Бээжингийн олимп өвлийн спортын шинэ эрин үе ирснийг харууллаа

Бээжингийн Өвлийн XXIV олимп энэ сарын 20 буюу ням гарагт дууслаа. Хоёр долоо хоног гаруй хугацаанд 15 спортын 109 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлджээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хаалтын ёслол дээр дэлхийн бүх орны удирдагч болон тамирчдад хандан олимп бол эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл гэдгийг тодотгов. Ийн олимпийн эргэн тойронд болж өнгөрсөн онцлох үйл явдал, улс орнууд олимпийг хэрхэн дүгнэж байгаа талаарх тоймыг хүргэе.

CNN: Омикроны давлагаатай үед олимпийг амжилттай дуусгалаа

Олимпийн хотхонд хатуу хөл хориотой байсан ч гадна талд өдөр тутмын амьдрал урьдын адил хэвийн үргэлжилж байв. Энэ удаагийн олимпоор Хятад улс өөрсдийн өсөн нэмэгдэж буй хүч чадлаа тус улсыг шүүмжлэгчдэд харуулсан юм. Тухайлбал, олимпийн хотхоныг бусдаас тусгаарлан хүмүүсийг маск зүүлгэж, ариутгалын бодис байнга цацаж, өдөр бүр шинжилгээ авсны хүчинд омикроны хүчтэй давлагаан дунд олимпийг амжилттай зохион байгуулсан билээ. Гэхдээ барууны зарим орны тамирчид хэт хатуу хязгаарлалт, халдвар илэрсний дараах тусгаарлалтыг шүүмжилж, гомдолж байсан юм.

АНУ болон түүний холбоотон орнууд өнгөрсөн арванхоёрдугаар сард Шинжаань дахь Уйгуруудын хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотойгоор олимпод удирдагчаа оролцуулахгүй хэмээн бойкот зарласан.  Мөн Тайваньтай холбоотой асуудал энэ үеэр дахин гарч ирлээ. Олимпийн хаалтын талаарх хэвлэлийн бага хурал дээр Олимпийг зохион байгуулах хорооны хэвлэлийн ажилтан Ян Жиаронгоос Тайвань хаалтын ёслолд оролцох эсэх талаар асуухад “Дэлхий дээр цор ганц Хятад улс байгааг хэлье. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг” гэж хариулжээ.

Үүнээс гадна экс Ерөнхий сайдын бэлгийн хүчирхийлэлд өртсөн алдарт теннисчин Пен Шуайн аюулгүй байдлын талаарх ээдрээтэй асуудлууд олимпийн үеэр сөхөгдсөн юм. Харин Бээжин дэх “China Sports Insider” сонины эрхлэгч Марк Дрейер “Олимпийг Хятад улс маш гайхалтай зохион байгуулж, амжилттай оролцлоо. Гэхдээ энэ нь таны харах өнцгөөс хамаарна” гэсэн юм.

Хятад улс олимпоос хамгийн олон медаль авсан ч багийн дүнгээр гуравдугаар байранд орсон амжилттайгаар тэмцээнийг өндөрлөсөн. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Сайхан сэтгэлт Хятадын ард түмний ачаар бид мартагдашгүй дурсамжийг бүтээлээ. Өдгөө 300 сая хүн өвлийн спортоор хичээллэж байгаа нь Хятадын тамирчдын гайхалтай амжилтын үндэс төдийгүй олимпийг зохион байгуулах боломжийг олгожээ. Хятадад ирээд яг л өвлийн спортын эх оронд ирсэн мэт санагдаж байна” гэв. Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Цай Ци “Бээжин өвөл, зуны олимпийг хамтад амжилттай зохион байгуулсан анхны хот боллоо. Энэ удаагийн олимп  өвлийн спортын шинэ эрин үе ирснийг харууллаа.  Мөн хамтдаа мартагдашгүй цаг үеийн мөнхөллөө. Хамтдаа илүү гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө зүтгэе” гэв.

“Залуу тамирчдын сэтгэл зүйд анхаарах нь чухал”

Энэ удаагийн олимпоор дэлхийн дээд амжилт тогтоож олны анхааралд өртсөн Оросын уран гулгагч Камила Валиева ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байрт орсон нь таамаглалыг эвдэв. Өдгөө 15 настай Камила дөрвөлсөн харайлтыг амжилттай үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин болж, багтаа алтан медаль авчирсан ч допингийн асуудалд орооцолдон олимпоо үргэлжлүүлэх эсэх дээрээ тулсан билээ. Гэвч тэрбээр 16 насанд хүрээгүй учир тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм. Сэтгэл зүйн хүнд сорилтой тулгарсан Камила чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр хэд хэдэн алдаа гаргасны улмаас медалиас мултарч, улмаар нулимстайгаар мөсөн талбайг орхисон нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал болов.  Энэ талаар олимпийн хоёр удаагийн аварга Лиззи Ярнолд “Тамирчин бүр шударга тэмцээнийг хүсдэг. Мөн бид биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг. Тамирчид ч бас хүн гэдгийг санах нь хамгийн чухал зүйл гэдгийг ухаарлаа. Бид залуу тамирчдаа хамгаалах хэрэгтэй” гэж “BBC TV”-д ярьжээ.

Томас Бах: Бидний нэгдмэл хүч ямар ч мөргөлдөөнөөс илүү

 Хаалтын ёслол дээр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Олимпийн наадмын нэгдмэл хүч бол биднийг салгах гэсэн ямар ч зэвсэгт мөргөлдөөнөөс илүү. Орос, Украины хоорондын хурцадмал байдал нэмэгдсэн энэ үед тамирчид тэднийг энх тайвныг тогтооход тусаллаа. Тамирчин бүр дээд амжилтаа тогтоохоор энд ирсэн. Гэсэн хэдий ч өрсөлдөгчөө хүртэл хамгийн сайнаараа хичээгээрэй хэмээн хүсч, тэднийг дэмжиж байгааг хараад сэтгэл их догдолсон. Улс орнууд нь зөрчилтэй ч тамирчид нэг нэгнээ тэвэрч, хүндэлж байгаа нь сайхан зүйл. Хэрэв энэ цар тахлыг бүр мөсөн дуусгахыг хүсч байгаа бол илүү том зорилготой, илүү хүчтэй байж хамтдаа тэмцэх ёстой. Вакциндаа хамрагдах нь бусдыгаа хайрлаж байгаагийн илрэл. Тиймээс дэлхийн бүх орны иргэн бүрийг вакцинаар хангахад олон улсын байгууллагуудыг уриалж байна” гэсэн юм. Өвлийн паралимп ирэх сарын 4-нд Бээжинд эхэлнэ. Харин дараагийн олимп 2026 онд Италийн Милан хотод болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.