'''Эрдэнэс тавантолгой'' ХК хээрийн зэрлэг амьтдад зориулж 200 боодол өвс байршууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Биотехникийн арга хэмжээ” буюу хээрийн зэрлэг амьтдад өвс тарааж, байршуулах ажлыг жил бүр гэрээт компаниудтай хамтран зохион байгуулдаг.

Энэ дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тамгын газраас ирүүлсэн төлөвлөгөө болон, салбарын гэрээт компаниудтай хамтран зохион байгуулах “Биотехникийн арга хэмжээний” төлөвлөгөөг Бүтээн байгуулалт Хөгжлийн газрын дарга Ж.Алдармаагаар батлуулан ажиллаж байна.

Эхний ээлжийн арга хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас зүүн урагш байрлах Хангинахын хаданд байгаль орчны мэргэжилтэн О.Үнэнхүүгээр ахлуулан, нутгийн иргэн, салбарын мужаан Х.Адарсүрэнгээр газарчлуулан амжилттай хэрэгжүүллээ.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хишиг-Арвин Индустриал” ХХК, “МПМ Ресурс” ХХК-тай хамтран нийтдээ 200 боодол өвсийг тараан байршууллаа. Хангинахын хад нь хээрийн зэрлэг амьтад идээшилж бэлчдэг байгалийн өвөрмөц тогтоц төрхтэй, сумын үзэсгэлэнт газрын нэг юм. Өвс байршуулах ажлыг гурван компанийн 5 техник,  25 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу гэрээт компаниудтай хамтран “Биотехникийн арга хэмжээ”-г үе шаттай хэрэгжүүлнэ.

Мөн 2021 онд компанийн Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 99000 га талбайн уст цэгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор хээрийн зэрлэг амьтдад зориулан нарны энергиэр ажилладаг уст цэгийг барьж байгуулсан. Тус худаг дээр усны түвшний хэлбэлзлийг хэмжих зорилгоор гүний усны түвшин хэмжигч автомат багаж суурилуулаад байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus