
Онцгой байдлын ерөнхий газраас амиа алдсан алба хаагчийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Манай албан хаагчдын ажлын онцлог байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах тохиолдол байдаг. Нийслэлийн хэмжээнд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан галлагааны эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ард иргэддээ хандсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд нутгийн захиргааны байгууллага, холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан. Энэ мэдээллийн аяны хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа.
Харамсалтай нь арванхоёрдугаар сарын 3-ны өдөр энэ аяны хүрээнд Улиастайн эргэдэг уузвар дээр байрлуулсан самбарын материалыг буулгах явцдаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 63-р ангийн онцгой байдлын байгууллагын албан хаагч золгүйгээр амь насаа алдсан. Энэ нь цагдаагийн байгууллагатай холбоогүй, сурталчилгааны зориулалтай самбар юм.
Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гэргий болон ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдаас тодорхой үүрэг чиглэл өгсний дагуу ОБЕГ-ын Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын газраас тухайн өдөр нь хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Мөн холбогдох зарим нэг албан тушаалтнуудад хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй.
Зарим нэг хариуцлага алдсан хүмүүст захиргааны журмаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулсан. Самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагч цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэл албанаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа.
Хуулийн дагуу талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна гэлээ.
Оллоо.мн
С.Тэлмэн