Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм Монголчууд аа,
 
Хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо,

Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож буй уурхайчид, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа,
 
Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй.
 
Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюу толгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюу толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.


 
Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна.
 
Хэлэлцээр өнөөдрийн түвшинд ирэхэд нэгдмэл бодлогоор тууштай дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Түр хорооны гишүүд, олон жил цөхрөлтгүй тэмцсэн улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч, буулт хийж, хамтын ажиллагааны итгэлцлийгсэргээхийг эрмэлзсэн хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто, Туркойз Хилл компанийн удирдлагуудад мөн талархаж байна.   
 
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
 
Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд  өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.
Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ өдөр бол хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл, магадгүй сүүлчийн найдлага гэдгийг миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээ төлөөлөн та бүхэнд илэрхийлж байна.
Эрхэм монгол ахан дүүс ээ,
 
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.

Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно.

Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье.

Оюу толгой ордоос Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, өмнийн говийг усжуулах, зэс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон чиглэлээр баяжин амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Гүний уурхай харилцан тохиролцсон хугацаандаа ашиглалтад орж, газрын доорх их бүтээн байгуулалттай биечлэн танилцахаар эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2022-01-26 00:18:34
    Сүржигнэхийн оронд Гэрээгээ өөрчилж ашгаа авахаа л эхэлж хийх ёстой баймаар.
  • зочин 2022-01-25 12:19:44
    Ард түмэнд юу наалдах вэ?Ард түмэн чинь нуруугаа авахуулсан морь шиг болоод,та нарт күй мөн үнэмшиж өгөхгүй л байна.