Давааны цаадах даваа буюу ''Дайн ба Монгол''

Орос, Украины дайны талаар монголчууд нээлттэй мэтгэлцэж байна. Хоёр талд гараад байлдчих л шахлаа. Ийм маягаар үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх шиг л болж байна. Монгол Улсын жирийн иргэдэд ийм эрх нь нээлттэй. Үндсэн хуулиа мөрдөж байна. Бас цахим орчинг ашиглаж байна.

Харин улстөрчид, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс бол амаа хамхих хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга эмэгтэй, бас нэг сайдын албан болоод албан бус мэдэгдэл гэж дэндүү харамсмаар юм боллоо. Ингэж бодлогогүй чалчдаг түшээддээ холбогдох газрууд нь зөвлөгөө, санамж өгмөөр байгаа юм. Тэдэнд мэдрэмж “нет”, улстөрчийн байр байдал бүр алга. Уг нь “...Тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдэгсэн. Хэнийг сонгосноо Чингэлтэйнхэн, хэнээр сайд тавьсанаа Ерөнхий сайд нь харсан байлгүй.

Ер нь тэгээд Орос, Украины энэ дайны талаар манайхан нэг их байр суурь илэрхийлээд, үнэлж дүгнээд байх шаардлагагүй. Мэдээлэл авах, өгөх зорилгоор мэргэжлийн судлаачдаа л сонсох ёстой.

Олон жил ийм асуудал судалсан хүмүүсийн тоймлож буйг харвал, энэ бүхэн нь нүдэн дээр харагдаад байгаа Орос, Украины дайн огт биш. Геополитикийн асуудал. Далайн цаадах ашиг сонирхол энэ бүс нутагт ажил хэрэг боллоо. Эцэстээ Европын эдийн засаг унаж, далайн цаадах эрх ашиг аврагдаж үлдэнэ. Одоогоор Украин золиос болж, энэ улсын тусгаар тогтнол "будаа" болж байна.  Орос ч бас хохирно. Уржигдар л гэхэд ОХУ-ын томоохон банкууд гадаад төлбөр тооцоо хийх,  Засгийн газар, банкууд гадаад орон санхүүгийн байгууллагуудаас зээл авах, бонд гаргах, авиакомпаниуд Европын агаарын орон зайд нисэх боломжгүй болсон гэх мэдээлэл цацагдлаа. Үүнээс гадна тус улсад эдийн засгийн эвгүй эвгүй хориг арга хэмжээнүүд дуулдаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, Орос улс олон жилийн изоляцид орж мэдэхээр боллоо гэцгээж байна. Энэ нь алсуураа Монголд халтай.

Нөгөөтэйгүүр, өнөөдрийн болж буй дайн санамсаргүй үйл явдал биш. Далайн цаадах эрх ашиг энэ бүс нутагт үргэлж “ажилладаг” байгаа юм. Тэр нь Орос, Хятадын дунд "яс хаях" аж. Манайд ч нэр бүхий дөрвөн ч улсын “нүд, чих”, “гар, хөл” шууд болон дам байдлаар байнгын үйл ажиллагаа явуулдаг болжээ. Эхнээсээ баригдсан. Гол нь тэд эх орончийн дүртэй байх нь элбэг аж.

Ер нь бол энэ үйл явдалд бид хөөрч, догдлохгүй байх маш том шалтгаан бий. Украины энэ үйл явдал улсын тусгаар тогтнол ямар хэврэг болохыг харуулж байна. Тусгаар тогтнол гэдэг байж л байдаг “эд” биш болохыг ойлгууллаа. Ноцтой нь энэ нь цаашдаа жишиг болж болзошгүй аюул бий.

Мөн энэ үйл явдлын тухайд Монгол Улсын хувьд “зомгол” гэдгээ мартаж болохгүй. Учир нь Монгол бол далайн зах дахь зомгол төдий юм. Давалгаанд нь өртөж, урсаад явчихгүй, яаж байрандаа үлдэх вэ гэдэг л чухал гэсэн үг.

Хамгийн наад зах нь Орос, Украины дайнаас болж үүсэх эдийн засгийн хямралд яаж тэсэх вэ гэдэг асуудалтай нүүр тулна. Эдийн засгийн хүндрэлийг бид жинхэнэ утгаар нь мэдэрч болзошгүй. Манайх ч биш ялангуяа бүс нутгийн улс орнууд, ер нь л дэлхий нийтээрээ шахам ханшийн өсөлтөөс яаж эдийн засгаа хамгаалах вэ гэдэг том даваа давах болно. Зөвхөн нэг удаагийн огцом уналт биш. Ер нь цаашдын хөгжлийн зам мөрөө ч үүссэн нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага үүснэ. Улс орон бүрт тулгарах энэ шалгуурыг манай Засгийн газар ч давах л үүрэгтэй.  Энэ нь Засгийн газраас маш уран нүүдэл шаардана. Давж чадвал сайн. Чадахгүй бол тусгаар тогтнолын асуудал ч яригдах аюул гарч ирж мэднэ. Энэ бүхнийг тэсч гарахад Засгийн газрын үйл ажиллагаанаас гадна маш том нөлөөлөх хүчин зүйл бол дотоодын эв нэгдэл болж таараад байна. 

Манай улсын хувьд цар тахлын хүндрэлийг одоогийн нөхцөлд нь яаж ийгээд давж чадсан. Мэдээж хэрэг, олон монгол хүний амь эрсэдсэн. Гэхдээ вакцинжуулалтыг цаг алдалгүй хийсэн нь гол хөшүүрэг болсон байдаг. Одоогийн Засгийн газрын тухайд сүүлийн жилийн хугацаанд гэхэд л COVID19, вакцин, “-5.3”-тай эдийн засаг, хөл хорио, тэгээд араас нь сонгууль, омикрон гээд олон даваа давж байгаа юм. Гэтэл энэ дайн болж, ядахад яр болж, даарин дээр нь давс нэмлээ. Давааны цаадах даваа гэмээр... Яагаад гэвэл, бүс нутгийн хувьд мөнхийн хөршид тохиолдож байгаа бүхэн бидэнд ирнэ. Цаашид энэ дайнаас болоод геополитик ч, эдийн засаг ч ихээхэн өөрчлөгдөнө.

Дээхнэ “...Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэдэг байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй. Хэвэндээ л байна.

Тэгэхээр бид хоёр том гүрний дунд оршдог ч эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах, биежүүлэх тал дээр дорвитой ажиллах шаардлага нэгэнт ирээд байна. Үүнийг аль эрт хийх ёстой байсан. Харамсалтай нь 30 жилийн туршид манай эрх баригчдын эрх ашиг улсынхаас томорчихоод хийж “амжилгүй” өнөөдрийг хүрсэн байдаг юм.

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд үүнийг их ярьдаг. Зарим ажлыг нь эхлүүлээд явж байв. Тэрбээр “...Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хтчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэж байв. Нээрэн л, өнгөрсөн намар яалаа даа, Оросоос ирдэг шатахууны импорт хэд хоног саатахад энд явган таваргацгаагаад, жагсах цуглах дээрээ тулаад сүйд болсон. Хятадын Эрээний боомт өнөөдрийг хүртэл бидний бүсийг чангалсаар л байна.

Манай улсын хувьд Засгийн газар он солигдсоны дараахан Оюу толгой төсөл дээр олигтойхон алхам хийж чадсан. Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харахад, энэ бол азтай гэж хэлж болохоор үйл явдал болжээ. Цаг хэцүүдэхэд энэ л аминд орно. Нөгөө л вакцинжуулалтын буян л даа. Хөрөнгө оруулагчдын тэр шийдвэрт Монгол Улсын COVID19-ийн эсрэг авсан арга хэмжээ нөлөөлсөн гэдэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М 2022-02-28 15:31:22
    Монгол юунд ч хамаарахгүй тэнэг минь
  • Зочин 2022-02-28 09:05:15
    Засгийн газрын сүүлийн 2, 3 жилд ОТ төсөл дээрх сүржигнэл ямар ч нааштай үр дүнд хүрээгүй. Зүгээр л айлын эрх ашигт цэвэр үйлчилсэн. Удахгүй ОТ асуудал дахин яр...
  • ХУУЛЬЧ  2022-02-28 02:26:09
    ,,"МОСКВАД НАЙТАЙХААР МОНГОЛД ХАНИАД ",,,ХҮРДЭГ ӨНГӨРСӨНГ МАРТАЖ ,,ТИЙМ БОЛООД ОЛОН УРГАЛЖ ҮЗЭЛ ГАРЧ БАЙГАА НЬ ТЭР ,,,ТҮҮНД ТӨР ЗАСАГ ОРОЛЦООГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА,,,...