Импорт, экспортын бүх ачааг чингэлгээр тээвэрлэх шаардлага үүслээ

Эрээн хотод өнгөрсөн аравдугаар сард COVID-19-ын халдвар бүртгэгдсэнээр хил гаалийн асуудал амаргүй байгаа. Энэ сарын 27-нд нээгдэх төлөвтэй байсан ч Монгол талаас шаардлага хангаагүйн улмаас хойшлогдож арванхоёрдугаар сарын 5-наас нээгдэнэ гэсэн мэдээлэл байна. Тэгвэл авто замын тээвэр хаагдсанаас хойш хэвийн явж байсан төмөр замын тээврийг Хятадын талаас зогсоохоор болжээ. Тодруулбал, хүний гараар ачигддаг бараа бүтээгдэхүүн болох барилгын материал, мод, хүнс, уул уурхайн нурмаг ачааг хүлээж авахгүй аж.

Энэ асуудлаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “Эрээн хотын ардын засгийн ордны ковидтой тэмцэх шуурхай штабаас Монгол Улсаар дамжин өнгөрөх тээвэр болон Монголоос ирж буй бүх төрлийн төмөр замын тээврийг чингэлэгт тээврээр хүлээн авах шийдвэр гаргасан. Үүний хүрээнд арваннэгдүгээр сарын 27-ноос модон материал, хуванцар, төмөр, барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоохоо мэдэгдээд байна. Манжуурт төмөр замын ажилчдаар дамжиж COVID-19 халдвар илэрснээр богино хугацаанд тархсан. Тухайлбал, сүүлийн 24 цагт 20 тохиолдол шинээр нэмэгдэж нийт 57 болоод байгаа. Үүнээс үүдэн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг чангатгах шийдвэрийг ӨМӨЗО-ны цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс гаргасан. Тодруулбал, хилийн боомтуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө батлах чангатгах тухай 44 дүгээр тоот албан бичиг гаргасан учир Эрээн хот ийм шийдвэр гаргасан гэдгийг мэдээлээд байна” гэв.

Харин Шадар сайд С.Амарсайхан төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Тухайлбал, тэрбээр “Хил нээх асуудлыг хойшлуулсан, бүх хөдөлгөөн тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Энэ шийдвэрийн талаар Монгол, Хятад аль ч улсын талаас гараагүй. Одоогийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн орчимд үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Хятадын талтай тохиролцож авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гарсан учир гурав хоногийн дараагаас үйл ажиллагаа хэвийн болно. Монгол, Хятад улсын хилийн дундын бүсэд ачаа бараагаа солилцоно. ЗТХЯ-наас хариуцсан ажлын хэсэг гарч тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг тээвэр, ачиж буулгах калмар, краныг жигдрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр чингэлэг тээврээр ачаа барааны тээвэрлэлт эхэлнэ. Хүний оролцоогүй, ачаа тээврийг хилийн дундын бүсэд солилцсоноор ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм” гэв.

Хятадын талаас аль хэдийн төмөр замаар тээвэрлэгддэг төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааны импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон гэсэн мэдэгдэл гаргасан талаар ГХЯ-наас мэдээлсэн. Тэгэхээр энэ шийдвэр нь хилийн боомт бүр хаагдсан гэсэн үг биш ч цаашид Монгол Хятадын импорт, экспорт зөвхөн чингэлгээр тээвэрлэх шаардлагатай боллоо. Монгол Улсын импорт, экспортын бүх бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр тээвэрлэх шаардлага ийн үүссэнээр чингэлгийн хүрэлцээ, техникийн хүчин чадлын асуудал хөндөгдөж эхлэх нь. Тэгэхээр хил гаалийн асуудлыг бүрэн шийдэж экспорт, импортын ачаа бараагаа тасалдуулахгүйн тулд хүний оролцоог багасгаж, шинэ техник технологийг хилийн бүсэд нэвтрүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Бямбажаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2021-11-30 04:26:56
    ДЭЛХИЙН СТАНДАР ЧИНГЭЛЭГ ШҮҮ ДЭЭ,,НЕФТЬ НҮҮРСЭНД ТУСГАЙ СТАНДАРТ БАЙХ,, УЛС ТӨР ГЭЖ ҮҮНИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГҮЙ ,,,БИД ДЭЛХИЙН УЛС ХОЙНО СТАНДАРТ МӨРДӨХ УЧИРТАЙ ,,,,...