Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар төр засагт шаардлага тавиад байна

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-2021 онд Монгол Улсад ахмадын  байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо. Үе үеийн ахмадын байгууллагын нийгэмд гүйцэтгэж ирсэн ажлуудын талаар та тоймлон ярина уу?

-Монголын үе үеийн ахмад буурлууд 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулж  улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ  эрх чөлөөний төлөө амь насаа зориулсны зэрэгцээ хоцрогдсон Монгол оронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн үсрэнгүй хөгжлийг бий болгох, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, хоршоолол, нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж,  атар газар эзэмших, Ази тивд анх удаа тайван замаар зах зээлийн нийгэмд шилжих, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль баталж өнөөгийн нийгмийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй  гавьяа байгуулсан. Энэхүү түүхэн замналыг туулахдаа Монголын үе үеийн ахмадын байгууллага ахмадуудынхаа эрч хүч, ажлын баялаг туршлагыг хөгжил дэвшилд чиглүүлэн тэднийхээ амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх, төр засгаас олон төрлийн хууль тогтоомж гаргуулахад идэвх санаачилгатай оролцсоноор 90 гаруй жилийн түүхийг бүтээсэн билээ. Монголын ахмадын холбоо төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах,  хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, насжилтын талаар нийгэмд эерэг хандлага, зан байдлыг бий болгох, Ахмад настны бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмадуудын аж байдлыг судлан дүгнэж санал гаргах, ахмадуудын санал бодлыг сонсох, амьжиргааны түвшингээс доош амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сурталчилах зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулан олон төрлийн ажил зохион байгуулж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас  2017 онд Ахмад настны тухай бие даасан хууль баталж, мөрдүүлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг  баталж, төр захиргаа,  аж ахуй нэгж, байгууллагын чиглэлийг тодорхойлж өгснөөр ахмад настнуудын төлөө тавих анхаарал халамжууд,  тусламж үйлчилгээ баталгаатай болсон юм. Хамгийн гол нь эдгээр эрс өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг дагаад ахмад настнуудын урам зориг сэргэж, уг хуулийг хэрэгжүүлэхэд ахмадын төв орон нутгийн идэвхтэн сонгуультнууд идэвх зүтгэлтэй ажиллаж амжилтад  хүрсээр байна. Өнөөдөр 330 сум, 1500 гаруй баг, аж ахуй нэгж байгууллагын салбар нэгжүүд, 440 гаруй ахмадын өргөө ордон танхимд олон зуун идэвхтэн сонгуультан ажиллаж ахмадууддаа анхаарал тавьж соёл, урлаг,  спортын арга хэмжээ зохиох,  тэдний дуу хоолойг төр засагт хүргэх зэрэг олон төрлийн ажил зохион байгуулан ажиллаж байна.

-Та Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар олон жил ажилласан. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа нийгмийн чанартай нэлээдгүй хууль санаачлан батлуулж байсан хүн. Энэ утгаараа Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоход асуудлыг нийгмийн талаас нь харахад хялбар байсан уу? Гэхдээ ямар ч байгууллагын үйл ажиллагаа санхүүгийн чадавхи дээр тогтдог. Энэ утгаараа бэрхшээл байсан биз?

-Миний бие 2012 оны есдүгээр сард Монголын ахмадын холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байлаа.  Ахмадын ууган байгууллагад үзүүлдэг төр засгийн дэмжлэг зогсч, санхүүжилт нь Монголын ахмадын чөлөөт холбоо гэгчид  шилжсэн юм. Санхүүжилт байхгүйгээс Монголын ахмадын төв орон нутгийн байгууллагуудын төлөвлөсөн ажлууд дөрвөн жил тасарч,  хүч нь суларч, ажил нь цалгардсан билээ. Ахмадууд ч талцан хуваагдах болсон. Харин 2016 оноос Монголын ахмадын холбоо, түүний  салбар нэгжүүд дахин Монгол Улсын Засгийн газар, аймаг орон нутгийн засаг дарга нартай  гэрээ байгуулж зохих санхүүгийн дэмжлэг авч ажиллах боломж бүрдсэн. Ингэснээр орон нутгийн ахмадын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, ахмадын талаар төр засгаас тавьж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах бололцоо бий болж долоон жил шахам хугацаанд ахмадын байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж  ажил нь тогтмолжин сайжирсаар байна.

2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Ахмад настнуудын Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж, “Ахмад настны хөгжил хамгаалал” сэдвийн дор ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж уриалга гаргасан нь өнөөдөр ч үр дүнгээ өгч амжилттай хэрэгжиж байна.

-Ахмадын байгууллагын үйл ажиллагаа сэргэснээр ахмад руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч эхэлсэн гэлээ. Та цөөн баримт дурдана уу?

-Ахмад настны тухай хуульд ахмадын байгууллагыг бэхжүүлэх тусгайлсан заалт орсонтой холбогдуулж нийт аймаг,  сумдад ахмадын ордон, өргөө, танхим олноор байгуулагдаж, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг туслалцаа, иргэдийн оролцоотойгоор ахмадын хороо, зөвлөлийн материаллаг бааз бэхжиж, орчин үеийн хөгжил дэвшилтэй уялдаж компьютер, тоног төхөөрөмжөөр зохих түвшинд хангагдлаа. Ахмад  настны холбогдолтой хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрүүдийг цахимаар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилан таниулах  ажлууд эрчимтэй  хийгдэж байна. 2021 онд “Ажил төлөвлөх чадвар”, “Хүмүүсээ хэрхэн сэдэвжүүлэх вэ”, “Ажил даалгах чадвар”, “Манлайлагч хүний 5 дадал”, “Итгэл үнэмшил-Сэтгэлийн амар амгалан”, “Эрүүл насжилт-Амьдралын чанар” зэрэг ахмад настнуудад зориулсан олон удаагийн цахим сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд хамрагдсан ахмадууддаа дижитал сертификат гардуулж өглөө. Мөн Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллагатай хамтран хэд хэдэн сургалт зохион байгуулсан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ахмад настанд эрхээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх Сургагч багш бэлтгэх сургалтыг (2021 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд) халдвар, хамгааллын дэглэм журмын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулж,  оролцогч нарт “Сургагч багш”-ийн гэрчилгээ олголоо. Цар тахлын  хүнд хэцүү үед ахмадуудаа идэвхжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах, дэмжих олон талт сургалт, сурталчилгааны ажил явагдаж байгаад ахмадууд талархаж байна.

Ер нь ахмадын төв орон нутгийн байгууллагуудыг төрөөс дэмжээд ирэхээр ахмадуудад руу чиглэсэн бодлого, шийдвэр тодорхой болох нь зүйн хэрэг л дээ. Тухайлбал, ахмадуудын амьдрал ахуй нь ямар байна вэ, асрамж шаардлагатай ахмад хүн хичнээн байна вэ, хүний асрамжинд байгаа, эрх нь зөрчигдсөн, орон гэргүй хэчнээн ахмад настан байна вэ гэх мэт тодорхой асуудлуудад анхаарал хандуулж нийгмийн халамжийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Түүнээс гадна ахмад настны туршлага, ажлын мэдлэг чадварыг залуу үедээ өвлүүлэх зорилтын хүрээнд хөдөлмөрийн чадвартай, ажиллах хүсэл эрмэлзлэлтэй ахмадуудтай хамтарч ажиллах ажлыг сүүлийн үед зохион байгуулж, ялангуяа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ахмадын төв, орон нутгийн байгууллагууд хэрэгжүүлж эхэлснээр 700 гаруй ахмад мэргэжилтэн бүртгэгдэж, олон зуун залуу ажилтнуудад ажлын туршлага эзэмшүүлэх, тэдэнд зааж сургах ажил эрчимтэй явагдаж байна.

2021 онд ахмадын шат шатны байгууллагууд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хөгжлийн талаар тусгасан зорилтууд, Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, орон нутгийн төр захиргааны байгууллагаас гаргасан “Ахмадын ач санах хөтөлбөр” болон ахмадын насжилтын асуудлыг тайлбарлан таниулах ажлыг танхимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нөлөөллийн арга хэмжээг өргөн хүрээтэй зохион байгуулав. Ахмад настнуудын оршин суугаа хаяг, амьдрал ахуй, нийгмийн оролцооны талаарх нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинээр бүрдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, иж бүрэн судалгаа, бүртгэлтэй болоод байна.

Монголын ахмадын байгууллагын анхаарлын төвд байдаг нэг чухал асуудал бол тэтгэврийн зөрүүг арилгах, хэмжээг нь нэмэгдүүлэх асуудал. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас ахмад настнуудын бухимдал ихэсч, улмаар төр засагт шаардлага тавих талаар Монголын ахмадын холбоонд байнга санал хүсэлт ирүүлсээр байна. Үүнийг үндэслэн саяхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт хандан тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар шаардлага хүргүүлээд байна.

Энэ дашрамд хэлэхэд Монголын ахмадууд төр засгаас тухайн цаг үед зохион байгуулж байгаа ажилд  байнга идэвхтэй оролцсоор ирсэн билээ. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлснийг Монголын ахмадын байгууллагууд, ахмадууд талархан хүлээн авч Төрийн тэргүүнд хандаж тэрбум мод тарих уриалгад нэгдэж байгаагаа илэрхийлж ой, мод үржүүлэг, усны хангамжийн чиглэлээр мэргэшсэн ахмадуудыг судалж мод тарих үйлст татан оролцуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд та бүхэн ямар ямар ажил санаачлан хэрэгжүүлсэн бэ. Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн ажиллав?

-Монголын ахмадын холбооны  Удирдах зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч, уг ойн хүрээнд бүтэн жилийн турш зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. 90 жилийн хүрээнд ахмад настны чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, төв орон нутгийн радио, телевизээр өргөн сурталчлах, ахмадуудын сэтгэл санааг өөдрөг байлгах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулснаас гадна 90 жилийн ойн хүрээнд ахмадын төв, орон нутгийн байгууллагын салбар нэгжүүдийн дунд номинацаар уралдаан зарлаж  дүгнэсэн нь тэдний идэвх санаачилгыг өрнүүлсэн чухал арга хэмжээ болсон юм. Ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан “Ахмадын байгууллагын хүндэтгэлийн чуулган” зохион байгуулж, уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа илтгэл, мэндчилгээ хүргэж, нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд олон зуун ахмадууд талархалаа илэрхийлээд байна.   

Төв, орон нутгийн ахмадын байгууллагууд 2021 онд 90 жилийн ойгоо угтаж 1200 бүтээлч ажил хийхээр төлөвлөж түүнийгээ амжилттай биелүүллээ.  90 жилийн ой угтсан бүтээлч ажлуудаас дурдвал, Булган аймгийн ахмадын хорооны “Ахмадын ордон”-ы барилгыг улсын комисс хүлээн авч тус аймгийн Засаг дарга, Тамгын газар, түүний харьяа хэлтсүүд “Ахмадын ордон”-ы дотоод тохижилтыг их бүрэн хийхээр болж, 2022 оны үйл ажиллагааны зардалд нь 80 сая төгрөг баталсан байна. Сэлэнгэ аймгийн ахмадын хороо “Монгол ёс заншлын өргөө-Ахмадын хөгжлийн төв”-ийн барилгыг шинээр ашиглалтад оруулж нээлтийг нь хийсэн бол Дундговь аймгийн ахмадын хорооны “Ахмадын ордон”-ы барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахад шаардагдах 340 сая төгрөг нь батлагдаж, Аймгийн Засаг дарга “Ахмадын ордон”-ы дотоод тавилга, тохижилтын асуудалд 145 сая төгрөг олгохоор болоод байна. Мөн ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ахмадын хороо Ахмадын өргөөгөө иж бүрэн засварлан тохижуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багууд, Дундговь аймгийн Өндөршил сум, Төв аймгийн Аргалант сумдууд “Ахмадын танхим” шинээр ашиглалтад оруулж, Дархан-Уул аймгийн Ахмадын хороо “Ахмадын өргөө”-ндөө  52 сая төгрөгийн санхүүжилтээр их засварын ажлыг бүрэн хийж дуусгасан, мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ахмадын хороо 354.0 сая төгрөгөөр ахмадын өргөөндөө иж бүрэн их засварын ажил хийж, өрөө танхимыг нэмж, өргөтгөн 400 м.кв талбай бүхий 8 өрөөтэй болсон, Түмэнцогт сум ахмадын байрандаа өргөтгөл хийж, 24 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж авч үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсэн зэрэг бүтээлч олон төрлийн ажлыг ахмадын байгууллагууд амжуулж хэрэгжүүлээд байна.

90 жилийн ойн хүрээнд МАхХ-ны төв хэвлэл “Ахмад үе” сонины нийтлэлийн чанарыг сайжруулах, дугаарыг нь олшруулж ажлаа сурталчилах чиглэлээр мэдэгдэхүйц ахиц гаргаж ажиллалаа. 2021 онд нийт 45.500 хувь хэвлэж төв, орон нутгийн ахмадын байгууллагуудын ажлыг сурталчилж, мэдээллээ солилцож, туршлагаа хуваалцлаа. “Ахмадын алтан сургааль” цуврал номын эхний нэгдүгээр ботийг гаргалаа. Энэхүү номонд хот, хөдөөгийн 120 ахмадуудын ирүүлсэн бүтээлүүдээс 45-ыг нь сонгож эмхэтгэн хэвлүүлсэн юм.

-Өргөн хэрэглээний үнэ өсч, ахмадуудын амьдрал улам хүндэрч сар шинэтэй манатай болоод байна. Тэтгэврийг нэмэгдүүлэх талаар МАхХ ямар байр суурь баримталж, ямар арга хэмжээ авч байна?

-2021 оны байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 360 шахам мянган ахмад настан тэтгэвэр авч, улсын дундаж тэтгэвэр 424,000 төгрөг, доод хэмжээ  нь 300,000-350,000 төгрөг байгаа бөгөөд дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч энэ өчүүхэн бага орлогоор амьдрах аргагүйд хүрч байна.

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифийн өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт, тэтгэвэр тогтоолгосон хугацаа зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар үүссэн тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас нийтдээ зургаан удаа шинэчлэн тогтоосон боловч хөрөнгийн эх үүсвэр байхгүй шалтгаанаар уг индексийг хэт багаар баталж байснаас тэтгэврийн зөрүүг арилгах бодитой арга хэмжээ болж чадаагүй юм. 1995 оноос өмнөх үеийн тэтгэврийн хэмжээ болон түүнээс хойших бүхий л үед тогтоосон тэтгэвэр /адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлс/-ийн түвшинд хүргэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрснийг өөрчлөх цаг болсон гэж Монголын ахмадын холбоо үзэж Төр засагт удаа дараа санал, шаардлага хүргүүлсэн боловч өдий болтол шийдвэрлэгдээгүй бөгөөд ахмадуудын бухимдал нь дээд цэгтээ хүрээд байна.

Ахмад  настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон тэтгэврийг нь нэмэгдүүлж, амьдралын баталгааг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтан бүрэн шийдвэрлэх, үүний  тулд 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгосон цалинг 2100 орчим дахин нэмэгдүүлсэн итгэлцүүрээр өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодох тухай Засгийн газрын тогтоол гаргах, цалингийн доод хэмжээг 500000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр тогтоож, тэтгэврийн доод хэмжээг  цалингийн доод хэмжээний 80 хувиас багагүй байх зарчим баримтлах, тухайн тэтгэвэр авагчийн 20-оос дээш жил ажилласан жил тутамд олгодог 1.5 хувийн нэмэгдлийг тэтгэврийн доод хэмжээн дээр нэмдэг болгож тэтгэврийг өөрчлөн бодох, тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж төсвийн тодотгол яаралтай хийх гэсэн шаардлагыг саяхан дахин хүргүүллээ.

Ингээд Монгол орны өнцөг булан бүрт энх тунх амьдарч байгаа 350 гаруй  мянган ахмад настан азай буурлууддаа усан бар жилийн Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ж.ЦЭНДСҮРЭН: АХМАДЫН БАЙГУУЛЛАГА НИЙГЭМД ҮНЭЛЖ БАРШГҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН


Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч асан Ж.Цэндсүрэнтэй ярилцлаа.

 

-Монголын ахмадын байгууллагын үүх түүхийн талаар та товчхон ярина уу?

-Монголын ахмадын холбоо ихээхэн олон жилийн түүхтэй байгууллага. Анх Партизаны комисс нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон бүх  партизануудын эрх ашгийг төрөөс хамгаалах зорилгоор Партизаны комиссыг байгуулж байсан гэдэг. Дараа нь улам өргөжөөд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний эрх ашгийг хамгаалах байгууллага болсон. Гэхдээ хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдээс гадна тухайн үедээ улс нийгэмд хүндтэй гавьяа байгуулсан хөдөлмөрийн сайчууд, алдартнуудын ч эрх ашгийг хамгаалж байсан юм. Харин 1988 онд буюу ардчилсан хувьсгал эхлэхийн өмнөхөн МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчооны шийдвэрээр Монголын нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалсан Монголын ахмадын холбоо болж, бодлого, үйл ажиллагаа нь тэлсэн юм. Онцлог нь төрийн ивээлд байсан. Партизаны комисс, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо ч төрөөс санхүүждэг байсан бол Монголын ахмадын холбоо ч төрийн ивээлд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нийт ахмадын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагын статустайгаар төрдөө ажил үүргээ гүйцэтгэдэг байгууллага болж өөрчлөгдсөн. Тухайн үеийн байгууллага, иргэд зүгээр л нэг эрх ашгаа хамгаалуулаад явдаг биш төрийн тодорхой тодорхой асуудлуудыг хүлээж аваад биелүүлдэг байлаа. Удирдаж байсан хүмүүс нь ч дандаа төр нийгмийн зүтгэлтнүүд байж билээ.

-Монголын ахмадын холбоо бол төрийн бус байгууллага. Бусад төрийн бус байгууллагуудаас ялгарах гол онцлог нь юундаа байдаг гэж та боддог вэ?

-Олон жилийн үүх түүхээс нь, үйл ажиллагаанаас нь харахад хамгийн тогтвортой ажиллаж байгаа төрийн бус байгууллага бол Монголын ахмадын холбоо (МАхХ). Товчоор дүгнээд үзэхэд олон ургальч үзлийн үед байгуулагдсан өч төчнөөн төрийн бус байгууллага дотроос төрийн чиг үүргийг гүйцэтгээд, төрийн бус байгууллагын  статустайгаар үйл ажиллагаагаа зохицуулаад явж байгаа нь ганцхан МАхХ.

 МҮЭХ ч байдаг юм уу, МЭХ зэрэг бусад төрийн бус байгууллагууд бол өөр л дөө. МАхХ Ахмад настны тухай хуультай  байгууллага учраас хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, тэр хуулийнхаа хүрээнд ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалж, төр засагтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Ийм учраас ахмадын нэр барьсан олон байгууллага байх шаардлагагүй. Би төрийн байгууллагад 20 гаруй ажиллаж байгаад 1994 оны 5 дугаар сарын 5-нд Монголын ахмадын холбооны даргаар сонгогдсон. Манай байгууллагын удирдлагыг тухайн үед дарга гэж томьёолдог байгаад хожим нь ерөнхийлөгч хэмээн нэрийддэг болсон юм. Тэр цагаас хойш 19 жил ажиллаад 2012 онд өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн.

-1994 онд МАхХ-ны даргын ажлыг авахад байгууллагын албан байр, хүний нөөц, санхүү ямар байсан бол?

-1988 оны Улс төрийн товчооны тогтоолын дагуу Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороог татан буулгаад Монголын ахмадын холбоог байгуулж, санхүүжилтийн асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлд шилжүүлсэн шийдвэр гарсан. Намайг 1994 онд ажил авахад төрөөс санхүүжилт олгохоо больсон байлаа. Бид хандивт түшиглэж үйл ажиллагаа  явуулахаас аргагүйд хүрсэн. Ашгийн бус байдлаар нэг хэсэг явсан гэсэн үг л дээ. Барилга байшингийн хувьд ахмадын байгууллага Драмын театрын хажууд хоёр давхар байшинд байсан юм. Ю.Цэдэнбал дарга “Монголын ахмадын холбоо зүгээр нэг байгууллага биш. Ийм, ийм нарийн тодорхой зорилго чиглэлтэй алба. Тусад нь байр, контортой болго” гээд тэр байшинг өгсөн түүхтэй юм билээ.

-Өмнө нь Шүүх яам байсан барилгыг Монголын ахмадын холбоонд шилжүүлсэн гэлүү?

-Дээр үед Шүүх яамны байр байсан. Түүнээс өмнө худалдааны газар байсан гэлцдэг. Тийм түүхтэй байрыг Засгийн газрын ордон шиг засуулаад хүлээлгэн өгч байсан байгаа юм. Тухайн үед бага Засгийн газар ч гэгдэж байв. 

-Ю.Цэдэнбал дарга өөрөө хүлээлгэж өгч байсан гэж зарим ахмадууд ярьдаг юм билээ. Тэр талаар та мэдэх үү?

-Б.Дорж генералыг Монголын ахмадын холбооны даргаар томилж, тэр байрыг хүлээлгэн өгч байсан гэдэг. Ю.Цэдэнбалт өөрөө ирсэн, эсэхийг би өөрөө байлцаагүй учраас мэдэхгүй. Монголын ахмадын холбоог байгуулах, байр, санхүүг нь шийдэж өгөх асуудлыг Бал дарга өөрөө санаачилж байсныг бол сонссон. Гэхдээ хэдхэн жилийн дараа ардчилсан хөдөлгөөн өрнөж байдал өөр болсныг бүгд мэднэ. Монголын ахмадын холбооны санхүүжилт ч муудсан. Намайг даргаар нь сонгогдоод ирэхэд байдал хүндхэн байлаа. Миний хувьд өмнө нь намын хороо, төр захиргааны байгууллага, дүүрэгт ажиллаж байгаад энэ ажил дээр ирсэн юм. Хэцүү үед Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байсан учраас ажлаа юунаас эхлэх вэ гэдгээ сайн мэдэж байсан. Хамгийн түрүүнд “Ахмадын байгууллага хуультай болгох хэрэгтэй юм байна. Ахмадын асуудлыг хуулиар зохицуулах асуудлыг дэвшүүлье” гэдэг бодлоор ажлаа эхэлсэн дээ. Манай ажилтнууд ч дэмжсэн. Тэгээд хуулийнхаа анхны хувилбарыг гаргасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулаад, яамтай ажиллах нь зөв гэдэг байр суурийг баримталж салбарын яамтайгаа шууд харилцдаг өөрчлөлтийг анх ингэж оруулсан. Хуулийн талаар тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдад танилцуулахад “Хуультай болох нь зөв өө. Бид ажлын хэсэг гаргая. Та нар оролцдогоороо оролц. Энэ бол ганцхан ахмадын байгууллагын асуудал биш” гээд шууд ажлын хэсэг байгуулаад, намайг ч оруулсан. Засгийн газар ч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ч анхаарсан. Тухайн үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Э.Гомбожав, дэд сайдаар П.Бямбацэрэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Сүхбаатар нар ажиллаж байсан юм. Ийнхүү олон талын хичээл зүтгэлийн үр дүнд 1995 онд Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хууль анх батлагдсан түүхтэй.

Мөн ахмадын байгууллагаа бэхжүүлэхийн тулд ахмадын холбооныхоо бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудал хөндөгдөж, нэгдүгээрт, нутаг дэвсгэрээр нь буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг, багаар зохион байгуулая, хоёрдугаарт, салбар салбараар нь буюу эрүүл мэндийн, аж үйлдвэрийн, барилгын гэх мэтээр зохион байгуулая гэж үзсэн. Үүнийг ажил хэрэг болгосны үр дүнд нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг ахмадын хороо зөвлөлтэй болоод зогсохгүй төрийн бүх байгууллага ахмадын хороотой болсон доо. Бидний хийсэн өөр нэг томоохон ажил гэвэл ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй гэдэг бодлогын хүрээнд тодорхой бодлого боловсруулж санал гаргасан. Түүнээс гадна аймаг, суманд бүсчилсэн хэлбэрээр байнга сургалт зөвлөгөөн хийдэг болсон. Энэ ажил одоо ч гэсэн зохион байгуулагдаад явж байна. Энэ мэтээр их л олон ажлын талаар дурдаж болно.

-Гадаад харилцаа бол аливаа байгууллагын хувьд хамгийн чухал асуудал. Та энэ чиглэлээр ямар ажил зохиосон бэ?

-Би МАхХ-ны даргын ажил аваад гадаад харилцаагаа бэхжүүлэхэд яаралтай анхаарлаа хандуулая гэж тогтсон. Партизаны хороо ч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо ч гадаад харилцааны хувьд өргөн хүрээтэй байсан. Гэхдээ социалист орнуудын хэмжээнд шүү дээ. Энэ утгаараа Монголын ахмадын холбоог байгуулахад гадаад харилцаа чухлаар хөндөгдсөн. Бид судалж үзээд Ази-Номхон далайн бүсийн орнуудтай харилцаа тогтоож тухайн бүс нутгийн ахмадын байгууллагад гишүүнээр нь элсч билээ. Гадаад харилцаа ч өргөжөөд ирсэн дээ. Жил бүр болдог Олон улсын ахмадын урлаг, соёлын наадамд ч манай авьяаслаг ахмадуудын төлөөлөл оролцдог боллоо. Эх орондоо Азийн ахмадуудын урлаг, соёлын наадмыг төрийн ивээл дор хийж, Ерөнхий сайдын мэндчилгээг дэвшүүлж байлаа. Энэ мэтээр Монголын ахмадын холбоо гэдэг төрийн бус байгууллага байдаг гэдгийг харуулж чадсан. 

-Та энэхүү байгууллагыг тэргүүлж байсны хувьд МАхХ-ны одоогийн үйл ажиллагааг хэрхэн харж дүгнэж байна вэ?

-Байнга ажиглаад, дүгнээд байдаггүй. Ажлаа хүлээлгэж өгөхдөө хэнтэй ч зөвлөлгүйгээр Ц.Сүхбаатарт халаагаа өгч байлаа. Хүүхэд маань гадаадад удаан хугацаагаар явах болсон учраас тийм шийдвэр гаргасан юм. Гол нь нийгмийн асуудлыг сайн мэддэг гэдэг утгаар нь тэр хүнд итгэл найдвар хүлээлгэсэн гэсэн үг. Би гадуур яваад, даалуу хөзөр тоглоод, сайн муу юм сонсоод байдаггүй хүн. МАхХ-ын тухайд бодлогын хэмжээнд ажил нь явж байвал боллоо. Монголын ахмадын холбооны үйл ажиллагаа яг  энэ байдлаар явж байгаа шүү. Намайг ахмадын байгууллагын даргаар ажиллаж байсан үеийн нөхцөл байдал одоо үеийнхээс огт өөр. Өөрөөр хэлбэл, миний биеийг МАхХ-ны даргаар ажиллаж байх үед 30 настай байсан хүн өнөөдөр тэтгэвэрт гарсан байна. Зарим нь том компанийн эзэн ч болсон байж мэднэ. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьдаг хүмүүс олон бий. Гэхдээ энэ асуудлыг маш зааг ялгаатай авч үзэхгүйгээр зүгээр л тэтгэврийг тэгшитгэж нэмэх хэрэгтэй гэж ойлгож болохгүй л дээ. Тэтгэврийн асуудал дээр бүх ахмадууд сэтгэл хангалуун байгаа гэвэл худлаа. Гэхдээ энэ бол МАхХ-ны үйл ажиллагаанаас болоогүй. Шууд төр засгийн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал шүү дээ. Засгийн газар зарим талаар алдаа гаргадаг л байх. Би ахмадын байгууллагыг тэргүүлж байхдаа шийдвэр гаргагчдад хандан хатуухан хэлдэг л байлаа. “Та нар өөрсдөө ахмад болохгүй юм шиг ахмадын асуудал ярихаар мөнгө төгрөг байхгүй гэдгээ боль” гэх жишээтэй. Ковидын үед төр засагт анхаарах зүйл байна уу гэвэл байна. Тухайлбал, тэтгэвэр ч нэмсэнгүй, цалин ч нэмсэнгүй.

-Эрхэлж байсан ажил, мэргэжил, улс нийгэмд гүйцэтгэсэн үүргийнхээ ач холбогдлоор тэтгэвэр тогтоолгох ёстой гэдэг санааг таны ярианаас ойлголоо. Зөв үү?

-Тэтгэврийн зөрүү гэдэг асуудал миний үед яригдаж л байсан. Энэ асуудлыг ахмадууд маань ч буруу ойлгосон, төрд байгаа хүмүүс ч сайн ойлгоогүй. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зөрүү гэдгийг тэгшигтгэх, бүгдээрээ адилхан тэтгэвэр авах ёстой мэтээр ойлгоод байна. Жишээ нь, улс орныхоо төлөө хүнд үйлдвэр, уул уурхайд ажиллаж байсан хүмүүсийн тэтгэврийг хөнгөн ажил хийж байсан хүний тэтгэвэртэй адилтгаж үзэж болохгүй шүү дээ. Энэ талаасаа тэтгэврийн зөрүүг төр засаг өөрсдөө ойлгомоор байгаа юм. Өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ 20-30 хувь өслөө. 300.000-400.000 төгрөгийн тэтгэвэртэй хүмүүс бол манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь гээд бодохоор тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулах ёстой л доо. Худалдаачдын хувьд хил, гааль хаасан гэдэг шалтаг хэлээд л барааныхаа үнийг нэмж байна. Тэтгэврийн асуудал дээр бодлогын чанартай арга хэмжээ авах хэрэгтэй.

МАхХ хүнд хэцүү үед боломжийн хэмжээгээр ажиллаж байна. Би Ахмадын байгууллага,  Төр засгийн зовлонг ч мэдэж байна. Цар тахлын хуулийг зургаан сар сунгалаа л гэлээ. Гэхдээ байрныхаа дулааны үнийг өөрсдөө төл гэдэг шийдвэр гаргах гэж байгаа юм шиг байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд, ажилгүй хүмүүс яах болж байна вэ. Цар тахлын хуулийг 6 сараар сунгасан юм бол цахилгаан, дулааны үнийг тэглэсэн шийдвэрээ ялгаагүй зургаан сараар сунгах ёстой. Амьдралынх нь гол эх үүсвэр болоод байгааг ойлгох хэрэгтэй.

-Ингээд яриад байвал үргэлжлээд байх төлөвтэй. Гэхдээ сэдвийнхээ агуулгад баригдаад энэ удаад ярилцлагаа өндөрлөе. Монголын ахмадын байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар та бодол санаагаа товчхон илэрхийлнэ үү?

-Монголын ахмадын холбоо байгуулагдснаар ахмадууд өөрийн гэсэн эзэнтэй болсон. Нийгэмд гүйцэтгэсэн үүргийг нь үе үеэр нь ярих юм бол тоочоод баршгүй. Ямар ч байсан бодлого, үйл ажиллагаагаараа төрийн бус байгууллагуудыг манлайлж, үлгэрлэж байгаа гэж боддог. Ирээдүйн ахмадууддаа хандаж үе үеийн ахмадуудынхаа хийж бүтээснийг улам сайжруулаасай гэж хүсье дээ.

-Хүсэлтийг маань хүлээн авч, ярилцсан танд Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөл, Ажлын албаны нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье. 100 насалж зургаадай таяг тулахын ерөөл өргөе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-01-28 02:40:19
    ahmadiin holboo bgaa yum uu
  • Zochin  2022-01-26 10:11:42
    Нөгөө олон уул уурхайгаас орж буй мөнгө, offshore ,авилгалаас хураасан мөнгөө зарцуул.Үгүй бол УИХ 76/3 цалинг нь "тэг " болгож хөө
  • И. Норовжав 2022-01-26 05:12:27
    Ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлэх эхний ээлжийн эх үүсвэрийг оюутолгойгоос орж ирж байгаа төлөвлөгөөнд тусгагагдаагүй нэмэгдэл эх үүсвэрээр шийдүүлэх асуудлийг ...