МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Б.Ганболдын талын хүн нэр дэвшиж байгаа юу
Дахиад нэг Б.Ганболд гарвал хэрэг алга. Энэ үгийг Монголын хөлбөмбөг сонирхогчид хэлж сууна. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг авилга авч саналаа худалдсан хэргээр дотоодод болон гадаадад хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн ажилд  таван жилийн хугацаатай оролцохгүй байх шийдвэр гаргаснаа дэлхий нийтэд мэдээлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгчид, дасгалжуулагчид гээд энэ спортод элэгтэй хүмүүс цахим ертөнцөөр санал бодлоо илэрхийлж Б.Ганболдод хариуцлага тооцон энэ холбоонд шинэчлэлийн салхи оруулах ёстой хэмээж байсан юм.

Ингээд МХБХ-ны зарим гишүүд Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх ёстой хэмээж байсан ч тус холбооны удирдлагууд таг чиг байсан. Ингээд мягмар гарагт МХБХ-ны удирдлагууд өөрийн байран дээрээ хэвлэлийн бага хурал  зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг томилсон тухайгаа дуулгалаа.

А.Ганбаатарын хувьд Б.Ганболдын  талын хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Түүнийг энэ холбооны дэд ерөнхийлөгчөөр хууль бусаар сонгогдсон хэмээн үздэг юм. Тодруулбал МХБХ-нд дэд ерөнхийлөгчийн орон тоо байдаггүй аж. Уг нь холбооны дүрмийн дагуу аливаа албан ту­шаалтанг Их хурлаас сонгоно гэж заасан байдаг. Хамгийн гол нь, Олон улсын хөлбөмбөгийн холбооны журамд улстөрийн өндөр албан тушаалтан, ажилтанг хөлбөмбөгийн холбооны удирдлага, бүтцэд оруулж бо­лохгүй гэж заасан байдаг юм. Гэтэл Б.Ганболд ерөн­хийлөгч үүнийг илт зөрчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ган­баатарыг  хоёр жилийн өмнө томилжээ. А.Ганбаатар ирэх сард болох МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Түүнчлэн ирэх сард болох энэхүү сонгуульд А.Ганбаатараас гадна дөрвөн хүн нэр дэвшиж байгаа юм. Өмнө нь Б.Ганболд дахин нэр дэвшиж буйгаа зарласан ч тэрбээр FIFA-гийн шийдвэрээр энэхүү сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа юм.

Харин А.Ганбаатарын хамтаар Т.Лхагвадорж “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Э.Амарсайхан – “2050” ТББ-ын захирал, Б.Мэдрээ – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Г.Ганхүү – “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч нар нэр дэвшиж байгаа юм.

Манайд Хөлбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд маш их үзэгчтэй болсон ч эсрэгээрээ манай хөлбөмбөгийн спортын хөгжил 10 гаруй жилийн өмнөх байрандаа байсаар байгаа юм. Тиймээс л энэ спортыг хөгжүүлэх нь нэн тэргүүний алхам болоод буйг хэлэх болсон. Харин манайд энэ спорт хөгжихгүй байгаагийн шалтгааныг МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдтой холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байдаг. Үнэндээ түүнийг ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос эрхийг нь хассан явдлыг хэдийгээр улсын нэр хүнд унаж байгаа ч түүнийг Монголын хөлбөмбөгөөс холдсонд талархах хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ ирэх сард болох тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд түүний гар хөр болсон хүмүүс болоод, ашиг хонжоо хайгчид нэр дэвшиж байгаа хэмээн хардах иргэд цөөнгүй байгаа юм. 

Төрийн бус байгууллагын статустай ч хөлбөмбөгийн хөгжил буурай учир олон улсаас их хэмжээний санхүүгийн дэмжлэг, тусламж  авдаг тус байгууллагыг удирдах нь мэдээж хэнд ч ашигтай. Гэхдээ эдгээр нэр дэвшигчид эсрэгээрээ хөлбөмбөгт үнэхээр элэгтэй, энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэх чин хүсэлтэй ч байж болох юм. Ямартай ч Инчёны наадмын дараа багийн спорт Монголд хөгждөггүй гэдгийг баталж чадсан сагсан бөмбөгчдийн бахдам амжилтын дараа хамгийн их  шүүмжлэлд өртсөн МХБХ-нд салхи орж, энэ спортыг хөгжүүлж чадах сэтгэлтэй хүн гарна гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэж сууна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine