Н.Тунгалаг: Хүдрээс ГХЭ ялган авах дэвшилтэт технологи, боловсон хүчин байхгүй

Манай орны газрын ховор элементийн тархалтц, нөөц, боломжийн талаар өмнөх дугаарт хөндөн бичсэн. Тэгвэл энэ удаа ГХЭ-ийн ашиглалт, олборлолт, дан исэл гарган авах технологийн талаар ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогений салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н. Тунгалагтай ярилцлаа.

-Та газрын ховор элементийн талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу. Хэрэглээний хувьд?

-Газрын ховор элемент нь металл ашигт малтмалын нэг төрөл бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалд хамаарагддаг. Нэршлийн хувьд газрын ховор элемент, газрын ховор шорооны элемент, ховор шороон элемент гэх зэргээр нэрлэж ирсэн. Эдгээр элементүүдийн ионы радиус дээр тулгуурлан газрын ховор хөнгөн элемент болон газрын ховор хүнд элемент хэмээн хоёр ангилалд ялгаж үздэг.

Газрын ховор хөнгөн элементүүд нь лантанаас гадолини хүртэлх элементүүд байдаг бол газрын ховор хүнд элементүүд нь тербигээс лютеци хүртэлх элементүүд мөн энэ бүлэгт иттрийг оруулдаг. Эдгээр элемент нь ионы радиус болон химийн шинж чанараараа ижил төстэй. Газрын ховор элемент нь тийм ч ховор биш боловч байгальд хамт оршдогоороо онцлогтой. Газрын ховор элементийн дэлхийн царцдас дахь кларк агуулга нь алтнаас ойролцоогоор 100 дахин өндөр, никель, зэс, мөнгө, хар тугалга, цайр гэсэн металлтай ойролцоо болохыг тогтоосон байдаг. Газрын ховор элементийн дэлхий царцдасын дундаж агуулга нь 9.2 гр/тн гэж үздэг ч элементийн төрлөөсөө хамаараад өөр өөр байдаг. Хэрэглээний хувьд орчин үеийн хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт олон тооны өндөр технологийн бүтээгдэхүүн, шинэ нээлтүүд хөгжихийн хэрээр тэдгээр дэвшилтэд бараа бүтээгдэхүүн бүрт газрын ховор элементийн хэрэглээ өссөөр байна. Газрын ховор элементийн хэрэглээний гол салбар нь  тогтмол соронзон, металл хайлш, катализаторын үйлдвэр, өнгөлгөө юм. Ер нь хэтийн төлөв чиг хандлагын хувьд 17 металлыг өөртөө агуулдаг газрын ховор элементүүд нь харилцан адилгүй хэрэглээтэй. Цаашдын хэрэглээг бодитоор таамаглахад хүндрэлтэй байгаа ч хэрэглээ нь байнга өссөөр байна. Зарим элементийн хэрэглээ багасахад зарим нь ихсэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа, диспрози, неодим, европи газрын ховор хүнд элементийн хэрэглээ ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, ногоон технологийн хөгжилтэй холбоотойгоор салхин сэнс болон цахилгаан мотор үйлдвэрлэхэд диспрози хэрэглэж байна. Харин неодим, празеодим, самари гэсэн элементээр хийсэн тогтмол соронзонгууд нь хүчтэй, хөнгөн байдаг тул дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй өргөн хэрэглэгдсээр байх төлөвтэй.

-Манай орны газрын ховор элементийн тархац, тархалтын зүй тогтолын талаар?

-Монгол орны хувьд одоогийн байдлаар зургаан орд, 80 гаруй илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоогдоод байна. Нөөц, баялаг нь тогтоогдсон зургаан ордын хувьд хүдэржилт нь карбонатит ба шүлтлэг магмын чулуулагтай холбоотойгоор эх газрын нөхцөлд плит доторх идэвхтэй хагарлын бүс болон эх газрын төлөлтийн томоохон хагаралтай орон зайн хамаарал үүсгэдэг. Халзанбүргэдэй болон Улаан дэл ордууд нь баруун Монголд бусад нь Өмнөд Монголд тархалттай байдаг.  Халзанбүргэдэй орд нь Нуурын бүс болон Ховдын бүсийг зааглагч Цагаан шувуутын гүний хагарал дээр байдаг. Улаан дэл орд нь Хангайн гүний хагарлын өмнөд хэсэгт байршдаг.

Мушгай худаг болон Хотгорын ордууд нь Монголын голч хэмээх хагарлын дагуу байрших ба Мушгай худаг орд  хойд хэсэгт нь харин Хотгорын орд нь өмнөд хэсэгт оршдог юм. Лугийн голын ордын хувьд Хутаг уул болон Сулинхээрийн бүсийг зааглагч Зүүнбаянгийн хагарлаар хянагддаг. Бусад илрэл, эрдэсжсэн цэгүүдийн тархац нь Хангайн гүний хагарал, Агардагын хагарал, Цагаан шувуутын хагарал, Ховдын хагарал, Булганы хагарал гэсэн том хагарлаар хянагдсан геологи-хүдэржилтийн зүй тогтолтойгоор байршдаг гэж судлаачид үздэг байгаа. Одоогийн байдлаар Монгол оронд хэдийгээр цөөн орд дээр нөөц тогтоосон боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар одоогоор байхгүй. Харин нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоосон.

-Ер нь ГХЭ-ийн талаар хийсэн судалгаа, судалгааны ажил хэр бий вэ?

-Манай орны нутаг дэвсгэрт геологийн судалгаа хэдийгээр XIX зууны дунд үеэс эхэлсэн түүхтэй боловч 1939 онд Монголын геологийн алба байгуулагдсан цагаас хойш тодорхой төлөвлөлттэйгөөр хөгжсөн гэж үздэг. 1960-аад оноос манай улсад аж үйлдвэржих явц эрчимтэй хөгжих болсонтой уялдан нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын судалгааг өргөн хүрээтэй явуулах бодит шаардлага буй болж геологийн судалгааны бүх чиглэлийн ажлыг хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, үндэсний боловсон хүчнийг эрчимтэй бэлтгэх асуудал тавигдсан түүхтэй. Газрын ховор элементийн судалгааг үүнтэй шууд холбоотойгоор хийж ирсэн. Монгол орны газрын ховор элементийн хүдэржилтийн судалгааг Зөвлөлтийн ШУА-ийн геологийн экспедиц, Монголын ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалж чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Жишээлбэл, өмнөд Монголын хэмжээнд Ханбогдын тантал, необийн эрдэсжилт бүхий шүлтлэг боржингууд, Мушгай худаг, Лугийн голын газрын ховор элементийн орд, илрэлүүдийг судалсан. Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн хүдэржилтийн талаар улсын төсөвт сэдэвчилсэн ажлууд, хувийн хэвшлийнхний эрэл хайгуулын ажлууд болон эрдэм шинжилгээ судалгааны ажил нэлээд хийж олон бүтээлд тусгалаа олсон байдаг.

 -Газрын ховор элементийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж манай улсад бий юу. Аль 2010-аад оноос манайхан газрын ховор элементийг ашиглая, одоо л биш бол хоцорлоо гэж хэвлэлээр шуугиж байсан?

-Монгол-Зөвлөлтийн геологийн экспедицийн хамтарсан судалгаагаар 1970-аад оны үед Монгол орны өмнөд хэсэгт газрын ховор металлын хүдэржилт бүхий шүлтлэг боржингийн бүхэл бүтэн мужийг нээн илрүүлсэн юм. Тухайн үед экспедицийн дарга, доктор Н.С.Зайцев нар  Монгол орныг “Дэлхийн газрын ховор элемент болон ховор металлын түүхий эдийн хэтийн төлөв сайтай орнуудын нэг” гэж дүгнэж байсан. Одоогийн судалгаагаар Монгол орны газрын ховор элементийн ордууд нь нөөцийн болон тогтоогдсон агуулгын хэмжээгээрээ дунд зэргийн ордод хамаардаг. Ордуудыг нөөцийн хэмжээгээр нь жижиг, дунд, том болон маш том орд, агуулгын хэмжээгээр нь маш баян, баян, дунд зэргийн, ядуу гэж тооцдог юм. Ер нь шинэ технологийн ололт, нээлттэй холбогдон газрын ховор элементийн хэрэглээ ихсэж байгаа энэ үед дэлхийн үйлдвэрлэлд ноёрхож буй хөрш орнуудын судалгааны арга барилтай уялдуулан Монгол орны газрын ховор элементийн хэтийн төлвийг тодруулах, үүнтэй холбоотой геологийн хүчин зүйлийн нарийвчилсан судалгааг хийх асуудал зайлшгүй гарч байна. Баяжмалын агуулга дунд зэрэг бол цэвэршилт өндөртэй баяжмалаас үнийн өөрчлөлт гарах нь дамжиггүй. 

-Эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд ашиглаж элемент тус бүрээр нь салган авах технологи, боловсон хүчин манайд бий юу?

-Газрын ховор элементийн хүдрийг боловсруулах технологийн хувьд хөвүүлэн баяжуулах, натрийн гидроксидоор уусган ялгаж авах зэргээр баяжуулдаг. Манайд газрын ховор элементийн олборлолтын болон технологийн салбарт хүдрээс элементүүдийг ялган авах дэвшилтэд технологи  болон туршлагатай боловсон хүчний хомсдолтой гэж хэлж болно. Дэлхийн хэмжээнд суурь металлуудыг бодвол харьцангуй бага хэмжээтэй буюу 100 гаруй мянган тонноор хэмжигдэж байгаа. Гэсэн хэдий ч түүний үнэ харьцангуй өндөр. Хүдрээс ялгаж авах технологи боловсронгуй болж байна. Байгаль орчинд үзүүлж болох хорт нөлөө ч багасаж байгаа.  Манай орны хувьд газрын ховор элементийн судалгааны ажлаа өргөжүүлж, нөөц баялгийг баттай тогтоох, цаашид ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах  боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бямбажаргал


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-03-04 00:36:46
    Ашгүй дээ. Сүүлдээ ч энд тэнд битгий юм олдоосой гэж залбирдаг боллоо. Эх орныг маань баялагыг цөөн хэдэн шуналтангууд ус, горхи, булаг шанд хайрлахгүй