Төрийн байгуулалтын байнгын хороо 33 хууль, УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2022.01.26) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар оролцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 13 удаа, Дэд хороо 1 удаа, Түр хороо 1 удаа хуралдаж, давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээллийнхээ эхэнд дуулгав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 7 ажлын хэсэг байгуулан ажлын хэсгүүд 43 удаа хуралдсан бөгөөд Байнгын хорооны 10 тогтоол хэлэлцэн баталжээ.

Байнгын хорооны хуралдаанаар 316 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 10, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай 4 санал, дүгнэлт, тайлан, мэдээлэл 3, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 77 саналын томьёоллыг бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.


Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бие даасан 1, нэмэлт, өөрчлөлтийн 32, Улсын Их Хурлын 14 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан чухал хуулиудын нэг бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг Улсын Их Хурлын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилж, хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн тэрбээр мэдээлсэн юм.
Түүнчлэн Байнгын, дэд хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, мөн холбогдох хуулиудаар зохицуулсан Улсын Их Хуралд тайлагнах хууль тогтоомжийн биелэлтийн тайлан, илтгэл, мэдээллийг уялдуулан нэгтгэж, Улсын Их Хурлын хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тусгасан гэлээ.

Дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлох зорилгоор тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар тусгасан. Мөн холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын баталсан дүрэм, журам тухайн хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төсөлд тусгасан нь чухал зохицуулалт болсон гэдгийг мөн онцолсон.

Хяналтын сонсголын хувьд 1) хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол; 2) төсвийн хяналтын сонсгол; 3) ерөнхий хяналтын сонсгол; 4) нэр дэвшигчийн сонсгол гэсэн үндсэн 4 төрөлтэй байхаар төсөлд тусгасан. Онцлог зохицуулалт нь эдгээр хяналтын сонсгол Улсын Их Хурлын 5-аас доошгүй гишүүн, Байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар эдгээр сонсголыг зохион байгуулж, явуулахаар хуульчилсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мөн тодотгосон.

Тэрбээр, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Тодруулбал, олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” замаар тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Их Хурал дээр дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгох маш чухал ач холбогдолтой юм. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангана гэсэн мэдээллийг өгсөн.

Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангаж холбогдох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны 04 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм байна.


Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцүүлгийн шатанд буй Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.