Сингапур улс халдвар хамгааллын дэглэмдээ өөрчлөлт оруулав

Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн яам, “Ковид-19”-ийн асуудлаарх Тусгай Ажлын хэсгээс 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр мэдэгдэл хийж, Сингапур Улс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зарим халдвар хамгааллын дэглэмээ хөнгөвчлөх болсон талаар мэдэгдэв. Уг зохицуулалтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Бүрэн дархлаажуулалтад хамрагдсан, нэг өрхийн 5 хүртэлх хүнийг зоогийн газруудад хамт хооллохыг зөвшөөрнө. Үүнд, зөвхөн хамт амьдардаг нэг өрхийн гэр бүлийн гишүүд хамаарах ба бусад тохиолдолд зоогийн газруудаар сууж үйлчлүүлэх хүний дээд хязгаар 2 хүртэлх хүн хэвээр байна. Түүнчлэн кофе шоп, гудамжны хоолны газрууд 2 хүртэлх бүлэг хүмүүст үйлчилнэ.

2. Хоол ундны үйлчилгээний газруудад бага дуугаар хөгжим тавихыг зөвшөөрнө. Гэвч хоол ундны үйлчилгээний газруудад амьд хөгжим тоглох болон бусад зугаа цэнгэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.

3. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Малайз (зөвхөн Куала-Лумпур хот), Финланд болон Швед Улстай “Вакцинжуулсан аяллын гарц”-ыг нэмж нээхээр боллоо. Богино хугацаагаар зорчигчдын хүсэлтийг 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүлээж авна. Малайз Улсын хувьд зөвхөн Сингапурын “Чанги” олон улсын нисэх буудал болон Малайзын “Куала-Лумпур” олон улсын нисэх буудал хооронд үйлдэгдэх нислэг уг зохицуулалтад хамаарагдах ажээ.

Бүгд Найрамдах Сингапур Улс улс орнуудын дотоод цар тахлын нөхцөл байдал, дархлаажуулалтын явц зэрэг эрсдэлийн түвшнээс хамаарч 4 ангилалд хуваан хилийн болон халдвар хамгааллын зохицуулалтыг хэрэгжүүлж буй бөгөөд 2 болон 3 дугаар ангилал болон “Вакцинжуулсан аяллын гарц”-ын зохицуулалттай улс орон, бүс нутгаас Сингапур Улсад зорчих зорчигчдын Сингапур Улсад ирэхээс 48 цагийн өмнө хийлгэх шаардлагатай шинжилгээний төрлийг нэмж, эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээ (ART)-г 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хүлээн зөвшөөрөхөөр болов. Чингэснээр, мэргэжлийн түвшинд хийгдсэн эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээний (ART) “сөрөг” хариутай зорчигчид Сингапур Улсад зорчиж, дамжин өнгөрөх боломж үүсч байна.

4. Өөрийн хүслээр дархлаажуулалтад хамрагдаагүй, “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөн нар эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцан төлнө. Өдгөө дотооддоо “Ковид-19”-ийн халдвар авсан нийт Сингапур Улсын иргэд, байнгын оршин суугчид, урт хугацааны оршин суугчдын эмчилгээний зардлыг Сингапур Улсын Засгийн газраас хариуцан төлж байгаа юм. ЭМЯ-наас мэдээлснээс эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн нарын ихэнхийг вакцинд хамрагдаагүй иргэд эзэлж байгаа бөгөөд өнөөг хүртэл өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээс үүдэн вакцинд хамрагдаагүй байж байгаад коронавируст халдвар авсан иргэдийн эмчилгээний зардлыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өвчтөн өөрөөр нь төлүүлэхээр болов. Үүнд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн дархлаажуулалтад хамрагдах боломжгүй иргэд болон 12-оос доош насны хүүхдүүд хамаарахгүй бөгөөд өвчилсөн тохиолдолд эдгээр өвчтөний эмчилгээний зардлыг Засгийн газраас хариуцна.

5. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг зарим олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах туршилтыг эхлүүлнэ. Тухайлбал, вакцины бүрэн тунд хамрагдсан 10 хүртэлх хүнийг багийн спортоор хичээллэх, үзэсгэлэн, хурал, уулзалтын олон нийтийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрнө. Чингэхдээ, эдгээр арга хэмжээний өмнө оролцогчдыг эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.

6. Сургуулиудын үйл ажиллагаа, арга хэмжээг нэмэгдүүлнэ.

7. “Гэрийн эдгэрэлт” хөтөлбөрт хамрагдах иргэдийн насны хязгаарыг бууруулж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 3 наснаас дээш насны хүүхдүүдийг хамруулахаар болов. Чингэснээр, коронавируст халдвараар өвчилсөн 3 хүртэлх насны хүүхдүүд, мөн 3 сараас 3 ой хүртэлх бага насны хүүхдүүд эмнэлгийн байгууллагаас гэрээр эмчлүүлэхэд тохиромжтой хэмээн үзсэн тохиолдолд гэрээр эмчлүүлэх боломжтой. Харин 3 сараас бага насны нярай заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.

8. Эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлаас хамаарч вакцинд хамрагдах боломжгүй иргэдийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын байдлаар ялгаварласан халдвар хамгааллын дэглэмээс чөлөөлнө. Өдгөө дэлгүүр, зоогийн газар, эмнэлэг зэрэг олон нийтийн газруудаар зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг нэвтрүүлж, үйлчилж байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд нэвтрэх боломжгүй байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн дархлаажуулалтад хамрагдах боломжгүй иргэдэд Засгийн газраас фото зурагтай, тусгай баталгааны хуудас олгож, олон нийтийн газруудаар үйлчлүүлэх боломж олгох ажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.