Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам хоёроор “цайрах” вий

Хөгжлийн банкны хэрэг өндрөө аваад байна. АТГ, ЭЦА-ныхан Хөгжлийн банкнаас хүргүүлсэн материалын хүрээнд мөрдөн шалгалтыг явуулж эхэлсэн. Гэвч энэ хооронд найдваргүй зээлдэгчдийн зарим нь чанаргүй зээлтэй компаниа өөр хүнд шилжүүлээд хил даваад арилж байгаа мэдээлэл чих дэлслээ.

Бас Хөгжлийн банкнаас бүх чанаргүй ангилалтай, найдваргүй зээлдэгчийг хуулийн байгууллагад шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Чанаргүй зээлийн эздийг цахим сүлжээнд бол яллачихлаа. Харин эдгээр хэрэг хэзээ шүүх рүү явж хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус. Ингэж эргэлзэх шалтгаан бий.

Хамгийн түрүүнд хөөн хэлэлцэх хугацаа гэж хэргээс мулталдаг сайхан халхавч байдаг.

Энэхүү хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг “цайруулдагт” мөрдөгчид дургүй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “...Албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байгаагаас үүдэн ял завшсан олон тохиолдол  гардаг. Тэгчихээд “...Би хэлмэгдлээ, би шударга байсны төлөө намайг хорьсон, ял шийтгэх гэж байна” гэсэн захидал, ярилцлага нийтийн цахим сүлжээнд нийтлүүлэх, олон нийт иргэдийг талцуулах үйл ажиллагаа явуулдаг. Зарим хүмүүс гадаад улс оронд оргон зайлж байхад зарим нэг хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвших, гишүүнээр сонгогдсоноор тухайн хүмүүс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй, яллах дүгнэлт гардан авахаас татгалзаж, худал үгээр иргэдийг төөрөгдүүлж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дорд үзсээр яваа” гэсэн.

Одоогийн ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам ч хөөн хэлэлцэх хугацааг ясны эсэргүүцдэг хүн. Тэрбээр энэ талаар хэвлэлд “...Дөнгөж илрүүлээд хуулийн дагуу нотлох ажиллагаа явуулж байгаа гэмт хэргүүдийг, ялангуяа цагаан захтны гэж нэрлэгддэг нийтийн өмч завшсан, эрх мэдлээ урвуулсан, улаан цайм авлигын бүрдэлтэй гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчлан хэрэгсэхгүй болгож ял завшуулах явдал эрээ цээрээгээ алдаж эхэллээ. Энэ бол хөөн хэлэлцэх хугацааны энэрэнгүй зорилгыг агуулж байгаа үйлдэл яав ч биш бөгөөд хуулиар халхавчлан ял завшуулах ёс бус ажиллагаа гэж харагдаж байна. Би энд “халхавчлах” гэдэг үгийг зориуд хэрэглэсэн нь “баримтлах” гэдэг үгийг зөвхөн хууль ёсны асуудалд хэрэглэх ёстой гэж үзсэнээ илэрхийлж байгаа хэрэг. ...Авлига, албан тушаал, мөнгө санхүүгийн  гэх мэт нийгэмд асар их хор хохирол учруулдаг гэмт явдалтай үнэхээр тэмцье гэвэл хөөн хэлэлцэх хугацааг яаралтай өөрчлөх нөхцөл байдал бүрдсэн байна” гэж ярьсан.

Үүнээс гадна хялбаршуулсан журам буюу гэм буруугийн тохиролцоо гэдэг юм манайд хэрэг шийдвэрлэх ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг болчихсон. Яахав, тодорхой хэрэг, тэр дундаа жижиг хулгай сэлт дээр хялбаршуулсан журам зөвтөж харагддаг. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг дээр арай л зохихгүй байгаа юм. Үүнийг Засгийн газар ойлгож байгаа бололтой. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хориод хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “...Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах явдал сүүлийн үед нэлээд их гарах болсон. Ихэвчлэн торгуулийн ял авч, нийтийн албан тушаалд тодорхой хугацаанд ажиллахгүй байх шийтгэлийг шүүхээс оногдуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Зарим нь 4-5 жил хоригдох ял шийтгүүлж байхад, зарим нь 40 сая төгрөгөөр торгуулж байна” гэдэг шүүмжлэх гарах болсон. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс ирэх УИХ-ын хаврын чуулганд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Уг өөрчлөлтөд зөвхөн авлигын хэргүүд дээр хэрэг хялбаршуулахгүй ердийн журмаар шийддэг болох асуудлыг тусгана” гэсэн юм.

Харин мөрдөгчид “дуртай” бололтой юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “...Гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл хүлээнэ, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх ердийн хугацаа буюу хэт урт хугацаанд бус,  богино хугацаанд хэргээ шийдвэрлүүлнэ, хохирогчийн хувьд учирсан хохирлоо богино хугацаанд нөхөн төлүүлнэ, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх, хохирол төлөгдөөгүй бол давж заалдах ажиллагаан дахь зардлаас чөлөөлөгдөнө. Гэрч, шинжээч нар дахин шүүх дээр мэдүүлэг өгөх, шүүхийн дуудсан цагт ажлаасаа чөлөө авах, хоол, унааны зардал гаргах, заналхийлэл, нөлөөлөлд өртөхгүй байх давуу талтай. Прокурор шүүх хуралдаанд бэлтгэх болон болзошгүй шүүн таслах ажиллагаанд цаг хугацаа, хөрөнгө зарцуулахаас зайлсхийж, яллах ажиллагаа, шүүх хуралдааны явцад гарах зардал хэмнэгдэж төсвийн хөрөнгө  үрэгдэхгүй, урт удаан хугацааны эрүүгийн шүүх хуралдаанаас зайлсхийх боломжийг олгодог. Нөгөө талдаа шат шатны шүүхийн ачаалал  буурдаг сайн талтай” гэсэн байгаа юм.

Харин хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн хэвлэлд ярихдаа бас л дэмжсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.  Тэр үеэрээ “...Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй. Шүүх шийдвэрээ гаргахдаа зөв шийдвэр гаргасан уу гэдэгт л асуудлын гол бий. Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржтой холбоотой хэргийг нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол хуульд заасан шаардлагыг биелүүлсэн болоод л шийдсэн гэж би ойлгож байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдсэн бол прокурор, шүүгчийн алдаа болно” гэжээ.

Ер нь бол зөвхөн Монголд л байдаг хуулийн энэ цоорхой авлига, албан тушаалын хэрэгт үйлчлэх учиргүй аж.

Уг нь Засгийн газрын бараг бүтэн улирлын өмнөх хуралдаан дээр Ерөнхий сайд нь хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам хоёрыг авлига, албан тушаалын хэрэгт хамааруулахгүй болгож, авлигын хэргийн ялыг нэмэх хуулийн төсөл боловсруулахыг холбогдох сайд нартаа үүрэг болгож байсан. Бид мэдээлсэн. Өнөөдөр салбарын сайд нь “..Удахгүй ээ” гээд л сууж байна. Дээрээс нь хөөн хэлэлцэх хугацааг АТГ, шүүхийнхэн таашаадаггүй юм байна. Харин хялбаршуулсан журамд бол таатай хандаад байдаг бололтой. Ийм байхад өнөөдөр нийгмийг хөвсөлзүүлээд орхисон Хөгжлийн банкны хэрэг хуулийн дагуу шийдэгдэх боломж бага. Хөгжлийн банкны мөнгийг хууль бусаар зээлдүүлсэн, зээлдээд алга болсон нөхдүүдийн хэрэг энэ хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг хоёр халхавчны ард “цайрах” вий дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.