Урд хилийн хориг суларсан ч хойд хөршийнхөөр үргэлжлэх үү

Дэлхийн томоохон эдийн засаг бүхий орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн мэдээ анхаарлын төвд орж ирлээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали улс болон Европын холбооноос хамтран мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар өчигдөр  шийдвэрлэжээ. Уг асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Ингэснээр банкны гадаад төлбөр тооцооны асуудал үүсэх эрсдэлтэй болох нь. Саарал жагсаалтад орсны гайгаар Монгол улстай Европын банкууд харилцахаа больсон. Тиймээс банкууд дээрх төлбөр тооцоо Оросын банкуудаар дамжин хийгддэг. Гэтэл Европ руу дамжих гүүр болсон Оросын банкуудыг нь Европ, Америк хориг тавиад эхэлсэн. Тиймээс арилжааны банкуудын хувьд, гадаад төлбөр тооцоог Хятадын банкаар дамжуулж хийх шаардлага үүсэж байна. Энэ нь шалгалт ихтэй, цаг авдаг төдийгүй шимтгэл нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн худалдаа, үйлдвэрлэлийн түүхий эд саатах, тээвэр ложестикийн асуудал үүснэ. Ковидоос болж бараа татан авах хугацаа хоёр сараар уртсаж, өртөг нь 3-30 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ байдал улам хүндрэх нөхцөл бүрдчихлээ. Учир нь Европоос авдаг ихэнх түүхий эд нь Оросоор дамждаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд түүхий эдийн дутагдалд орох, тээврийн зардал үүсэх эрсдэлтэй гэж эдийн засагч, шинжээч Г.Батзориг онцолж байна. Түүнчлэн  “Өрнөдийн орнууд, үүний дотор АНУ-ын Сангийн яам гаргасан шийдвэрийнхээ араас хатуу хяналт тавьдаг. АНУ, Европын холбоо болон бусад улс орнуудаас ОХУ-ын банк, санхүүгийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий зарим хувь хүмүүсийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээтэй манай банк, санхүүгийн байгууллагынхан сайн судлаарай” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр анхааруулаад байна.

“Орос Украин руу дайрлаа” гэсэн мэдэгдэл гармагц газрын тос болон алтны үнэ 2-5 хувиар өсч, хувьцааны индекс 2-28 хувь уналаа. Дайны  ажиллагаа явуулж буй орны мөнгөн тэмдэгт долоон хувь унаж, дотоодын хувьцааны индекс нь 20 гаруй хувь буурчээ. Энэ бол улс орнуудад бэлтгэлтэй бай гэсэн том дохио. Манай улс бол импортлогч орон. Худалдааны 30 орчим хувийг ОХУ-тай хийдэг. Энэ дайны нөхцөл байдал магадгүй олон хоног үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Цар тахлын дараагийн хувилбар гэдэг шиг Орос, Украины асуудал дээр тодорхой бус байдал  олон байна. Гэвч бид ямар ч нөхцөлд эрсдэлээ тодорхойлж, түүнд бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл бидэнд ямар эрсдэлүүд тулгарахаар байна вэ. 

Брэнт тосны үнэ 150 ам.долларт хүрч нэмэгдэхээр байна

Долоо  хоногийн өмнө брэнт тосны үнэ 95 ам.доллар байсан бол дайн гарах сургаар газрын тосны үнэ огцом өсч энэ сарын 24-ны өдөр 101 ам. доллар болж өсөөд байна. Цаашид  ОХУ-ын эсрэг авах хоригтой холбоотойгоор 150 ам.долларт хүрэхээр байна гэж шинжээчид хэллээ.    Манай улс ОХУ-аас шууд хамааралтай. Одоогоор дотоодын 45 хоногийн нөөцтэй. Гэвч зарим шатахуун түгээх станцад 95 тасарсан сураг байна. Дайн хийж буй улс дотоодын нөөцөө хадгалах нь ойлгомжтой. Тиймээс манай улсад шатахууны хомсдол үүсэх, улмаар үнэ өсөх эрсдэлтэй байна. Стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас Хятадаас татах боломжийг эрт судалж байх нь зүйтэйг эдийн засагч зөвлөж байна.

Төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй

ОХУ нь манай импортын 33 хувийг эзэлдэг. Тус улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох хэмжээ буурснаар өргөн хэрэглээний бараа хомсдох, улмаар дотоодын үнийн өсөлт гаарах эрсдэлтэй. Ер нь Монгол гэлтгүй Европ тэр аяараа сандралдаж байна. Учир нь Орос, Украин нь дэлхийн үр тариа, улаан буудайн хэрэгцээний 1/3-ыг хангадаг. Шатахуун авахад доллар хэрэгтэй. Гэтэл авах өртөг нь нэмэгдэхээр улам их доллар шаардагдана. Энэ нь богино хугацаанд төгрөг ам.долларын эсрэг огцом сулрах эрсдэлийг бий болгож байна. 

Цахилгаан, эрчим хүчний хомсдолд орох магадлалтай

Манай улс эрчим хүчний хувьд ч ОХУ-аас хамааралтай. Дотооддоо усан цахилгаан станц барих асуудал сөхөгдөх бүрд хаагддаг нь учиртай(Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц). Яг л иймэрхүү хүнд нөхцөл үүсэхэд эрчим хүчний бие даасан байдал ямар чухал болох нь харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.мягмарбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.