Нийслэл 204 хороотой боллоо

НИТХ-ын ээлжит XII хуралдаан /2021/12/24/ боллоо. Энэхүү хуралдаан нь 2021 оны отгон хуралдаан болж буйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон.  Хуралдаанаар:

  • НИТХ, Тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тухай танилцуулга
  • Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай
  • Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга
  • Журамд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлав

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан. Соёлын өвийн тухай хуулийн заалт болоод Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулсан бөгөөд тооллогын дүнд нийслэлд 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн соёлын санд оруулжээ. Эдгээрээс  15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна. Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулжээ. Жагсаалтад  хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан байна. 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дурсгалыг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Анхны европ эмийн сан байршиж байсан байшин, Шар дэлгүүр, “Туул” зоогийн газрын барилга, МУИС-ийн анхны хичээлийн байр зэрэг дөрвөн барилгын өмчлөгчдөөс түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас хасуулах санал ирүүлсэн. Харин 40 мянгат орон сууцны хорооллын 41, 42, 44, 60, 62 дугаар барилга, зургадугаар хороонд байрлах 1, 2, 24 дүгээр байрны СӨХ-ноос барилгын хүчитгэл, их засвар, гадаад сэргээн засварлалтыг төрөөс хийж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дахь Монголорын хоёр давхар барилга, Төр хурахын аман дахь Айргийн амралтын хоёр давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад үлдээх зэрэг асуудлыг батлуулах саналыг оруулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Гоожингийн өндөр хэмээх барилгын асуудлаар тодруулга авсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга хэлэхдээ “Гоожингийн өндөр хэмээх түүхийн дурсгалт барилга бол БСШУ-ы сайдын тушаалаар нийслэлийн хамгаалалтад байдаг. Энэ жилийн хувьд тухайн дурсгалыг өмчлөгч нь нийслэлд буцаан худалдъя гэсэн санал тавьсны дагуу судалж байгаа” гэлээ.

НИТХ-ын хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг дэмжиж, НИТХ-ын тогтоол гарлаа.

Нийслэл хот 204 хороотой боллоо

Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөлт хийх талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцуулсан. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс  хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим хороог хуваах шаардлага тулгарсныг тодотгосон.

Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15  хороо байгуулж, 43 хороотой болж буй юм. Энэхүү шийдвэрээс үүдэн таван хорооны хилийн цэсэд өөрчлөлт оржээ. Хан-Ул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, мөн тавыг шинээр байгуулж, тус дүүрэг 24 хороотой боллоо. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой болов.

Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж буй юм.

Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ.  Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа:

-Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм. 

Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5  тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна” хэмээн танилцуулав.

2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195.992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685.972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух,  100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч  усан халаалтын 88 зуух, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661.348  агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51.157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5  тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна.

Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож,  Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж,  130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажээ. 

             НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-12-27 06:17:10
    Сайжруулсан шахмал түлшний чанар муудаад утаа тортог ихтэй хог ихтэй болоод байна. чанараас нь болоод яндангаар гарч байгаа утаа, сонин үнэр нь их байна
  •  2021-12-27 01:56:13
    цөөлмөөр байхад чинь.