
Олон нийтийн анхаарлын төвд орсон Хөгжлийн банкны асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тус банкны ноцтой асуудал хэзээ нэгэн цагт илрэх байсан юм хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа " Хөгжлийн банкны хулгай луйврыг надад наачих гээд хэсэг хүн амиа тавьж байна. Хэдэн хулгайч мөнгө төлж хөлсний гаруудыг хөлсөлж ор үндэсгүй гүтгэлэг тарааж эхэлжээ. Танил технологи, танил хүмүүс. Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ. Хэдэн юм хэлье:
Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд Засгийн газрын 2020 оны 4-р сарын 8-ны шийдвэрээр шилжин ирсэн. Түүнээс өмнө Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харъяанд байж, тэнд тайлангаа тавьдаг байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байхгүй бол болохгүй байна, мэргэжлийн яам хариуцаж, хяналтаа тавьж байхгүй бол болохгүй юм, та үүнийг авч цэгцлээч гэж хэлж тун удалгүй Сангийн яаманд Хөгжлийн банк шилжиж ирсэн юм.
Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирмэгц Хөгжлийн банкны удирдлагын багийг цогцоор нь өөрчилж, Сангийн яам, Төрийн банкны мэргэжилтнүүдээр бүрдсэн удирдлагын баг тавьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан банкыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Авсан зээлээ төлдөггүй нөхдүүдийг шүүхэд өгөх ажиллагааг энэ баг эхлүүлж, банкыг цэвэрлэж эхэлсэн. Хөгжлийн банкны хулгай, луйврын талаар Сангийн яам АТГ, прокурор гээд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан юм. Хамтын ажиллагааны үр дүнд Хөгжлийн банк шүүх дээр ялалт байгуулж эхэлсэн байдаг. 2021 оны 1-р сард намайг Сангийн сайдын ажлаа өгсний дараа тун удалгүй Хөгжлийн банкны удирдлагын баг өөрчлөгдөж, нөгөө муу зээл өгч байхад ил далд оролцож байсан зарим нөхөд буцаж ажилдаа орсон юм.
Банкууд тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана" хэмээн бичжээ.
Оллоо.мн