ХААН галерейд залуу уран бүтээлч Э.Ононгуагийн анхны бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

ХААН галерейд залуу уран бүтээлч Э.Ононгуагийн анхны бие даасан “Нөмөр” контемпорари үзэсгэлэн 2022 оны 3-р сарын 2-ны өдрөөс  олон нийтийн хүртээл  болоод байна.

Энэхүү үзэсгэлэнд том хэмжээний нийт зургаан уран бүтээл тавигдсан бөгөөд үүнд  уран бүтээлчийн бага насны нандин дурсамж, өсөж төрсөн нутгийнх нь дотно дулаан өнгө төрхийг бүрэн илэрхийлэх хатгамал бүтээлүүд багтжээ.

Гайхалтай уран тансаг нарийн хатгамал бүхий “Шувуун мөр” бүтээл нь 21 Дарь эхийг дүрсэлсэн 21 хэсгээс бүрдэх бөгөөд Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг санагдуулах хэдий ч Дарь эхийн суудал хөдөлгөөнөөр эгэл жирийн эх хүний дүрийг гарган бүтээснээрээ онцлог байлаа. Нэн эртний хүн төрөлхтний гар урлагийн төрөл уран хатгамлыг одоо цагийн утга агуулгатай хослуулан бүтээсэн нь эрт эдүгээгийн хүний мөнхийн бүтээлч сэтгэлгээ, хувиршгүй нандин гэгээн  мөрөөдлийг илтгэх мэт.

Уран бүтээлч Э.Ононгуагийн анхны томоохон хэмжээний өрөг урлагийн бүтээл нь 108 монгол дээлээс бүрдсэн “Нөмөр” нэртэй бүтээл юм.  Нүүдэлчин монголчуудын соёл уламжлал, ахуйн шинж чанарыг шингээсэн үндэсний дээлээс бүрдсэн энэхүү бүтээлийг нисэж яваа нүүдлийн тогорууг санагдуулам байдлаар өлгөсөн нь олон жилийн тэртээгээс, ах дүүсээрээ дамжин өмссөн дээл нь нэг талаас хүний сүнслэг ертөнцийг тээн нисэгч, нөгөө талаас нүүдэллэн явсан ч төрсөн нутгаа зорих мөнхийн эргэх хөдөлгөөнийг илэрхийлж буй юм.

Уран бүтээлч Э.Ононгуагийн “Нөмөр” контемпорари үзэсгэлэн 2022 оны 3-р сарын 22-ныг хүртэл  ХААН галерейд үргэлжилнэ. 

 
Бусдад түгээх
  • gplus