Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

 

 Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа,
 
   Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй бэрхшээл үүсгэсэн. Гэсэн ч төр засаг, түмэн олон маань хүчээ нэгтгэж, гарз хохирлыг багасгах чиглэлээр хамтран чармайсны үр дүн гарлаа. Монгол Улс нийт иргэдийнхээ 66.5 хувийг вакцинжуулалтын хоёр тунд, зорилтот бүлгийнхээ 47.2 хувийг нэмэлт тунд хамруулсан үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт жагсаж байна. 

Монгол Улсын эдийн засаг 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувь өсөж, жилийн дүнгээр 4.0 орчим хувийн өсөлттэй гарахаар байна.
Цар тахлын үед ч Улсын Их Хурал тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа. “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цаг алдалгүй хэлэлцэн баталж, цар тахлын эсрэг нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадсан.

Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь хүрч нэмэгдээд байсан ажилгүйдлийн түвшин гуравдугаар улирлын байдлаар 7.4 хувьд хүрч буурлаа. Ажлын байрыг дэмжих 3.0 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийн зээлийг 5591 аж ахуйн нэгж, 19.566 иргэнд олгосон байна. 

Эрдэнэт мал сүргийн маань тоо 67.3 сая болж, сүүлийн 30 жилд байгаагүй их хэмжээний талбай буюу 640.4 мянган га-д тариалалт хийж, 568.7 мянган тонн үр тариа хураан авлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах Эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн үзэл баримтлалтай Шүүхийн тухай багц хуулийг баталлаа. Энэ хуулиар зөвхөн хууль засагладаг, шударга, ёс зүйтэй шүүхийн тогтолцоо төлөвших учиртай.

Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм.

Монгол Улсын Их Хурал Парламентын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийсэн он болж өнгөрч байна. Энэхүү шинэчлэл ард түмний засаглах эрхийг хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулж, баталдаг болох, парламентын үйл ажиллагааг сонгодог зарчимд нь нийцүүлэх, иргэдийнхээ парламентын боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр амжилттай өрнөж байна.

Бид хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ, түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна. Энэхүү үйл ажиллагааг бид ард түмэнтэйгээ хамтран хийх болно. Ингэснээр сонгодог парламент болох шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлж байгаа юм.

Баялгийн хуваарилалтыг тэгш шударга болгож, үр өгөөжийг улсын хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулах Үндэсний баялгийн, боловсрол мэдлэгийн үр шимийг дэлхийн түвшинд эзэмшин хүртэх Боловсролын шинэчлэлийг бид шинэ оны эхний хагаст багтаан бүрдүүлэх болно.

    Эрхэм хүндэт иргэд ээ,

Цар тахлын эрсдэл ужиг байж мэдэхээр байна ч холдон салах цаг ирнэ. Монголчууд ямар ч бэрхшээл саадыг даван туулж, ялан дийлдэг төрөлхийн өгөгдөлтэй ард түмэн билээ. Тиймээс эдийн засагтаа Шинэ сэргэлт бий болгох, нэгэнт эхэлсэн Эрх зүйн хувьсгалаа үр дүнд хүргэх, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүний хөгжлийг тэтгэж, Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна.

Нэгэн зууны тэртээ өвөг дээдэс минь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө ард ноёд, лам хар гэлтгүй бүгдээр нэгдэн зүтгэж, ялалтад хүрснийг түүх гэрчилнэ. Одоо Монгол Улсын тусгаар тогтнолд эргэлзэх нэг ч хүн байхгүй.

Одоо бидэнд эдийн засгийн тусгаар тогтнол нэн чухал байна. Боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, бололцоотой салбар бүрт экспортын үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн түвшний техник, технологийг эзэмшсэнээр бид энэ тусгаар тогтнолд хүрч чадна.

Энэ бүхнийг зөв мэргэн төрийн бодлого, сайн хуулиар л хэрэгжүүлнэ. Их ард түмнийхээ төлөөлөл Бага ард түмэн нь болох Монгол Улсын Их Хурал үүний төлөө хичээн зүтгэж байна.

Ард түмнийхээ шууд сонголтоор сонгож байгуулдаг төр засаг, хүний эрх, чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг ардчилсан засаглал, авьяас билиг ур ухааны ундаргатай ард түмэн, цэлгэр нутгаа дүүргэсэн мал сүрэг, цэнгэг ус, ариун агаар, арвин баялаг эрдэнэс агуулсан газар нутаг бидэнд бий.
Ийм баян тансаг орны иргэд бусдаас дор амьдарч болохгүй. Үүний тулд Монгол түмний шинэ, гэрэлт ирээдүйн замыг засах түүхэн цаг нэгэнт тохиогоод байна. Энэ бол хоёр дахь зууны шинэ эрмэлзэл, шинэ тэмүүлэл байх болно.

Тиймээс Монголынхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхнийг эвийн хүчээ нэгтгэн эдийн засгийн талаар тусгаар тогтнож, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг Шинэ оны босгон дээр Монгол түмэндээ хандан уриалъя.

Монгол эх орон маань сэргэн мандлын шинэ замдаа тууштай орж, Монгол түмний минь золбоо хийморь бадарч, Монгол өрх бүрт аз жаргал бялхах болтугай.

Сайн цаг, сайхан ирээдүйд дөтлөх 2022 оноо айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн, сайхан угтаарай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Улаанбаатар хот 2021.12.31

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.