С.Бат-Эрдэнэ: Жуулчид хүн ам ихтэй суурьшмал байдлаас татгалзаж,  байгальд ойр, сувиллын аяллыг илүүд үзэж байна

Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагын талаар “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сүүлийн хоёр жил цар тахалтай, хил хаалттай байлаа. Ерөнхийд нь дүгнэвэл аялал жуулчлалын салбар ямар байв. Сэргэх хандлага байна уу?

-Гаднаас орж ирдэг жуулчдыг авч үзвэл тэг зогсолт хийсэн гэж хэлж болно. Олон улсад 70-90 хувьтай зогслоо. Аялал жуулчлал тэг зогссоноос үүдэж экспортын орлогын хэмжээ 910 тэрбум ам.доллараар буурсан. Нийт дүнгээр нь харвал 1.2 их наяд ам.долларыг олон улсын зах зээл дээр царцаалаа гэсэн үг. Үүнээс үүдэж 100 сая ажлын байр орлогогүй болсон тоо баримт бий.

Дэлхийн аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаачдын гаргаснаар улс орнууд  2023, 2024 он гэхэд 2019 онд хүлээж авсан  тоотой тэнцүү жуулчин хүлээж авна  гэж үзэж байна. Энэ нь ч биеллээ олох магадлалтай. Гэхдээ цар тахлын үеийг тооцоолоход бэрх байгаа ч омикроныг олон улсын судлаачид коронавирусын хамгийн сүүлийн хувилбар гэж үзэж  ирэх зургадугаар сараас эхэлж жуулчид хөдөлгөөнд орж эхэлнэ гэсэн хандлагатай байна. Хятад улс гэхэд тавдугаар сард хилээ нээх байр суурь илэрхийллээ.Тиймээс  Монгол Улс үүнд тохируулж бэлтгэлээ маш сайн базаах шаардлагатай. Манай улсын хувьд гадны жуулчдын урсгал 2020 онд нам зогссон бол 2021 оноос Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлсний үр дүнд бага зэрэг өсөх хандлага ажиглагдлаа. Цаашид маш зөв бодлогоор ажиллаж чадвал 2019 оных шиг 500 мянган жуулчин хүлээж авах боломжтой.

Цар тахлын нөхцөл байдалтайгаар бидэнд давуу тал ч  байна. Сул тал ч бий. Цаг уурын байдал, байгаль орчин дээр суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ явуулж чадвал цар тахлын дараах эмчилгээ, амралт эрэлттэй байх хандлага ажиглагдаж эхэллээ. Мөн хүн ам ихтэй суурьшмал байдлаас  татгалзаж байгаа энэ үед хүн ам сийрэг байх нь олон улсад үнэ цэнтэй болж байна. Жуулчид масс буюу олуулаа аялахаас татгалзаж, аль болох гэр бүл, найз нөхдөөрөө цөөхүүлээ байх хувилбарыг илүүд үзэж байна. Энэ нь ч ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой хувилбар. Энэ мэтээр хоёр жил хүлээсэн хүмүүс мөнгөө харамлахгүй аялах хэрэгцээ, шаардлага бий. Манай аялал жуулчлалын салбар ч бэлтгэлээ хангаад ажиллаж байна.

Цар тахлыг боломж болгон ашиглаж дотоодын аялал жуулчлалыг сэргээх бүрэн боломжтой. Жилд гадагшаа аялаж буй нэг сая жуулчны мөнгөн урсгалыг Монголдоо шингээх, дотоодын аялал жуулчлалын талаарх ойлголтыг өгөх нь чухал. Заавал Хөвсгөл, Увс явдаггүй юм гэхэд Улаанбаатарынхаа эргэн тойронд богино зайд хэрхэн үр дүнтэй аялахын ач холбогдлыг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.

-Улс орнууд одоогоор хаалттай байна. Хил нээгдэхэд аялагчдыг татах бодлого ямар байх вэ. Өмнөх жилүүдийнхээс шинэ сэргэг, үр дүнтэй гарц шийдэл байх уу?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2021-2022 онд Хүртээмжтэй аялал жуулчлалыг онцолж, уриа үгээ болголоо. Аялал жуулчлалд үр өгөөжөө өгдөг бүх салбар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс тэгш хүртээмжийг бий болгож, бизнесээ хурдан эргэлтэд оруулахад чиглэж байна.

1990 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарыг гадаад орнуудад сурталчлахдаа олон улсын үзэсгэлэн, аяллын компани, хувь хүмүүсээр дамжуулж Монголын соёлыг түгээдэг байсан. Одоо бол гадаад харилцааны яамтай хамтраад Монгол Улсаас гадаадад үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй Элчин сайдын яамаар дамжуулж, жуулчдын урсгалыг татах бодлогыг анх удаа маш хүчтэйгээр тавьж, хийх гэж байна. Хоёр жилийн хугацаанд гадаад харилцаан дээр суурилсан аялал жуулчлал буюу зөөлөн хүчний бодлогоор жуулчдыг татна. Цагаан сарын дараагаас Элчин сайдын яамдын цахим зөвлөгөөнийг хийхээр бэлтгэж байгаа. Монголчууд гадагш олон улсын арга хэмжээнд оролцож чадахгүй хил хаалттай энэ үед Элчин сайдын яамд зөв бодлогоор тухайн орноосоо жуулчдыг татах, Монголыг сурталчилна. Энэ хүрээнд цагаан сар, наадам, зун, өвлийг харуулсан аялал жуулчлалын контентуудыг хийж Элчин сайдын яамдаар дамжуулах ажлыг тасралтгүй хийхээр төлөвлөж байна.

Хил нээгдэхэд улс орнуудтай ямар зах зээл, харилцаа бий болгож жуулчдыг татах шинэ бодлого гаргаж ирэх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Ялангуяа, манайх шиг том нутаг дэвсгэр, сийрэг хүн ам, цөөн жуулчин хүлээн авдаг орны хувьд байгаль дээр суурилсан аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэдгийн хувьд бодох ёстой. Мөн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд “21 аймаг 21 улс” төслийн хүрээнд зөвхөн БОАЖЯ-ны төсөвт баригдсан бодлогыг халж аймгууд бие даасан аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Тухайлбал, Архангай аймаг хэдэн жуулчин авчирснаараа ажлаа дүгнүүлж болно. Харин хэдэн жуулчин хүлээж авах вэ гэдэг нөөцөө судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулснаар бодлого гарч ирнэ. Аялал жуулчлалын салбарын ноу хау хөгжсөн нэг улстай нэг аймгийг холбож шифийн харилцаа тогтоож өгснөөр гадны зөв жишиг, туршлагыг нэвтрүүлэх боломжтой. Аймаг бүр өөрийнхөө онцлогт тохирсон, аялал жуулчлалынхаа брэндийг бий болгож өнгө төрхөөрөө ялгарч, мэдрэгдэж  байх хэрэгтэй. 21 аймаг тус бүртээ өөр түүх соёл, онцлогоо харуулж маш хурдацтайгаар ажиллахгүй бол 30 жилийн хугацаанд зөвхөн гаднаас ирэх жуулчдаа тоолж, анхаарч ирснээс биш дотоодын нөөц боломждоо огт хөрөнгө оруулж, хөгжүүлж чадаагүй. Үзэх зүйл хомс, тав тухтай орчин алга. Аялагчдын аюулгүй байдлыг хангаж чадсангүй. Тиймээс Монголд ирж байгаа жуулчдаас гадна гурван сая иргэнээ дотоодод аялуулах боломжийг бодлогоор дэмжих ажил орхигдсон. Өнгөрсөн есдүгээр сард Германы долоон хэвлэл мэдээллийн байгууллагын есөн сэтгүүлчийг Монголдоо авчирч долоо хоног аюулгүй аялуулж, Монголыг сурталчлууллаа. Үүний үр дүнд Монголын талаарх мэдээлэл Европын  45 сая хүнд хүрсэн байна.

-Дэлхий нийтээр аюулгүй аяллыг ярьж, түүнийг нотолсон шошго хүртэл олгож байна. Манай улсыг гадаадад төлөөлдөг бас нэг сөрөг мессеж бол аюулгүй байж чадах уу гэдэг зүйл болж байна. Аяллын компаниуд хоёр жилд хэр бэлтгэл хангав?

-Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх  үндэсний хэмжээний дөрвөн стратеги төлөвлөгөө баримтлан ажиллаж байна. Монгол Улсад аялах жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, сэргээх, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж дотоодын аялалыг хөгжүүлэх, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, цар тахлын үед эрчимтэй хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбар дахь цахим шилжилт гэсэн дөрвөн үндсэн бодлого баримталж байна.

Гаднаас ирж байгаа жуулчдыг хүлээж авахад хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдэг асуултын тэмдэгтэй хэвээр байна. Гэсэн ч аялал жуулчлалын салбар сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа учраас “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-аас Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан “Аюулгүйн шошго”-ыг үнэ төлбөргүй олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж “Аюулгүйн шошго”-той болж Дэлхийн аялал жуулчлалын сайт дээр нэр нь бүртгэгдэж, листэд нь орсон. Өөрөөр хэлбэл, жуулчид Монголд очоод ямар байгууллагыг сонговол аюулгүй аялаж болох вэ гэдэг сонголтод орж байна гэсэн үг. Мөн эдгээр байгууллагууд дээрээ жуулчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэл гарвал ямар арга хэмжээ авах зэргээр тодорхой сургалтуудыг хийж стандарт, хүний нөөцөө бэлтгэж байна.

Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, сэргээхэд маш том асуудал үүссэн. Энэ бол аялал жуулчлалын салбар дахь боловсон хүчин, хүний нөөцийг бүрэн үргээсэн явдал. Их, дээд сургуулиудын аялал жуулчлалын салбарын элсэлт тэг зогссон. Аялал жуулчлалын салбарыг гадны жуулчин орж ирээд сэргээнэ гэхээс илүү хүний нөөц, боловсон хүчин байгаа билүү гэдгээ анхаарахаас өөр аргагүй болчихлоо. Одооноос бодит ажлуудыг хийхгүй бол том асуудал болох нь гарцаагүй.

- Аялал жуулчлал бол ковидын дараа хамгийн хурдан сэргэх салбар гэсэн хүлээлттэй байгаа. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Цар тахал хүн төрөлхтөнд хэрхэн амьдарч буйгаа тунгаах, цэгнэх, дэлхийн хөгжлийг эргэж харах боломжийг олголоо. Аялагчид хүн ам ихтэй суурьшмал байдлаас татгалзаж, байгальд ойр байхыг илүүд үзэж байна. Мөн аль болох цөөхүүлээ гэр бүлээрээ аялах хэлбэр рүү орж байна. Цар тахал дуусаагүй учраас жуулчдын энэ чиг хандлагад нийцүүлж Монгол руу татах бүрэн боломжтой. Тухайлбал, Хөшигийн хөндийд буугаад Улаанбаатар руу орохгүйгээр шууд хөдөө орон нутаг руу явах хувилбар давуу тал боллоо. Харин хэдэн хүнд зориулсан аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй вэ гэдгээ яаралтай бий болгох хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.