Барууны орнуудад шатахууны үнэ дээд хэмжээнд хүртлээ өслөө

Украин руу халдсантай холбоотойгоор АНУ Оросын холбооны улсаас газрын тос, байгалийн хий импортлохоо зогсоолоо.  Энэ үйл явцыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Оросын эдийн засгийн артерын гол судсыг онилсон” хэмээн тодотгов. 

Мөн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 2022 оны сүүлээр Оросын газрын тос болон холбогдох бүтээгдэхүүний импортод хориг тавихаа амлажээ. Тэрбээр өөрийнх нь улсын эрчим хүчний салбар хоригийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай байгааг мэдэгдэв. Харин Германы канцлер Олаф Шольц ийм хоригийг нэг өдрийн дотор гаргах боломж Европын орнуудад байхгүйг хэлсэн бол Брюсселийн эрх баригчид энэ онд багтаан Оросын байгалийн хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

Эрчим хүчний экспорт нь Оросын эдийн засгийн орлогын гол чухал эх үүсвэрийн нэг юм. Саудын Араб, Америкийн дараа орох дэлхийн гурав дахь том газрын тос үйлдвэрлэгч орон учраас Оросын эдийн засаг эрчим хүчнээс хараат байдаг. Гэхдээ ийн импортыг зогсоосноор барууны орнуудын хэрэглэгчдэд мөн адил нөлөө үзүүлнэ. Тухайлбал, хоёр улсын мөргөлдөөний улмаас АНУ болон Их Британид шатахууны үнэ дээд хэмжээндээ хүрээд байгаа бөгөөд цаашид ч улам нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав. Гэхдээ Оросын холбооны улсын газрын тосны нийлүүлэлтийг Венесуэль улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлснээр нөхнө гэж мэдэгдээд байна.

Венесуэлийн газрын тосны компаниудын холбооны ерөнхийлөгч Рейнальдо Кинтеро “Манай улс газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлж чадна. Хэрэв бид яг энэ цаг үед маш зөв дэд бүтэцтэйгээр, чадлаараа ажиллавал өдөрт 1.2 сая баррель газрын тос олборлох боломжтой. Ингэснээр Хойд Америкийн зах зээлийг бүрэн хангах боломж бүрдэнэ” гэж BBC-д ярьжээ.

Америк газрын тос болон боловсруулсан бүтээгдэхүүнийхээ найман хувийг, Их Британи газрын тосныхоо зургаан хувийг Оросоос импортолдог юм байна. Үүнээс гадна дэлхийн томоохон алдартай брэндүүд ОХУ дахь салбараа хааж, үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Хамгийн сүүлийн мэдээллээр McDonald's  болон Coca-Cola компани ОХУ-ын зах зээлээс гарчээ.

Эдгээр мэдэгдлүүдийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын аюулгүй байдлыг хангах үүднээс экспорт, импортын бараа бүтээгдэхүүнүүдэд эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа.  Ингэснээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эскпортлох, импортлохыг хориглов. Энэ шийдвэрийг АНУ болон холбоотнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2022-03-14 05:54:13
    Венесуэлийн олборлодог газарын тосны 80% нь Оросын мэдлийнх. Оросыг л гуйна ш дээ!
  • Saama 2022-03-11 12:19:10
    mongol gazriin tos gargaad echelbel.....
    • мн 2022-03-15 00:08:05
      Монгол газрын тос гаргаж байгаа. Гэхдээ дээр байгаа луйварчид хужаа нартай хувааж идээд дуусч байх шиг байна