Автобус баазын удирдлагуудын ЛУЙВАР нийтийн тээврийн хөгжилд саад болж байна

Хотын түгжрэлийг бууруулахд хамгийн нэмэртэй, бас даацтай гаргалгаа бол Нийтийн тээврийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх. Хотын МЭЭРИЙН зүгээс ч үүнийг хэлж нэн түрүүнд 500 автобусаар парк шинэчлэл хийхийг чухалчилж байгаа.
 
Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээг автобус баазын удирдлагууд сөхрүүлэх гэж байгаа дүр зураг харагдсаар удаж байна. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр нийтийн  тээврийн жолооч нар нь залуус гол төлөв байдаг. “Микроны бүхэл бүтэн арми” автобус баазууд руу шилжсэн нь ч бий. Эндээс харахад нийтийн тээвэр уг нь жолоочоор дутмааргүй байгаа биз. Тэгвэл үнэндээ жолоочийн дутагдалд орчихсон нь өдгөө нууц биш.
 
Шалтгаан нь шинэ жолооч нарт хамгийн муу автобус өгч явуулдаг. Тормозгүй, утаа хаясан, халаалтгүй гээд. Гэхдээ ажил хийхийг хүссэн залуус тэр бүхнийг “Ингэж байж л сайн жолооч болно. Үүнийг л давчихвал... энэ чинь шалгуур” гэсээр 2-3 жил орчим ажиллаад овоо зүгширсэн хэрнээ нийгмийн даатгал нь төлөгдөөгүй учраас НДШ төлдөг газарт ажиллахаар гараад явчихдаг.
 
Тэгвэл автобус баазын удирдлагууд яагаад “Дээрэм ийсээр, дээрмээ зогсоохгүй улам лавшруулсаар” байна вэ. Тэд жолооч, ажилчдынхаа цалин дээрээс НДШ, Хүн амын орлогын албан татвар  /ХАОАТ/-ыг суутгаад авчихдаг хэрнээ НДЕГ, Татварын ерөнхий газарт тушаагаагүй байдаг. Үүнийг хянаж, харж байх ёстой газрууд уг нь бий. Гэтэл “Иргэд өргөдөл өгч гомдол гаргаагүй учраас” хариуцлага тооцох боломжгүй гэх хариулт өгдөг. Мэргэжлийн байгууллагуудын энэ байдал нь ажилчдаа дээрэмдэж байгаа удирдлагуудын толгойг илж, тэдэнтэй хуйвалдаж буй үйлдэл гэж харагдаж, ойлгогдож байна.
 
Автобус баазуудын удирдлагуудын энэ мэт ЛУЙВАР ДЭЭРЭМ ЗОГСООГҮЙ цагт автобусны жолооч ховор хэвээр байх болно.
 
Тиймээс хотын түгжрэлийг бууруулъя гэвэл автобус баазуудын удирдлагуудад хатуу хяналт тавьж, хатуу хариуцлага тооцох учиртай.
 
Энд бас нэг зүйлийг онцлоход баазын даргын ар гэр, ах дүү, амраг садан, найз нөхөд, оффисын ажилчдынх нь НДШ харин төлөгдчихсөн байдаг. Тэгвэл тэдний энэ дээрэнгүй ихэрхүү зан, алагчилсан луйвраас болж орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн, хамрагдчихаад байгаа олон олон залуусын хүсэл мөрөөдөл сарниж, зарим залуу гэр бүл салж сарнисан тохиолдол ч захаас аван бий.
 
Тиймээс ХОТЫН ДАРГАА, нийтийн тээврийг хөгжүүлье гэвэл автобус баазын удирдлагуудад ч бас анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Эх сурвалж: ErenNews.mn

Бусдад түгээх
  • gplus