Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж эцэслэн батлуулахаар тогтов
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.30/ хуралдаан 09 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Харин төслийн анхны хэлэлцүүлгийг мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед тус Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийн уг заалт нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж буй эсэхийг нягталж, дахин санал хураалт явуулж шийдвэрлэх чиглэл өгсөн юм.

Энэ дагуу Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй уг саналаар дахин санал хураалгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн уг саналтай холбогдуулан гаргасан эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдэд танилцуулсан юм.


Дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нар зарчмын зөрүүтэй уг санал хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим болон улсын төсвийг хэлэлцэж батлахтай холбоотой Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхтэй зөрчилдөж байгаа тул төслийн 2 дугаар зүйлийг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа, шаардлагатай үед төсвийг хэрхэн зарцуулах, төсөвт тодотгол хийх эрх Засгийн газарт нээлттэй байгаа гэдгийг онцолж байв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалгах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 76.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураалгахыг дэмжсэн тул хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

Иймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.