М.Нямбаяр: Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулна

Нийслэлийн байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулахад хийгдэх онцлох ажлуудын талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Нямбаяртай ярилцлаа.

-Нийслэлийн төсөв батлагдсан. Байгаль орчны газарт тусгасан төсөв, ирэх оны онцлох ажлуудаас дурдвал?

-Нийслэлийн байгаль орчны газарт үйл ажиллагааны зардал ороод 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсвийг баталсан. Үүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэмэлтээр нэг тэрбум төгрөгийг нэмж батлуулсан байгаа. Тэгэхээр нийт 4.3 тэрбум төгрөгийн төсөв тусгасан. Ирэх онд хамгийн онцлог бөгөөд анхаарал тавьж ажиллахаар төлөвлөж буй ажил бол “Тэрбум мод” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2031 он хүртэл 120 сая модыг тарьж ургуулахаар төлөвлөж ерөнхий төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна.

-Нийслэлд байгаль орчинтой холбоотой олон асуудал бий. Үүнээс тодорхой нэг ажлыг ирэх онд онцгойлон авч үзэх үү?

-Ойн нөхөн сэргээлт, ногоон зурвас байгуулах ажлууд бий. Түүнчлэн ирэх онд нийслэл хотын хэмжээнд ойн хортон шавжийн дэгдэлтийн өндөр түвшний жил болох тооцоолол гарсан учир хортон шавжний устгал, хамгааллын ажлын өргөн хэмжээнд хийхээр бэлдэж байна. Мөн нийслэлийн ногоон бүсэд түймрийн халз зурвасыг 30 га талбайд байгуулна. Түймрийн халз зурвас байгуулах ажлыг иргэд буруу ойлгож шүүмжлэлтэй ханддаг. Нийслэл хотын хэмжээнд 1960 оноос түймрийн халз зурвасыг байгуулдаг байсан ч 1990 оны дунд үеэс больсон. Урьд нь хийчихсэн байсан зурвасуудыг сэргээнэ гэсэн үг. Зурвас байгуулах хэсэгт шилжүүлэн суулгах боломжтой моддыг суулгадаг. Ой, хээрийн түймэр гарахад ойн гүн рүү техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй байдаг. Тэгэхээр ойн түймрийг зогсоох боломж нь халз зурвас. Энэ жил нийслэлийн хэмжээнд 80 идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулж ам бүрийг эзэнтэй болгосноор 2009 оноос хойш 12 жилийн дараа нийслэлийн бүсэд ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй. Тэгэхээр дараа жил ч гэсэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны улмаас газар эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийх үү. Талбайн хэмжээ тодорхой болсон уу?

-Ирэх онд хотын хэмжээнд эзгүй орхигдсон буюу орон нутгийн төсвөөр нөхөн сэргээх шаардлагатай 232 га талбай байна. Тухайлбал, Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлосоны улмаас 232 га талбай эвдэрсэн. Үүнийг өмнө жилүүдэд нийслэлийн төсвөөр нөхөн сэргээж ирсэн. Ирэх онд 40 га талбайг 500 сая төгрөгөөр нөхөн сэргээхээр төсөвт тусгаад байна.

-Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг сэргээх, тухайн орчимд зөвшөөрөлгүй газар олгосон асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

-Туул гол болон голд цутгадаг бусад голуудын урсацыг сайжруулахаар нийслэлийн төсвөөр иргэдийн хэлж заншсанаар Хонхорт нэг хөв, цөөрөм байгуулсан. Ирэх оны төсөвт хөв, цөөрөм байгуулахад мөнгө тусгагдаагүй ч Засаг даргын нөөцөөс шаардлагаатай төсөв, хөрөнгийг гаргуулж дахин Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэмэлтээр хөв байгуулахаар судалж байна. Түүнчлэн голуудын ай сав газарт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, усны хамгаалалтын бүсэд хууль бусаар олгосон газруудыг цуцлахад байнгын анхаарал хандуулж ажилладаг. Ирэх онд энэ асуудалд илүү өргөн хүрээтэй, далайцтайгаар ажиллахаар төлөвлөөд байна. Сэлбэ, Улиастай голын усны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр болон хууль бусаар буусан айлуудын судалгаа бий. Ирэх онд Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх тал дээр төр хувийн хэвшил, Усны газартай хамтарч тогтворжуулах хиймэл нуур байгуулах ажил судалгааны түвшинд явж байна. Мөн Сэлбэ, Дунд голын эрэг дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тохижилтын ажлуудыг хийгээд явж байна.

-Нийслэлд 120 сая мод тарих юм байна. Модны усалгаа, арчилгаа, хөрс бэлтгэлийн олон ажил хийх байх. Энэ талаараа та дэлгэрүүлэх үү?

-Нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулна гэдэг хариуцлагатай, том ажил. Гэхдээ ургуулах нөөц бололцоо хангалттай бий. Эхний ээлжинд нийслэл хотын нийт ногоон бүст хүний буруутай үйл ажиллагаа, түймэр, хортон шавжид идэгдсэн, зориудаар нөхөн сэргээх шаардлагатай 17 мянган га талбай бий. Энэ талбайд 2024 он хүртэл 42 сая орчим мод тарина. Үлдсэн 78 сая модыг шинээр тарих талбайг судалж ирэх онуудын газрын төлөвлөгөөнд ажиллахаар төлөвлөж байгаа.

-Улаанбаатар хот нягтаршил ихтэй учраас хөрсний асуудал хүнд байдаг. Тиймээс хөрсийг зайлшгүй бэлдэх шаардлагатай гэж ярьж байсан. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Бид олон жил утаа ярьж тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн ч энэ хооронд хөрсний асуудлыг орхисон. Хавар болохоор шар усны үер болж дэнж дээр байгаа айлуудын бохир Сэлбэ, Дунд гол руу цутгадаг. Араас нь шууд хуурайшилтын улирал эхэлнэ. Үүнээс үүдэлтэй гэдэсний нян бактериуд агаарт дэгдэж өвчлөл нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр хөрсний бохирдол, доройтлыг бууруулахад онцгой анхаарч, арга хэмжээ авч ажиллахгүй бол нийслэл хөрсний органик бохирдлоор гүн бохирдсон. Энэ нь цаашдаа нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрт нөлөөлөх хэмжээнд хүрэх аюултай. Нийслэлийн суурьшлын бүсэд хөрсний доройтол өндөр. Харин суурьшлын бус бүсэд арчилгаа хамгаалалтыг шийдчихвэл тухайн бүс нутагтаа тохирсон мод, бут ургах боломжтой гэсэн мэргэжлтнүүдийн гаргасан судалгаа бий. Мөн хөрс ярьсантай холбогдуулаад Монгол Улсад анх удаа хөрсний бохирдол доройтлыг бууруулах хэлтэс буюу анхан шатны нэгжийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байгуулахаар ажиллаж байна. Нийслэл хотод органик болон хүнд металлын хөрсний бохирдол 80 орчим хувьтай байдаг. Үүний гол үндэс нь нүхэн жорлон, цэвэрлэх байгууламж, арьс боловсруулах үйлдвэрүүд, авто засварын газрууд. Тэгэхээр 2024 он хүртэл Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсийг байгуулж хөрсний органик бохирдлын хэмжээг багасгахад анхаарч ажиллана.

-Нийслэлийн хэмжээнд жилийн хугацаанд 120 сая мод тарина гэлээ. Тарьц суулгацын нөөцийг хэрхэн бэлтгэх вэ?

-Монгол Улсын хэмжээнд тарьц, суулгацын нөөц бага байгаа. Нийслэлд 2031 он хүртэл жил бүр дунджаар 12 сая орчим мод тарьж байж төлөвлөгөө биелэнэ. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газрын дэргэд ойн ангийг сэргээн байгуулна. Түүнчлэн орчин үеийн, инноваци шингэсэн мод үржүүлгийн газрыг дүүргүүдэд байгуулж тарьц суулгац бэлдэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа.

-Энэ жил нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн гарсан уу?

-Энэ оны хавар Гандангийн дэнжийн 800 айлын нүхэн жорлонд 40 орчим төрлийн ашигтай бактерийг туршиж үзсэн. Хоёр сарын дараа туршилтын үр дүн сайн гарсан байгаа. Тухайлбал, үнэр алга болж, лаг доошоо сууж хөрсөнд нэвчсэн бохир байгалийн бордоо болж үр шимтэй хөрс болсон үр дүн гарсан. Тэгэхээр энэ ажлаа ирэх онуудад үргэлжлүүлнэ. Тухайлбал, төвийн зургаан дүүрэг, байшин хороололтой залгаа гэр хорооллуудад судалгаа хийж бохирдлын түвшнээр дөрвөн бүсэд хувааж I, II бүсэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бямбажаргал
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-12-21 01:04:28
    Ene neg dalchignasan batsaan. Hil aman guitsetgehgui. boduul bas hudlaa hulagaach ambitstei bandi biz.
  • Rr 2021-12-19 14:49:51
    Мааш зөв
  • Болдоо 2021-12-17 04:43:03
    Наадхаа тэр ШУА гээд хийх ажлгүй хэдэн амьтанд өгбөл тааран
  • зочин 2021-12-16 07:11:52
    дахиад л нэг хэлтэс байгуулах нь нөгөө төсөв хэмнэх гээд байсан яасан цэцэрлэгийн туслах ажилтан нарыг хувьчилсан газарт өгөх тухай ярьж байхаар наад хэлтэсээ