ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2021.11.17) хуралдаанаар ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

  Эхлээд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын үе шат, явцын тухай танилцуулга хийв. 

Ажлын хэсэг долоон сарын хугацаанд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан юм.   Сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигч нартай хийх томилгооны сонсголыг 2021 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон.

 Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж Ц.Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 83 хувь нь, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 94.4 хувь нь, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг гишүүдийн олонх, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг санал хураалтад оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь, нэр дэвшигч Х.Хашбаатарыг санал нэгтэйгээр тус бүрд нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



 Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, С.Бямбацогт дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын үе шат, явцын тухай танилцуулга хийсэн.   

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 31 хүн материалаа ирүүлсэн ч хууль, журамд тусгагдсан шаардлагыг хангасан 29 хүнийг бүртгэж, хоёр хүнийг бүртгэхээс татгалзсан байна. Сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна.Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ. Сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигч нартай хийх томилгооны сонсголыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь нэр дэвшигч Н.Отгончимэгийг дэмжсэн бол гишүүдийн олонх нь Д.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг дэмжив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь, нэр дэвшигч Р.Онончимэгийг гишүүдийн 80 хувь нь тус тус дэмжсэн. Түүнчлэн нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг гишүүд 60 хувийн саналаар, нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийг гишүүд 86.7 хувийн саналаар тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилохтой зэрэгцэн одоо үйл ажиллагаагаа явуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох бөгөөд үүнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар С.Бямбацогт дарга хуралдаанд танилцуулсан юм. Мөн тэрбээр “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” болон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар тус тусад нь танилцуулсан юм. Төслүүдэд, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилуулахаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилуулахаар тусгасан байна.
 
   Ийнхүү Шүүхийн сахилгын хорооны болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.