Б.Амарбат: ХСҮТ-ийн дурангийн тасгийнхан 10 цаг үргэлжилсэн хүнд хагалгааг амжилттай дуусгалаа

ХСҮТ-ийн Дурангийн тасгийнхан болон их эмч Б.Амарбат Монголд цөөн тохиолддог улаан хоолойн хорт хавдрын уян дурангийн мэс ажилбарыг дөрөв дэх удаагаа, 90 настай өвчтөнд анх удаа хийж, 10 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болжээ. Энэ мэс ажилбарыг хийлгэсэн хүн нь Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан гуай байсан юм. Бид түүнээс  зөвшөөрөл  авч  Б.Амарбат эмчтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр 2002 онд нийслэлийн 33 дугаар сургуулийг дүүргэж, 2002-2008 онд ЭМШУИС-ийг хүний их эмч, 2011 онд хоол боловсруулах замын дурангийн эмч мэргэжлээр төгсч, ерөнхий мэс заслын курст  дурангийн мэс заслын эмчээр, Японы Осака хотын хавдар судлалын үндэсний төвд нарийн мэргэшил эзэмшиж, 2012 оноос ХСҮТ-д ажиллаж байгаа юм байна. 

-Хорт хавдрын өвчлөл Монголын хүн амын дотор тэргүүлж байна. Тэр дотроос улаан хоолойн хорт хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?

-Улаан хоолойн хорт хавдар  дурангийн оношилгоогоор илэрдэг, тохиолдлын тоогоор дэлхийд  хоёрдугаарт, нас баралтаар тэргүүн байрт ордог. Япон, Солонгост тохиолдлын тоогоор тэргүүлдэг боловч нас баралтаар хойгуур байранд  байдаг. Учир нь тэнд эрт илрүүлдэг, хүн ам нь оношилгоонд сайн хамрагддаг гэсэн үг. Манай улс эрт илрүүлгийн тогтолцоог энэ жилээс хуулийн төсөл хэлбэрээр оруулж, үндэсний хөтөлбөр байдлаар батлагдаж байна. Эрт илрүүлгийн тогтолцоо бий болчихвол улаан хоолойн дуран оношилгоонд ороод  заавал нээлттэй мэс засал хийхгүйгээр тухайн оношилж байгаа уян дурангийнхаа аргаар эргэж хавдрыг авах /хуулах/ мэс ажилбар хийгдэнэ гэсэн үг.

-Та саяхан болсон  таван Ардын уран зохиолчийн тоглолтыг үзсэний дараа Т.Галсан гуайд мэс ажилбар хийсэн юм байна. Тухайн үед юу бодогдож байв,  90 настай хүнд энэ мэс ажилбарыг хийхэд хүндрэл байсан уу?

-Өвчтөний оношийг нийтэд мэдээлдэггүй. Гэвч Т.Галсан гуай өөрөө зөвшөөрч, бусдыг эрүүл мэндээ хамгаалж байгаасай гэж сэрэмжлүүлэг, сургамж болгож байгаа учир  зарим зүйлийг  хэлье. Т.Галсан гуайд  тохиолдсон хавдар бол Монгол Улсад  тохиолдлын тоогоороо дөрөвт ордог.Ер  нь бол манай улсад зонхилон тохиолддог  хавдрын таван байдлын нэгд тооцогддог, нас баралтаар тэргүүлж байгаа хүнд өвчин. Саяын тохиолдол бол салстын хорт хавдар таван см урттай, хамгийн гол нь ховор тохиолдох ургалттай байсан. Улаан хоолой гуурсан хэлбэрийн уян зөөлөн эрхтэн, гэтэл  хорт хавдар түүнийг бүтэн тойроод ургачихсан. Ихэнх тохиолдолд хавдар нь  нэг талдаа  байдаг бол  цагариг хэлбэртэй бүтэн тойроод ургасан, тэр нь таван см үргэлжилсэн. Ийм ургалт маш ховор тохиолддог. Улаан хоолойг бүтэн тойруулж  хийсэн  дурангийн хагалгаа өмнө хийгдэж байгаагүй, энэ анхны тохиолдол. Ихэнх тохиолдолд нээж хийдэг.  Хагас тойрог хэлбэрийн дурангийн  хагалгааг бол  өмнө нь таван удаа  хийсэн. Улаан хоолойн хана 3-4 мм зузаантай, хорт хавдрын тохиолдолд түүнээс хоёр мм-ийг нь хусч  салгаж авдаг. Нөхөн төлждөг эрхтэн учир нэг сарын дотор эрүүл салстаар нөхөн төлжиж солигддог.

Бид зориод  ирж байгаа бүх өвчтөндөө  өөрсдийн чадах ,мэдэх бүхнийг зориулдаг. Т.Галсан гуай Монголдоо л  эмчлүүлнэ гэж манай эмнэлгийг зорьж ирсэн, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Ардын уран зохиолч, нас сүүдэр 100 дөхөж яваа хүн, дээр нь  хорт хавдрын ховор тохиолдол, тэр  том мэс  ажилбарыг хийнэ гэдэг  өөрөө асар их хариуцлага байлаа. Анхны дурандалтаар улаан хоолойн салстын  4/3-ыг нь  хуулж авах юм байна гэсэн төсөөлөлтэй байсан. Тэр бол бүтэн биш гэсэн үг,  тиймээс бид боломжтой гэж үзсэн. Гэтэл хагалгаа эхлэхэд бүтэн хуулах мэс ажилбар хийх нь тодорхой болсон. Анх 3-4 цагт багтаана гэж тооцоолсон, гэтэл хагалгааны цаг нэг дахин нэмэгдэх шаардлагатай болж  бүтэн 10 цаг үргэлжлээд  бараг үүрээр дууссан. Салстын хавдар боловч судасжилт, наалдац их байсан учир салгахад төвөгтэй байлаа. Насжилтаас шалтгаалж улаан хоолойн хана маш  нимгэн, эмзэг болсон байсан. Бид хамгийн дээд тал нь 87-той хүнд хагалгаа хийж байсан бол 90 настай хүнд  анх удаа том хагалгаа хийлээ. Эмч нараас ур чадвар, мэдрэмж, хариуцлага шаардсан мэс ажилбар байлаа.

-Өвчний шалтгаан, шинж тэмдгийг  хэлж өгнө үү?

-Манай хамт олон улаан хоолойн болон бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс ажилбарыг хийдэг. 2015 оноос энэ хагалгааг хийж, нийтдээ 400 орчим хүнд эрт үеийн хагалгаа хийгээд байна. Энэ дотор улаан хоолой, ходоодны хорт хавдар түлхүү оношлогдсон. 400 орчим хүний 98 хувь нь дахилтгүй 3-4 жил, зарим нь таван жил болж байна. Үлдсэн хоёр хувь нь хүндрэлтэй тул нээлттэй засалд орсон. Ер нь манай улсад  элэг, ходоод, умайн хүзүү, хөх, уушгины хорт хавдар зонхилон тохиолддог. Улаан хоолойн хорт хавдрын гол шалтгаан нь монгол орон хүйтэн сэрүүн уур амьсгалтай учир хүмүүс  дулаацах гэж хоол цайг халуунаар нь хэрэглэдэг. Энэ бол улаан хоолойн хана, ходоодны салстыг  механикаар түлж гэмтээж  байна гэсэн үг. Дээр нь тамхи их татах нь хортой. Ходоодны хорт хавдрын тухайд  хеликобактерийн халдвар нөлөөлөх гол хүчин зүйл  болдог. Дээр нь давсалж даршилсан болон консервлосон хүнсний бүтээгдэхүүн, хиам, халуун ногоо их хэрэглэдэг нь ихээхэн нөлөөлдөг. Монголчуудын давсны хэрэглээ их, сүүлийн үед хоол хүнсэндээ кимчи их хэрэглэх болсон нь голлох шалтгаан болж байна. Оношилгоогоор баруун  аймгуудаас улаан хоолойн хорт хавдрын тохиолдол түлхүү илэрдэг.

ЧИН ТАЛАРХАЛ

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Өөлд өвгөн Тангадын ГАЛСАН

Эрүүлийг Хамгаалахын аварга таван бөх:

Цагаан хэвнэгээ дэрвүүлсээр зүүний магнайд гарвай.

Эрлэгийн Хааны арангалдаг таван бөх:

Бараан нөмрөгөө дэрийлгэсээр барууны магнайд гарвай.

 

Ач ихтэй Эрүүлийг Хамгаалахын бөхчүүд:

“Ардын уранзохиолчийг аварна даа” гэж андгайллаа.

Алдаг булдаг мэргэжилтэй Эрлэгийн баг:

“Авсална даа, муу ертэй өвгөнийг юухан байхав” гэж ханхалзлаа.

 

Гурван цаг... таван цаг... долоон цаг... есөн цаг...

Улаан цустай тулаан: шөнийн турш үргэлжиллээ.

Гудиггүй гуниггүй найрагчийг: Луут Тэнгэр, луст Этүгэн өмөөрч,

Өөлдийн Алтан Зуу нь авралаа ирүүллээ.

 

Их Хуралтай зүйрлэн хэлбэл:

Эрүүлийг Хамгаалахын эмч нар олонх болж илт яллаа.

Эцсэн, ичсэн эрлэгийн элч нар

“Энэ удаа бид ялагдлаа” хэмээн бууж өгөөд бушуухан бултлаа.

 

Амарбат тэргүүтэй Оточ Маналын бүрэлбаа нар

Аврал батаа баталсныг төрийн сүлд харлаа.

Ард түмэн минь ээ, төрийн сүлд минь би та нартаа

Авьяасаа өргөх ерөөл бүрдлээ гэж найрагч монхолзлоо.

 

Эрдэм номыг нь сурчихаараа: багшийгаа ор тас мартдаг

Эрүүл саруул болчихоороо: эмнэлэгээ, эмчийгээ умартдаг

Эрх дарх нь дэндэхээрээ: эх орноо, ард түмнээн мартдаг

Ичгүүртэн биш гэж таньсан: Эрлэг номун хаанд талархму!

 

Нэрийг нь хэлэхээс цээрлэмээр муухай өвчнийг:

Ниргэж, нирмэж ялдаг Хавдар судлалынхан гавьяатай яа.

Нинжин зүтгэл, энхжин сэтгэл, нандин эрдмээрээ

Эрлэгийг ч ялдаг: Эрүүлийг Хамгаалах Та: наран заяатай яа!

 

2022.01.28-ны үүрийн 05 цаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • his patient  2023-06-15 02:54:47
    Yooo ene emchid hairtai shu ❤️❤️ hahah. Aimr goy zalu
  • G 2022-01-31 07:06:04
    baatarnuugiin t1 hvv ih sagsuu shvv
    192.82.70.29
    Мэдэгдсэн Хариулах
  •  2022-01-31 04:25:26
    согтуу хагалгаанд ороод эрүүл болтлоо хүлээж байгаад хагалж дуусгасан байлгүй. тэрнэс биш манай эмч нар гялс л дуусгаад мөнгөө тоолохоо бодно шүү дээ.
    103.80.210.183
    Мэдэгдсэн Хариулах