
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.11.11) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээс авсан завсарлагааны хугацаа дууссаныг мэдэгдээд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гарааны нөхцөл ижил бус түвшинд байна. Хөдөө орон нутагт багшийн боловсон хүчний нөөц дутмаг, сургуулийн барилга, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байхад боловсролын байгууллагуудад олгох санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлбэл орон нутгийн төсөвт сургууль санхүүжилт авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдох талтайг харгалзан төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулж удирдах, эрлийн болон хилийн төлөөлөгчийн ажиллагаанд автомашингүй үүрэг гүйцэтгэх боломжгүйг онцлоод хилийн заставын парк шинэчлэлтэд анхаарч, санхүү хөрөнгийг шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, цаашлаад Засгийн газраас анхаарах шаардлагатайг дурдав. Мөн тэрбээр, 2019 онд хилийн заставын автомашины 30 хувийн асуудлыг шийдэж, туулах чадвар сайтай автомашинаар хангасан тул албан үүргээ гүйцэтгэх боломжтой болсон хэдий ч үлдсэн 70 хувийн автомашины гүйлтийн норм дууссан, хүнд нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Оллоо.мн