
МҮЭ-ийн холбооноос бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн өнөө цагт хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа өнөөдөр /2022.02.18/ сэтгүүлчдэд мэдээллээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Хэрэглээний бүх төрлийн зээлийн доод тал нь 1,5 хувьд хүргэж хүүг бууруулах шаардлагатай. Учир нь зарим эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас 3 хувийн зээлийг тэрбум тэрбумаар нь авчихаад хүүлж амьдардаг. Ийм шударга бус байдал Капитал банкнаас үүсэлтэй. 240 гаруй тэрбум Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж, зарим хүмүүс зээл аваад төлөөгүй. Үүний урхаг нь НД-ын шимтгэлийг 5 хувиар өсгөх байсны 3 хувиар өсгөсөн. Үлдэгдэл 2 хувийг МҮЭ-ийн холбооноос хамтын тэмцэл өрнүүлсний дүнд нэмэгдүүлээгүй. Ийм бусармаг байдлыг үндсээр нь цэгцлэх ёстой. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. Манайхаас мэдэгдэл хүргүүлсэн.
Иргэдийн өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээлээр амьжиргаагаа залгуулж байна. Өндөр хүүнд дарлагдаж байна. Ийм учраас УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ сарын 28-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэхийг шаардсан шаардлага хүргүүлж байна" гэлээ.