүнчлэн зөвхөн үе тэнгийнхний дээрэлхэлтээс гадна ахимаг насны багш нар үзэл бодлоо тулгах, өөрсдийн туулж ирсэн нийгмийн байдал, цаг үеийн үзэл суртлаараа сурагчдыг удирдах хандлагатай байдаг. Энэ нь сурагч, багшийн хооронд үл ойлголцох үүсгэх, эргээд багш нар сурагчдыг дүнгээрээ боох тохиолдол гардаг. Энэ нь нэг төрлийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг хэлбэр гэж харж байгаа. Томчууд бодит амьдрал дээр болон цахим орчинд ч мэдрэмжтэй, мэдлэгтэй, үлгэрлэгч байгаасай гэж хүсдэг” гэв.

Тэгэхээр сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсоохын тулд салбар хоорондын уялдаа холбоог тодорхой болгож, хуулийн нарийн зохицуулалттай болгох шаардлагатай байна.

 

Ц.Мөнхцэцэг: Боловсролын багц хуульд сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг тусгана

/УИХ-ын гишүүн, доктор, профессор/

 

-Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг таслан зогсоох асуудал БШУЯ хариуцах боловч төсвийн зарцуулалтыг ХНХЯ хариуцдаг. Мөн орон нутаг дахь хүүхэд хамгааллын байцаагч тэдгээрийн үйл ажиллагаа сургуультай уялдаагүй байна. Өнөөгийн бодлогын зохицуулалт салбар хоорондоо харилцан уялдахгүй байгаа. Тиймээс хаврын чуулганаар Боловсролын тухай багц хуулиуд хэлэлцэнэ. Хуульд хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүхий сургуулийг бий болгох тухайд бодлогын шийдлүүдийг тусгана. Хүүхэд хүчирхийлэлгүй, айдасгүй, эрүүл орчинд сурч хөгжих ёстой. Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг улс орнууд хоёр төрлийн зохицуулалт хийсэн жишээ бий. БНСУ, Австрали, Сингапур, Финланд улс хүүхэд хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг тусгайлсан хуультай. Хуулиар дээрэлхэлд өртсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгаж зохицуулдаг. Гэтэл манайд сургуулийн орчинд үйлдсэн дээрэлхэлтийг зохицуулсан заалт байхгүй. Хоёрдугаарт, АНУ, Герман дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр, бодлого хэрэгжүүлдэг. Улс орнууд ийм нарийн зохицуулалттай, үүнд чухалчлан анхаардаг байхад манайд дээрэлхэлтийг төдийлөн ноцтой зүйлд үздэггүй. Угаас байдаг зүйл мэт ойлголттой байдаг талаар хэлэлцүүлгээр шүүмжилж байна. Энэ ойлголтыг, хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Дээрэлхэлт хохирогч хүүхдэд урт хугацааны сэтгэл зүйн дарамт болон хүчирхийллийн ул мөр үлдээдэг.

 

Г.Номин-Эрдэнэ: Цахим соёлыг хүүхдүүд сайн сурдаг ч эцэг эхчүүд сөргөөр нөлөөлдөг

/“Faro foundation Mongolia”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал/

 

-Бид 2018 оноос цахим аюулгүй харилцаа, дижитал иргэн байх төсөл, сургалтыг явуулж ирсэн. Хүүхдүүдэд цахим орчинд соёлтой байх, хүндэтгэлтэй харьцах сургалт орж нөлөөллийн олон талт ажил зохион байгуулдаг юм. Хүүхдүүд цахим орчин дахь соёл, харилцааны ёс зүйн талаар сайн сурдаг. Гэтэл нөгөө талд хүүхдийн үлгэр жишээ авдаг эцэг эх, асран хамгаалагч, хамаатан садны ах эгч, багш нар нь цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргаж нэгний дээрэлхэж байх жишээтэй. Эцэг эхчүүд өөрсдөө цахим орчинд хүчирхийлэл, гадуурхалтыг хүүхдэдээ харуулж нөлөөлж байна. Ноцтой жишээ дурдъя. Цахим орчинд хамаатны ах нь дүүгийнхээ зургийг зарж байсан тохиолдол гарсан. Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдүүд зөвхөн бие махбодын биш олон төрлөөр дээрэлхэлт, гадуурхалтанд өртөж сэтгэл зүйгээрээ хохирч байна. Тэгэхээр аливаа хүчирхийлэл үйлдэгдсэний дараа биш урьдчилан сэргийлж мэдлэгтэй болгох шаардлагатай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бямбажаргал
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.