SWIFT-ийн хориг ба Монгол

ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Европын комисс хойд хөршид олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах,төлбөр тооцоо хийх SWIFT системээс хасах шинэ “санхүүгийн хатуу хориг арга хэмжээ” авахаар тохирсноо зарлав. Тэгвэл энэхүү хориг манай улсад хэрхэн нөлөөлөх талаар Төвбанк мэдээлэл өгөв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлтэй. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефттэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэсэн мэдээлэл байгаа учраас манай улсын хувьд гарц гаргалгаа байх боломжтой. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлуудыг нарийн ярьж дараагийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй байна. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж харж байна”гэв.

Мөн ОХУ, Украинд үүсээд буй нөхцөл байдал агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар  ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэсэн. Өнгөрсөн баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо. Баруун Европын улсууд агаарын зайгаа хааж эхэлж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж, эрсдэл үүсгэх боломжтой талаар бид судалж байна. Хэрэв Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол манай улсын өнгөрөлтийн нислэг одоо байгаа тооноосоо дээд тал нь 78 хувь хүртэл буурах магадлалтай. Мөн шатахууны үнийн өсөлт болон шатахуун, түлшний  хангалт тасалдах эрсдэл үүсэж болзошгүй. Цаашид  ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нислэг үйлдэхээр бол нислэгийн цаг хоёр болон түүнээс дээш хугацаагаар  нэмэгдэх эрсдэл ч бий. Өнөөдрийн байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.