
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ жилийн тухайд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм.
"Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг.
Мөн энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн билээ.
Оллоо.мн