
Монголын төр малчиндаа чиглэсэн хэд хэдэн том ажил хийсний магнайд нь “Монгол мал” хөтөлбөр багтдаг. 2010 онд УИХ-ын 23 дугаар тогтоолоор уг хөтөлбөрийг батлахдаа хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон Мал аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ нийгмийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн хугацаанд өсөлт хангалттай бий болсон, одоо харин үйлдвэрлэлд анхаарах туйлын чухал байна. Энэ оны байдлаар нийт төлийн 86.7 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг салбарын яамнаас мэдээлсэн. Гэвч энэ бол бага тоо. Учир нь авсан төлийнхээ хэмжээгээр буюу 100 хувь малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад суурь түвшингээ барьж байх ёстой юм. Эсвэл түүнээс илүү малыг эргэлтэд оруулж, суурь түвшингээ багасгах ёстой. Ингэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зах зээлийн багтаамж, боловсруулалтын түвшин гэсэн хоёр асуудалтай холбоотой.
Нэгдүгээрт, зах зээлд бүх малыг эдийн засгийн эргэлтэд оруулах багтаамж байна уу гэвэл дотооддоо бол боломжгүй учраас экспортлоно. Гэвч экспортлоё гэхээр манай импортлогч орнууд МАА-н бүтээгдэхүүнийг боловсруулсан байх шаардлага тавьдаг. Тэгэхээр хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадлыг одоо байгаагаас сайжруулж, нэмүү өртөг шингээж байж экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. Бид жилдээ эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоогоо одоо байгаа 20 хувиас 30 хувь болгож өсгөж чадвал бэлчээрийг хамгаалах, зохистой менежментийг боловсруулах бодлого хэрэгжих суурь нөхцөл бүрдэж өгөх юм. Тиймээс хөнгөн болон хүнсний үйлдвэрийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд “ногоон зээлийн бодлого” гэдгийг ашиглах хэрэгтэй.
“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон асуудлыг шийдвэрлэх суурь бүтэц хангалттай тавигдсан гэдгийг хэлэх хүн олон бий. Суурь нь тавигдсан энэ ажлыг бодлогоор дэмжин ямар нэгэн хэлбэрээр үргэлжлүүлэх нь тодорхой. Тэгвэл цаашид энэ хөтөлбөрийн үргэлжлэл болгож төлөвлөгөө гарган ажиллахдаа МАА-н салбараас ялангуяа, хөнгөн үйлдвэр эсвэл хүнсний үйлдвэрлэлийн одоогийн боловсруулалтын түвшинг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллах нь чухал. Тэр хүрээндээ ногоон зээлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм.
МАА-н салбар, МАА-н үйлдвэрлэлийг дэмжье гэвэл хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, төрөөс гаргах зээлийн дэмжлэгийг өндөр түвшинд зохион байгуулах ёстой. Хэрэв үүнийг хийж чадвал малчдын хөдөлмөр ч хөнгөвчлөгдөнө.
Хоршооны хуулийг сая баталлаа. Тэгвэл сумдад хоршоодыг жинхэнэ утгаар нь байгуулан хөгжүүлж, тэнд малчид, иргэд малын түүхий эд, бүтээгдэхүүнээ өгч борлуултанд гаргадаг, тэндээс хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийн тусгай зориулалтын машинууд ирж худалдан авалт хийх зэрэг үйл явц нь дэд бүтэц, зах зээлийн хувьд зөв гольдрол болж өгөх юм. Түүнчлэн ХАА-д үйлчилгээ үзүүлэх томоохон компаниуд байгуулагдаж, гараас гарт үйлчилж болно. Үүнийг хоршоогоор дамжуулж хийх боломжтой. Нэг хоршоо байлаа гэхэд салбар бэлтгэлийн цэгүүдтэй. Тэдгээрээр орон нутгийн малчин иргэдэд хүрч ажиллана гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар малчид, иргэд өөрсдөө машиндаа малаа ачаад хотыг зорьж худалдаа наймаа эрхэлж байна. Ийм буруу бүтцийг хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийн боловсруулалтын түвшинг сайжруулсны үндсэн дээр цэгцэлж болох юм.
Одоо гол учгийг тайлбарлах гэж оролдъё. Иргэд мал үнэтэй байна гэдэг шүүмжлэл тасардаггүй. Бид гурван сая гаруйхан хүн амтай. Гэтэл 70 орчим сая малтай мөртлөө яагаад махны үнэ өсөөд байна вэ. Тэгвэл манайхан малынхаа зөвхөн махыг л үнэлээд байгаа юм байна. Ингэхдээ үнэгүйдсэн дайвар бүтээгдэхүүнээ тэр үнэд шингээдэг болж таарах нь. Мөн малчдад хүрсэн үйлчилгээ байхгүйгээс тэд өөрсдийн үйлчилгээнийхээ хөлсийг бас шингээх нь лавтай. Тэгвэл энэ асуудлууд шийдэгдчихвэл нэг мал өөрөө өндөр үнэтэй байх ч махны үнэ өндөр байх шаардлагагүй болно.
Жишээ нь, нэг амьд малыг 200 мянган төгрөгөөр борлуулъя гэж бодъё. Энэ үнийн 30 хувийг нь арьс, дайвар бүтээгдэхүүний үнэ цэн болгон шингээсэн байж болох. Товчхондоо үнэгүйдсэн тэр бүтээгдэхүүнийг 30 хувьд нь үнэлээд үндсэндээ махаа үнэтэй зардаг байх нь. Хэрэв 30 хувийн үнэ эзэлж байгаа тэр дайврууд нь тус бүртээ үнэд хүрдэг байвал махны үнэ хямдрах боломжтой гэж харж байгаа юм. Ингэхийн тулд боловсруулалтын түвшинг л сайжруулах хэрэгтэй.
Малын арьс, толгой шийр гэх мэт бүтээгдэхүүнийг малын бойнууд саяхныг хүртэл хог шиг хаяж байсныг санаж байгаа биз ээ. Манай улсад боловсруулалтын түвшин харьцангуй бага учраас бэлтгэсэн арьс ширийг голдуу түүхийгээр нь экспортолдог. Түүхий учраас мэдээж хэт бага үнэтэй, үнэ цэн багатай байх нь аргагүй. Цаашид үнэ цэнтэй болгох арга нь ердөө боловсруулалт юм. Тиймээс энэ чиглэлээр үйлдвэрүүдийг илүү олноор нь байгуулах ёстой.
Одоо манайд байгаа хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадлын тухайдтехникийн хувьд боломж байгаа ч технологийн хувьд сайжруулах шаардлага байна. Жишээ нь, адууны ширийг боловсруулаад зогсохгүй цавуу гаргах, техникийн желатин, илүү өндөр технологи гэвэл гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авах боломж байдаг юм байна. Энэ мэт технологийн төрлүүдийг сайн судлаад эзэмшиж чадвал тэр хэрээр мал бүхлээрээ үнэ цэнтэй болно.
Эцэст нь дүгнэхэд төрөөс боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх талаар олон бодлогын баримт бичиг гаргасан байдаг ч хэрэгжилт төдийлөн харагдахгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс дээр дурьдсанчлан ногоон зээлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлбэл малын эдийн засгийн эргэлт илүү сайжирч, үүнийг дагаад “Монгол мал” хөтөлбөрийн зорилгоболсон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-г нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн зохион байгуулж, энэ салбарын өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бас нэг том гарц байж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ю.Халиун