Махны нөөц бэлтгэл дөнгөж 20.6 хувьтай байна

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, малын халдварт өвчний тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан холбогдох албаны дарга нарын хамт УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл хийлээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бололцоонд тулгуурлан өвөл, хаврыг өнтэй даван туулахаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 84.2 хувьтай хангасан байгаа юм байна. Энэ жил манай малчид 1.17 сая тонн өвс, 11.3 мянган тонн сүрэл, 105.8 мянган тонн ногоон тэжээл зэрэг өвлийг өнтэй дaвaхaд шаардагдах өвс тэжээлийн нөөцийг 92 хувьтайгаар бэлтгэжээ. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэл 62.4 хувьтай байгаа юм байна.

Махны нөөц бэлтгэлийн тухайд мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд арилжааны банкны эх үүсвэрээр 11.0 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ. ХАА-н салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж мах бэлтгэхээр 17 аж ахуйн нэгжтэй 15.0 мянган тонн мах нөөцлөх гэрээ байгуулснаас одоогийн байдлаар 3.1 мянган тонныг л нөөцлөөд байгаа юм байна. Энэ нь он бараг дуусч байхад махны нөөц бэлтгэл дөнгөж 20.6 хувийн биелэлттэй яваа гэсэн үг юм. Уг нь ЗГ-аас “Эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн арга хэмжээнд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм байна.

Махны нөөц бэлтгэл болон махны экспортод хамгийн ихээр нөлөөлөл үзүүлж буй асуудал бол малын халдварт өвчний тархалтын асуудал болоод байна. Шүлхий өвчин гэхэд энэ сарын 15-ны дүн мэдээгээр 16 аймгийн 79 сум, 144 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж, 6 аймгийн 8 сум, 18 голомт хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Шүлхий өвчний тархалтыг бууруулах зорилгоор голомтын болон хязгаарлалтын бүсийн 16.2 сая толгой малыг вакцинд хамруулж, 10.0 сая тун вакциныг зарцуулсан байна.

Ковидоос шалтгаалсан хилийн хорио цээрийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 20-30 xувьд хүрээд байна. Xүнсний бүтээгдэxүүний нөөцийн хангалтад ачаа тээврийн хоригууд хамгийн иxээр нөлөөлж байна. БНХАУ олимпын бэлтгэлтэй холбоотойгоор хүнсний импортод тавих хяналтаа эрс нэмэгдүүлснээс үүдэн Монголоос нийлүүлэх махны экспорт бүрэн зогссон. Xил гааль хаасан нөxцөлд xүнсний гол нэрийн бүтээгдэxүүний xангамж нөөцийг хэвийн горимд бариx бодлогыг яамнаас ихээхэн анхааран ажиллаж байна. Энэ ажилд зориулж 10 орчим компанид 154 тэрбүм төгрөгний xөнгөлөлттэй зээл олгосон гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245.0 мянган тонн, ХАА-г дэмжих сан 53.6 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 298.6 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авч, 128.8 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа бөгөөд нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтойг тус тус мэдээллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.