Аймгууд өөрсдийн онцлог, нөөцөд тулгуурлан цахим шилжилтээ хийнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-с эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.

Тэгвэл өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Үүнээс тодруулбал,

  1. Төв аймаг – 47 үйлчилгээ
  2. Хөвсгөл аймаг – 71 үйлчилгээ
  3. Булган аймаг – 62 үйлчилгээ
  4. Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
  5. Орхон аймаг – 74 үйлчилгээ
  6. Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
  7. Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
  8. Хэнтий аймаг – 71 үйлчилгээг цахимжуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютераасаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзнэ гэсэн юм. Энэ хүрээнд аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ орон нутагтаа цахим шилжилтийг салбар бүрт алхам алхамаар нэвтрүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн НӨӨЦ төвийг байгуулан, өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд оруулжээ. Үүний зэрэгцээ Гэрэгэ системтэй хамтран “Смарт-Дархан” системийг хөгжүүлж байна.

Дархан-Уул аймаг нь 128 хяналтын камерыг ашиглан замын хөдөлгөөн, гудамж талбайд гарч буй гэмт  хэргийн хяналтыг хийж, зохицуулж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Тус аймгийн 22,000 өрх цахим тоолуурын системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тоолуурын бичилтийг алба хаагчид өрх бүрт биечлэн очиж, заалтыг тэмдэглэдэг байсан уламжлалт аргыг халаад байгаа ажээ. Үүний зэрэгцээ Дархан-Уул аймаг Callpro компанитай хамтран иргэдтэйгээ харилцаж, санал хүсэлтийг нь хүлээн авах, дамжуулах, эргэн хариу өгөх системийг нэвтрүүлсэн сайн жишиг байгаа юм.

Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөх шийдлүүдийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна.

Энэ мэтчилэн аймгууд өөрсдийнхөө түвшинд цахим шилжилтийг хийж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймаг бүрт мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүнийг бий болгох бөгөөд тухайн албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, иргэдээс  авч буй өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах, төрийн байгууллагаас биеэр очиж авдаг үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах, төлбөр тооцоог 100 хувьд цахимд шилжүүлэх,аймаг бүр өөрийн онцлогтоо тохируулан цахим шилжилтийг хийх, ингэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хяналт удирдлагын нэгдсэн системтэй болж, дата өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх үйлчилгээний төвтэй болох, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд зүгээс өнгөрсөн өдрүүдэд аймгийн удирдлагуудтай уулзахдаа санал болгосон юм.

Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Мөн суурь системүүдийн хувьд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “ДАН”, тоон гарын үсгийн “ESIGN” систем, төрийн мэдээлэл солилцооны систем “ХУР”, түүнийг дэмжих системүүд болох орон зай мэдээллийн систем болон баримт бичиг солилцооны системүүдийг хөгжүүлчихсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.