Намрын чуулган завсарласан ч ээлжит бусаар хуралдах уу?

УИХ намрын  чуулганаараа 72 хууль,  тогтоолын төсөл хэлэлцэхээр жагсаалтыг нь гаргасан. Хэдийг хэлэлцсэн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Ямартай ч цар тахлын дөрөв дэх давалгаа буюу омикрон вирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан өчигдөр хугацаанаасаа өмнө хаалтаа хийлээ. Гэвч үүнтэй зэрэгцээд чуулган ээлжит бусаар хуралдана гэх  мэдээлэл дуулдав. Энэ талаар УИХ-аас албан ёсоор мэдээлээгүй ч  ээлжит бусаар дахин хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэнэ гэх сураг чих дэлсч байна.

Намрын чуулганы отгон хуралдаанаар өчигдөр зарим улсад суух Элчин сайдыг томилсны сацуу БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг  батламжлав. Мөн тус яамны  Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Энхбатыг томиллоо. Үүнээс гадна  Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Орон сууцны хуульд өөрчлөлт оруулах тухай, нийтийн орон сууцны барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл болон хууль баталсантай холбоотой зарим тогтоолын төслийн асуудлыг хэлэлцэхээр товлосон ч  МАН-ын бүлэг уг асуудлаар   тав хоногийн завсарлага авсан юм. Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд нийт гишүүдийн 73.6 хувь буюу 39 гишүүн дэмжив. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгарсан учир уг хуулийн төслийг боловсруулсан” хэмээн  онцолсон.

Энэ үеэр гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

 -Уул уурхайн биржийг байгуулах цаг нь ирсэн. Бид дэлхийн хөгжлөөс 100 жилээр хоцорч байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Уул уурхайн бирж дээр 99 хувь нь ирээдүйн худалдааны хэлэлцээр байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд худалдааны хэлэлцээрийг өнөөдөр мөнгөжүүлээд үнэт цаасжуулаад арилжина гэсэн үг. Спот буюу өнөөдөр олборлосноо өнөөдөр зарах биш таван жилийн дараа ч юм уу олборлох бүтээгдэхүүнээ зарах юм. Энэ нь үнийг өсөлтийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаа явдал.Энэ бол том бизнес. Энэ бол олборлогч, эцсийн хэрэглэгч хоёрын дунд дангаараа явах хэлэлцээр биш. Бирж дээр хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Үнэ унаж байхад ашиг хийх зорилготой. Энэ дээр үнэт цаас арилжаалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр дан ганц үнэ өсөж байхад биш унаж байхад ч ашиг хийх бололцоог нь нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж бүрэн бүтэн бирж болно. Мөн хоёр өөр биржийн үнийг зөрүү дээр тоглох боломжийг нээж өгсөн үү. Логистикийн асуудал маш чухал. Том үүрэг хүлээдэг. Олборлосон нүүрсээ гаргаж чадахгүй бол том эрсдэл хүлээнэ, итгэлцэл байхгүй болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниуд эхний ээлжид бирж дээр арилжаа хийнэ. Гаднын орнуудын тэр дундаа БНХАУ-ын биржийн ихэнх нь төрийн өмчийнх байдаг. Бидний зорьж байгаа зах зээлийн эцсийн хэрэглэгчид нь Хятадын ган болон эрчим хүчний үйлдвэрүүдийн ихэнх нь төрийн өмчид компаниуд байгаа. Үндсэндээ төрийн зохицуулалттай зах зээлтэй нүүр тулна. Хятад, Оросын зах зээлтэй харьцуулахад манай эрдэс баялгийн зах зээл маш жижиг. Тиймээс энэ үйл ажиллагааг хөлөө олтол нь төрийн бодлогоор зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль маш чухал. Үе үеийн Засгийн газрын шийдэж чадаагүй асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ямар үнээр нүүрс, зэсээ борлуулж байсан гэдэг ойлголт, мэдээлэл байдаггүй. Дээр нь борлуулалтаа хийж чаддаггүй. 2021 онд 9.2 тэрбум ам.долларын экспортын борлуулалт хийсэн байна. Үүний 8.6 тэрбум нь эрдэс баялгийн салбарынх. Энэ дотор 70 хувь нь төрийн өмчийн компаниудын борлуулалт байна. Өөрөөр хэлбэл, манай валют олдог гол салбар уул уурхай бөгөөд үүнийг хийдэг нь төрийн компаниуд. Гэвч авлига хаана байна гэхээр төрийн өмчийн компаниуд дээр байна. Үүнийг цэгцлэх үүднээс биржийн хуулийг оруулж ирж байгаа нь зөв юм.

Бидний давуу тал уул уурхайн бүтээгдэхүүн. Гэвч бид экспортолж чадахгүй байна. Цар тахлын үед нүүрсээ ч зарж чадахгүй байгаа. Харин бирж байгаа тохиолдолд санхүүгийн үүсмэл хэрэгсэл, худалдааны хэлцлүүдийг ашиглаад өнөөдөр чадахгүй юм гэхэд таван жилийн дараа зарах нөхцөлтэйгөөр мөнгө олох боломжтой. Хоёрдугаарт, авлига хээл хахуулийн асуудлыг өөрчилье гэвэл биржийн хуулийг батлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Заавал төрийн оролцоот бирж гэж байгаа нь хувийн хэвшлүүдэд саад тотгор болж магадгүй гэж харж байна. Нэг тонн тутамд ойролцоогоор 50 ам.доллар алдаад байна гэж байна шүү дээ. Тэгвэл олон улсын биржийн арилжааны үнэд хэдий хугацааны дараа хүргэхээр зорьж байгаа вэ? Мөн биржийн зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? Тэгэхгүй бол хөдөө аж ахуйн бирж одоо дунд нь ямар ч зохицуулалтгүй болоод байна. Технологид суурилсан биржүүд хууль эрхзүйн зохицуулалт байхгүй ч гэсэн олон улсад арилжаа хийгдээд л явна. Тэгэхээр хуульд нарийн тусгаж өгвөл алсын хараа сайн байна гэж харна. Олон улсын биржийн эрхзүйн орчноос Монгол Улсад ирээдүйд гарах өөрчлөлт өөр өөр бий.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-5, 7 жилийн дараах нөөцийг худалдаж авъя гэвэл асуудалгүй. Учир нь ордуудын дунд болон урт хугацааны төлөвлөгөө гарсан байгаа учраас энэ бол нээлттэй. Олон улсад зөвшөөрөгдөх үнэ гэдэг дээр хэлсэн. Чингэлэг тээвэрлэлтийн терминал дээр хийгдсэн үнэ эхний ээлжид туршилтын журмаар хийгдсэн. Яагаад өнөөдөр Гашуунсухайт дээр терминал хийгдсэн бэ гэхээр Covid-19-өөс хамааралтай. Тиймээс хямд үнээр хийгдэж байна. Ойрын хугацаанд үнэ бол өсөөд, тогтворжоод явна.

 УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан  Ж.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр  “Хөдөө аж ахуйн бирж дээр алдсан алдаагаа дахин давтаж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр зарах боломж гарч байна. Замын-Үүд дээр яригдаад байгаа С зөвшөөрөл болон логистикийн асуудлууд яригдана. Банк, санхүүгийн байгууллага дээр шинэчлэлтүүд хийгдэнэ гээд олон өөрчлөлт энэ биржийн тусламжтайгаар орно” гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.