Монгол, Оросын хилийн ''Боршоо-Хандгайт'', ''Ханх-Монд'' хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг байгуулав.

Протоколд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн дэд сайд Токарев Владимир Александрович нар гарын үсэг зурлаа.

Энэхүү Протоколыг байгуулснаар талууд Монгол, Оросын хилийн “Боршоо-Хандгайт”, “Ханх-Монд” хоёр талын боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэв. Мөн Протоколын дагуу нийт боомтын жагсаалтаас 13 хилийн боомтыг хасах, 16 хилийн боомтыг үлдээхээр тохиролцсон. Жагсаалтаас хасах 13 хилийн боомтын хувьд түр буюу улирлын ажиллагаатай, хилийн хяналт шалгалт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн барилга, байгууламж байхгүй, дэд бүтцийн шийдэлгүй, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, сүүлийн жилүүдэд зорчих хөдөлгөөн огт хийгдээгүй нөхцөлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Алтанбулаг, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, Ханх, Цагааннуур, Ульхан боомтуудыг “Хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд багтаасан.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.